МАН-ынхан “боож үхлээ”
МАН-ынхан бачимдаж үхэх нь холгүй байна. Унасан бөх ууртай гэгчээр бүтэн жилийн турш ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тэдний нүдэн дээр Ардчилсан намынхан зам тавьж, байшин барьж, хог цэвэрлэж, хотоо хөгжүүлээд байгаа нь уурыг нь хүргэчихэж.
Уг нь тэдний бодож байгаагаар Ардчилсан намынхан зүгээр суугаад, төсвийн мөнгийг хумслаад амьдрах ёстой байжээ. Даанч Н.Алтанхуягийн танхим бонд босгоод, түүгээрээ бүтээн байгуулалт өрнүүлээд, өнгөрсөн хугацаанд өмхийртлээ муудсан болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг нь ил тод зарлаад байгаа нь МАН-ынхны барьж ирсэн үндсэн зарчимтай нь харшилдаад эхэлчихэж.
“Үүл дарга” юу ч хийхгүй үлгэр яриад сууж байсан бол МАН-ынхны таашаалыг төрүүлэх байж. Гэтэл хотын мэр гэр хорооллыг орон сууцжуулж, Улаанбаатарыг метротой болгохоор зүтгээд байгаа нь сөрөг хүчнийхэнд “муухай” харагдаад байх шиг.
Улаанбаатар түгжрэлтэй, бохирдолтой, стресстай байх нь МАН-ынханд тийм их ашигтай байсан юм уу. Тэгээд л тэд уурлаад байгаа хэрэг үү. Өнгөрсөн 20 жил хийгээгүй тэдний ажлыг нь ганцхан жилийн дотор гялалзуулаад байгаад Э.Бат-Үүлд баяр хүргэх ёстой юм биш үү
Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах бодлогоо өөрчилж, тоглоомын дүрмээ ил тодорхой болгосон нь цөөнхийнхөнд бас л таалагдсангүй. Тэдэн шиг төсвийн мөнгөөр тансаглаад, төрийн мөнгийг хууль бусаар хулгайлаад сууж байсан бол Ардчилсан намынханд амар байж уу.
Гэтэл чуулганы танхимд Н.Алтанхуяг гэдэг нөхөр түрийвчийг нь түмний нүдэн дээр дэлгээд халаасалдаг мөнгийг нь хаана бооно, хумина танана гэхээр л уураа барьж чадахгүй боож үхэх нь холгүй аашилж байгаа сөрөг хүчнийхэн яг үнэндээ өөрсдөөгийн толинд хардаг болоосой.
Тэгвэл ядаж “тэнэг” харагдаж байгаагаа олж харна шүү дээ. “Авлигажсан төсөв”-ийг танана, хумина гэсний төлөө айгаад, адгаад байгаа учир шалтгаан нь юу юм бол. Харинч сөрөг хүчнийхээ хувьд асуудлыг өөрөөр харж, “авлигажсан төсөв”-ийг хумих бодлого барьж байгаад нь алгаа таших хэрэгтэй биз дээ.
Авлигын талаар Засгийн газраас асуух зүйл байгаагаа МАН-ынхан мэдэгдэж байна Тэгж ярих дээрээ тулбал, олон жилийн турш хөөстэй, хөөсрөлтэй, хөөрөгдөлтэй төсөв баталж ирсэн шалтгааныг Н.Энхбаяраас, С.Баяраас, С.Батболдоос тодруулах ёстой. тэд байг гэхэд Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар нь энэ асуултад их амархан хариулчихаж магадгүй л юм.
Өчигдөр МАН-ын бүлгийнхэн 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн хүрээний асуудлыг хэлэлцэв. Хуралдааны үеэр бүлгийн дарга Н.Энхболд “Ерөнхий сайд 2013 оны төсвийг авилгажсан төсөв гэсэн нь ноцтой мэдэгдэл юм.
