Алтангадас чигээ алджээ

 

 

АН дотроо нэлээн олон бүлэг фракцтай. Хамгийн нөлөө бүхий фракц нь Алтангадас. Харин эрх мэдлийн толгойд гарсан Алтангадасынхан сүүлийн үед нэлээдгүй барцадтай байх шиг байна. Засаг барьсан өдрөөсөө эхэлж л Алтангадасыг толгойлдог Н.Алтанхуяг олны хэл амны бай болж, ёстой эргүү мангар, мулгуугаараа дуудуулах болсон. Ядаж байхад яр гэгчээр эгчийнхээ охины “явалддаг” залууг дэргэдээ байлгаж, өндөр албан тушаалд томилж, нөгөөх нь хамтран амьдрагчийнхаа компанид 17 тэрбумын тендер өгснөөс болж Засгийн газрын тэргүүн  багагүй хэл аманд орж, суудал нь ганхаж эхэлсэн. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-д мэдээлэл хийж, гишүүдийн асуултанд хариулт өгөх үеэрээ миний туслах байсан Дэнзэн нь манай эгчийн охинтой “явалддаг” хүмүүсийн хайр сэтгэлийн асуудлыг би одоо яах билээ хэмээн маасайтал инээж, өөрийгөө онигоонд оруулж байхав дээ. Түүний сандал нэлээдгүй ганхсан, бараг л нэг хөл нь хугарч унах дөхсөн, гэвч хацар амаа хайруулан байж “Бурхан халдун”-ыг зорьсоны хүч үү, эсвэл нам нь эрх барьж байсны хүчинд үү, намын зарим нэгэн гишүүдийн сануулгатайгаар суудалдаа тогтож үлдсэн юм.

 

Үүнээс хойш мань хүн Дэнзэнгээ өөрөөсөө холдуулсан. Хэл амнаас хэсэг ч болов салж байсан юм. Харин одоо мань хүн хайхрамжгүй яриа, хэнэггүй байдлаасаа болж л олонд чичлүүлж яваа.

 

Шинэчлэлийн засгийн газрын нэгэн сайд өөрийн хүүхдээ дипломат албанд томилуулсан асуудал сөнөгдөж эхэллээ. Мөн л Алтангадас фракцийн хүн. Энэ бол Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав. Хөдөлмөрийн сайдын нэг хүүхэд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл ажил эрхэлдэггүй байсан байна. Харин сайдын охин С.Золзаяа нь 2013 оны хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд аттеша болжээ.

 

Уг нь бол Аттеша дипломат албан тушаал. Энэ албан тушаалд томилогдоход “Дипломат албан тушаал эрхлэх болзол”-ыг хангасан байх учиртай. Гэвч сайдын гадаадад сурч байсан хүүхэд нь ажлын туршлагагүй атлаа “Дипломат албан тушаал эрхлэх болзол” хангасан гэдэг эргэлзээтэй. Ямартай ч мань хүн өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж, дээрх албан тушаалд томилогдох болзол хангаагүй өөрийн хүүхдээ аттеша болгосон юм биш байгаа. Тэгэхээр одоо хууль зөрчиж, өөрийн хүүхдээ албан тушаалд томилсон “Алтангадас” фракцаас томилогдсон сайдын асуудал УИХ-д яригдах цаг нь ирж байх шиг байна. Түүнчлэн энэ фракцад харьяалагдах хүмүүсийн гаргаж буй ааш авир, зан байдалтай холбоотой зарим нэгэн мэдээлэл ч цацагдах болоод байгаа. Түүний нэгэн жишээ бол Боловсролын сайд Ургамалцэцэгийн асуудал. Уг нь түүнтэй холбоотой мэдээллийг Ньюс.мн вэб сайт анх олон нийтэд хүргэсэн. Тухайн сайтын сэтгүүлчийн зүгээс уг мэдээллийг үнэн гэдэг юм билээ. Гэвч дэд сайд Ургамалцэцэг, болон яамны зүгээс уг мэдээллийг үгүйсгэснээр энэ асуудал намжаад байгаа.

 

Эндээс харахад АН-ын доторх “Алтангадас” фракцийнхан зүгээ алдаж, албан тушаалдаа эрдэж, мөнхөд энэ байр сууриндаа байх юм шиг аашлаж буй. Харин тэдний энэ дураараа дургиж, намынхаа нэр хүндийг унагаж байгаа байдалд АН-ынхан хэзээ хариуцлага тооцох нь юм бол доо.

 

Н.Чинзориг

http://new.mn/News/Detail?news_code=12979


URL:

Сэтгэгдэл бичих