Өнөөдөр төсвийн гүйцэтгэл 80 гаруй хувьтай гэж байгаа ч хөрөнгө оруулалт 30 хувьтай байна. Энэ нь Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлаа хийж чадаагүй гэсэн үг” хэмээн хэвлэлийнхэнд гомдолжээ.
Жил жилийн төсөвт суутгагдсаар ирсэн ажлуудыг яагаад цаг тухайд нь хийгээгүй шалтгаанаа МАН-ынхан эхлээд тайлбарлах ёстой. Хэн нэгийгээ зүсээр таньчих шахуу хүн амтай Говь-Алтай аймгийн төвд 500 хүний суудалтай театраар юугаа хийхээр долоон жилийн турш төсөвт ачаалал үүрүүлсээр ирсэн хэрэг вэ.
Энэ чуулгын ажил юу болсон, хэдэн хувьтай байгааг нь хэлээд өгчих хүн байна уу. Говь-Алтай аймагт төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилгын ажил хэдэн он дамжиж байхад Ж.Энхбаяр яагаад өнөөдрийнх шиг хэл амаа билүүдэж болоогүй юм бол.
Тэгж ярих юм бол тэр барилгыг 2007 оноос эхлээд төсөвт суутгасан зардлыг нь жил болгон нэмэгдүүлсээр 30 тэрбум төгрөгийг зарцуулчихаад байгаа шүү дээ. Барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, ажлаа цагтаа хийж дуусгахгүй байгаа “Заг” компанитай Ж.Энхбаяр холбоотой эсэхээ ч олон нийтэд тайлбарлах ёстой.
Нэг жижигхэн аймагт 500 хүний суудалтай соёлын төв үү эсвэл нийслэлд 30 цэцэрлэг нэг сургууль барих ёстой юу гэдэг нь эдийн засгийн хувьд шал өөр үзүүлэлт. Цоожтой хаалганы цаана өнжиж байгаа үр хүүхдэдээ энэ мөнгийг зарцуулбал, илүү хүртээмжтэй бас ашигтай юм.
Говь-Алтайн Тайширт гэхэд л дөрвөн жилийн турш хоёр тэрбумын соёлын төвийг “нухаад л байдаг өдийг хүртэл ашиглалтад ороогүй л байна. Мянга хүрэхгүй хүнтэй суманд зориулж хоёр тэрбумын соёлын төвөөр яах ч юм билээ. Увс аймгийн Өмнөговь суманд 75 ортой цэцэрлэгийн барилгад төсвөөс бас л хоёр тэрбумыг зарцуулчихаад байгаа.
Өвөрхангайн Уянгад 640 суудалтай сургуулийг 2009 оноос эхлэн барина гээд төсөвт дөрвөн жилийн турш 10 гаруй тэрбумыг суутгажээ. Хэнтийн Биндэрт яг адилхан, 640 суудалтай сургуулийг арих ажлыг мөн л таван жилийг дамнуулан нийтдээ 10 сая төгрөгийн зардал гаргаж.
Энэ бүхнийг өмнөх Засгийн газрын сайдууд тодорхой хариулж чадах байх. 2013 оны төсвийн төсөл Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн бодлогоор боловсруулагдсан гэдгийг МАН-ынханд дахин сануулах нь зөв байх.
Энэ мэтчилэнгээр өнгөрсөн 2007 оноос хойш төсөвт суутгагдсаар, жил болгон зардал нь өссөөр ирсэн бүтээн байгуулалтын ажлын цаад зорилгыг нь МАН-ынхнаас өөрсдөөс нь асуумаар байна.
Хамгийн гол учир шалтгаан нь “авлигажсан төсөв”-төө биш, ажил хийж, бүтээн байгуулж, ард түмэнд таалагдаж байгаа Ардчилсан намынханд МАН-ынхан хорсоод байгаа бололтой. Тэгээд л тэд боож үхэх гэж байгаа юм шиг аашлаад байгаа бололтой.
Ж.Эрхэс sonin mn
URL: