Д.Авирмэд: Намынхаа эсрэг санал өгсөн МАН-ын гишүүд бий
Ө.БАТХҮҮ
Бидний яриа улс төр тойроод өрнөлөө. Монгол орныг олон жил удирдсан, түүхийнхээ явцад хэдэнтээ өөрчлөгдсөн, мөн хуучинсаг арга барилаасаа өнөөг хүртэл салаагүй гэж шүүмжлүүлдэг улс төрийн хүчин бол МАН. Тэд алдсан, алдааг нь сануулж иргэд өнгөрсөн шат, шатны сонгуулиар олуулаа өөр намд саналаа өгсөн билээ. Энэ сарын 27-нд болох тус намын Их хурал өдгөө олны анхаарлын төвд байна. Их хурлаар өрнөх үйл явц, МАН-ын өнөө болон ирээдүйд хийх шинэчлэлийн талаар Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, XXVII их хурлын төлөөлөгч Д.Авирмэдтэй ярилцлаа.
-Шат дараалсан ялагдлын дараа МАН-ын тухай хүн бүр нэг л зүйлийг ярих болж. Энэ бол шинэчлэл. Монгол Улсыг олон арван жил удирдсан, улс төрийн туршлагаараа хэнээс ч илүү байсан нам ийм байдалд хүрсний бурууг хаанаас хайвал гарцыг нь олох бол. Шинэчлэл гэж яриад байгаагаас яаж шинэчлэх вэ гэдэг тодорхой зүйл алга бололтой?
-МАН-д өрнүүлэх гээд буй шинэчлэл гэдэг ганц намд хамаатай зүйл биш юм. Энэ бол Монголын улс төрийг бүхэлд нь шинэчлэх үйл явцын эхлэл гэж ойлгож байгаа. 1992 онд Үндсэн хуулиа батлаж, олон намын тогтолцоотой болсноос хойш МАН, АН хоёр л улс төрийн бодит эрх мэдлийг хэрэгжүүлж ирсэн. Олон намын тогтолцоо хөгжсөн ч Монголын ардчилал эмзэг, тогтолцооны хувьд төлөвшөөгүй л байна. Өрсөлдөөний зарчмаар улс төрийн гуравдагч хүчний хяналт зайлшгүй шаардлагатай ч миний бодлоор энэ орон зайг лидер дагасан, гэр бүлийн шинжтэй намууд нөхөж ирлээ.
Улс төрийн намууд ард түмний итгэлийг олж авах, улс орноо удирдах, залах эрх мэдлийн төлөө шударга өрсөлдөх ёстой. Намуудын дээд удирдлагад эд хөрөнгө,эрх мэдэлтэй хүчирхэг бүлэглэлүүд өрсөлдөж, энэ өрсөлдөөн нь улс төрийн халхавчтай дүрмийн бус, хууль бус тоглолтын шинжтэй болчихлоо. Иймээс манайд улс төрийн томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болсон.
Бид 20 жилийн өмнө ярьж байсан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох тэр зорилгод хүрээгүй л байна. Эрх мэдэл, эд баялаг хуваарилах зарчим буруу явснаас бид зорилгодоо хүрсэнгүй. Баян, ядуугийн ялгаа хэт их болсон нь нийгэм бүхэлдээ хямрах үндэс болсон гэж болох юм. Миний хэлэх гэж буй гол санаа нь нэгэнт улс төрийн намаар дамжиж эрх мэдэлд хүрдэг юм бол намд шинэчлэл зайлшгүй юм.
-Тэгээд шинэчлэлийг яах хийх юм бэ?
-Шинэчлэхийн тулд намыг дотоод ардчилалтай болгох ёстой юм байна. Дотоод ардчиллыг хангадаг, нэг бүлгийн эрх мэдлийг хязгаарладаг зүйл нь дүрэм. Тэгэхээр намын дүрмийг өөрчлөх ёстой. Намд байгаа ямар ч гишүүн үйл ажиллагаандаа оролцох, ахиж дэвших нь нээлттэй байх учиртай. Өөрөөр хэлбэл нэг хэсэг бүлгийн дэмжлэгээр бус боловсрол, мэдлэг, туршлага, чадвараараа дээшээ өгсдөг систем тогтвол зөвхөн Ардын нам биш Монгол орны хөгжилд их чухал байгаа юм. Үнэнийг хэлэхэд АН, МАН ялгаагүй эрх мэдэл бүхий цөөн хэдэн хүний ноёрхолд орчихож. АН ардчилал гэдгийг байнга яриад байгаа боловч яг ардчилсан нийгмийнхээ үнэт зүйл, эрх зүйт төрийн тогтолцоог төлөвшүүлж, ардчиллын зарчмаа хадгалж ажиллаж чадахгүй байгааг та ч харж байна би ч харж байна. Ард түмэн ч мэдэрч байгаа. Нөгөө “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас дор” гэдэг нь бодит боллоо. Ер нь бол МАН-ын шинэчлэлийг ард түмэн хүлээж байна. Эрх барьж буй АН ч шинэчлэгдэж байж Монгол орон зөв хөгжинө. Сөрөг хүчин байхдаа чанга дуугарч, эрх барихаараа зөрчил дутагдлаа хаацайлж дуугуй суугаад байж болохгүй л дээ. Тэгээд ч нэгнийхээ хийсэн сайн зүйлийг нөгөө нь үгүйсгэж хөгжилдөө чөдөр тушаа болдогоо болимоор байна. Хорин жил хэрэлдлээ. Одоо хөгжил, шинэчлэл ярья.
-Намын толгой хэтэрхий данхайсан, жирийн гишүүд дэмжигчдээ сонсохоо больсон. Цөөн хүний гарт улс төрийн эрх мэдэл төвлөрсөн зэргээс дараалсан ялагдал амслаа гэх танай намын талаарх шүүмжлэлийг мэдээж сонссон л байх?
-Намын дээр эрх мэдэл бүхий цөөн хэдэн хүний төвлөрөл үүсчихлээ гэцгээдэг. Үгүйсгэхгүй байна. Тэд эгэл жирийн хэдэн мянган гишүүдээсээ тасарч, дуу хоолойг нь сонсолгүй зөвхөн хоорондоо ярилцдаг, эрх мэдлээ хуваарилдаг болчихоор бодит хөрсөн дээр амьдрал ямар байгааг мэдрэхээ болих нь жам ёсны хэрэг шүү дээ. Мэдээлэл дамжуулдаг суваг болсон ажилтнууд нь ч доороос ирж байгаа шүүмжлэлт мэдээллийг даргынхаа таашаалд зориулж засдаг байж. Нам дотор эрх мэдэл, ашиг хонжоо хайдаггүй эрүүл сэтгэлгээтэй гишүүдийнхээ дууг сонсохоос цааргалж байсны гор гарч. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг юуны түрүүнд сааруулах хэрэгтэй болсон байна.
-Энэ бүхэн жирийн гишүүд, иргэдийн дургүйг хүргэж байгааг мэдээгүй юу эсвэл мэдээгүй царайлсан уу. Аль нь бол?
-Доод хүмүүсээ сонсохоо байсан, дүлий болсон гэж жирийн гишүүд, дэмжигчид гомдоллож байгаа. Сонгууль болохоор биднийг санадаг, ялалт байгуулаад маргааш нь мартдаг. Намынхаа төлөө өдөр шөнөгүй, цалин хөлсгүй, нойр хоолгүй зүтгэдэг бидний дуу хоолой намын удирдлагуудад хүрээ больсон гэх болсон. Энэ ч үнэний хувьтай. Тэгээд чард түмэн сануулга өглөө шүү дээ. Бид ч гэсэн сонгох эрхээ эдэлж байна. Өөр намд өгөөд тар нарыг харъя л даа гэсэн. Өнгөрсөн сонгуулиар намынхаа эсрэг санал өгсөн МАН-ын гишүүд ч бий. Энэ бүхэн намын удирдлагадаа итгэхээ байсны тод жишээ. Хүмүүс эрх мэдэлтэй болсноор эд баялагтай болж байна. Иймээс хүссэн,хүсээгүй нам руу бүгд хошуурч, хандив өгөн зулгуйдаж эхэлсэн. Намд их хандив өгсөнийг л дээш нь залаад байлаа шүү дээ.
-2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө компанийн захирлууд олноороо дэд сайд болсныг санаж байна?
-Үүнийг өөрчлөхийн тулд намуудын санхүүжилтийг ил тод байлгах нь чухал. Тэгж байж хариуцлага гэдгээ мөрдүүлэх болно. Бас нэг зүйл бий. Намын нэрээр албан тушаал авч очсоныхоо дараа намын нэр, улсын ажлыг унагаасан хүнийг дахин томилдог асуудал. Эрх мэдэл бүхий бүлэглэлүүд өөрсдийнхөө хүмүүсийг л тойруулж дарга болгоод байсан. Ингэхээр ард түмэн “Шударга ёс хаана байна” гэж нэхнэ биз дээ.Шүүхээс ял шийтгэл авсан ,түмэнд нэр нүүрээ барчихсан хүнийг дахин дахин дарга болгоод байхаар хэний ч дургүй хүрнэ. Ялагдлын нэг том шалтгаан энэ байсан. Улс төрийг мөнгөний нөлөөллөөс холдуулах хэрэгтэй. Бизнесээ хамгаалах, өргөжүүлэх гэж улс төрд ордог байж болохгүй л дээ. Нам бодлого барьдаг газар болохоос хуйвалдаан хийдэг газар биш.
-Толгойдоо баялагтай биш эрх мэдэлтэй нөхдүүд олноороо дарга болсон доо?
-Бид нэг зүйлийг бий болгохоор зорих ёстой. Энэ бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээ. Хэн эрх мэдэлтэй нь хуулийн дээгүүр байснаас үүдэж иргэдийн хандлага өөрчлөгдсөн. Бас нэг хариуцлагагүй зүйл нь өнөө ч тэр эрх мэдэлтнүүд нийгмийн сэтгэл зүйгээр дураараа тоглодог. Түүнээс гарах сөрөг зүйлд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тархийг аймшигтайгаар угаадаг.Өнөөдөр л гэхэд валютын ханш тартагтаа тулаад байхад “Өө энэ чинь жам ёсны, зах зээлийн хуулиараа зохицуулагддаг юм. Төрийн оролцоо хэрэггүй” гэж байх жишээтэй. АН шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн. Зөвхөн эдийн засгийн хувьд шинэчлэл хийх гээд байвал үгүй. Эдийн засаг нь улс төртэйгөө хамт өөрчлөгдөж байж жинхэнэ шинэчлэл болно. Зөвхөн хэдэн хүний албан тушаалыг солиод шинэчлэчихлээ гэвэл үгүй. Дүрмээ шинэчлэж, боловсон хүчний бодлогоо зөв барих ёстой. Мөнгөөр ч юмуу танил талаараа өндөр албан тушаалд очдог аль ч намд даргад л ойр байвал албан тушаал хурдан хүрдэг гажуудлыг одоо л засах ёстой.
-Илүү тодорхой асуухад нөгөө нам шинэчлэх бодлого маань таны ярьсан солгой зүйлүүдийг өөрчлөх юм биш үү. Үүнийг яаж тодорхой болгон, намын Их хуралд хэлэлцүүлье гэж бодож байна?
-Улс төрийн намын тухай хуулийн дагуу дүрэмд зөвхөн намын Их хурлаар өөрчлөлт оруулдаг. Иймээс л энэ хурлаас бодлогын өөрчлөлт гараасай, эрх мэдлийн хуваарлалтыг бүлэг хүмүүсийн гараас салгаасай, бүтцээ өөрчлөөсэй гээд байгаа юм. Бүтэц данхайх тусмаа хүнд суртлын сүлжээ үүсдэг юм байна. Тиймээс намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөлж, цомхон, чадварлаг удирдлагын баг бүрдүүлж чадвал тэр эрүүл бүтэц. Бодлого тодорхойлж буй намын удирдлагууд сэтгэлгээ болоод хандлагын томоохон өөрчлөлт хийх бодит шаардлага бий болчихоод байна.Дараагийн чухал зүйл болох дотоод ардчилал гэдэг нь хэсэг бүлгийн эдийн засгийн сонирхлыг хадгалахад бус эрүүл системээ хадгалж үлдэхэд чиглэх ёстой. Албан тушаалд дэвших эрүүл системийг тогтоох, боловсон хүчний маш зөв бодлоготой байхыг тусгаххэрэгтэй. Намынхаа төлөө олон жил, бор зүрхээрээ зүтгэсэн, хэн нэг даргатай хамаатан биш, хэн ч танихгүй Дорж, Дулмаа нэртэй нэг нөхөр гарч ирээд үзэл бодол, хандлагаараа ил тод өрсөлдөөний зарчмаар албан тушаалд томилогддог байх тухай яриад байгаа юм. Хоёр дахь нь нам доторх хариуцлага. Намын ажил унагачихаад, юу ч болоогүй юм шиг бүлэглэлийнхээ дэмээр дахин өндөр албан тушаалд очдогийг болиулах хэрэгтэй. Тэр нөхрийн хариуцлага алдсанаас үүдсэн хохирлыг намын нэр хүнд унагасан гэдгээс ч өргөн хүрээнд харж хариуцлага ярьдаг баймаар байгаа юм л даа.
-Ганц МАН ч биш монголчууд нийтээрээ хариуцлага гэдгийг ойлгохоо байсан юм биш үү?
-Харамсалтай нь хүн бүр хариуцлага ярьдаг боловч бүгдээрээ хариуцлагаас зугатаж байна. Нийгмийн сэтгэл зүйгээр тоглогчид яагаад огт хариуцлага хүлээдэггүй юм.
-Ардчиллыг зөвхөн эрх л гэж ойлгож байна?
-Ардчилал гэдэг эрх, үүргийн нэгдэл. Гэтэл зөвхөн эрх гэж ойлгодог. Дураараа авирлах нь миний хэрэг гэж үздэг. Нөгөө хуулиа дээдлэх үзэл нь хаана байна. Дүрэмгүй, хуульгүй тоглолт олширлоо. Эрх мэдэл, эдийн засгийн хувьд ноёрхож байгаа цөөнх өөрсдийнхөө хүсэл зоригоор нийгмийг удирдах гэж үзэж байна. Эрх мэдэлтнүүд ил тод, хариуцлагатай, сайн засаглалтай байхыг хүсдэггүй нь харамсалтай.
-Аливаа нам дотор, бүхэл улсаараа ч тэр манайханд нэгдэж чаддаггүй дутагдал байна. Танай намд гэхэд л шинэчлэлийн залуус гээд гэр бариад хэсэг суув. Нэг талаасаа энэ нь ардчиллын зарчмын нэг хэсэг нь юм шиг боловч, нөгөө талаас эрх мэдэл, эдийн засгийн сонирхол байдаг нь худал биш. Тэр залуусын зорилго нь яг юу байсан бэ. Та тэнд байсан уу?
-Аливаа зүйлд нээлттэй ил тод байх зарчим хэн нэгний хүсэл зоригоос хамаарахгүй. Олон ургальч үзэл, олон санаанаас зөвийг нь олж авдаг. Шинэчлэл хийе гэж дуугарч байгаа нь зөв үзэгдэл. Шинэчлэлийг би дэмжиж байгаа. Тэр ч утгаараа “Шинэчлэлийн хороо”-ны бодлого шинэчлэлтийн хороонд байгаа. Мэдээж бид Их хурлыг хуралдуулах анхны зорилгодоо хүрсэн. Дүрмийн шинэчлэл хийх эхлэлийг тавьсан. Тэдгээр залуус эрх мэдэл, албан тушаалын төлөө яваагүй. Өөр бодолтой хүмүүс шинэчлэгч нэрээр шургалж, ашиг олохыг хичээсэн байхыг үгүйсгэхгүй.
-Одоо үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх нэг хөшүүрэг нь намын удирдлагын баг болох байх. МАН-ын шинэ удирдлагын багийн нэрсийг таамаглаж, сонин хэвлэлүүд ч зай талбайгаа хайрлахгүй байх шиг байна. Та нууц биш бол хэнийг дарга, генсек болоосой гэж бодож байна?
-Шинэчлэл гэдэг хэдэн хүнийг сольсноор хийгдэхгүй. Хэн ч дарга, генсек болж болно. Гэхдээ тэр хүний оюун санаанд “Бид юунаас болж алдсан бэ, алдаагаа ингэж засъя” гэх бие, сэтгэл, оюуны ухамсар байх шаардлагатай.Дарга болохоор гарч ирсэн хүн шинэчлэлийг улам бүр гүнзгийрүүлж олигархижсан биш эрүүл систем үүсгэхийг эрмэлзэх нь чухал. Мөн намын дарга алсын хараатай, удирдах чадвартай, мэдрэмж өндөртэй, эрүүлээр сэтгэдэг, хариуцлагатай хүн байх ёстой. Жирийн гишүүдийн хувьд ч тэр, ард иргэдийн хувьд ч тэр ийм хүлээлт бий болчихоод байгаа нь анзаарагдаж байна л даа.
-МАН зузаан түүхтэй учраас боловсон хүчнийхээ хувьд арай өөр байсан юм байна. АН-ынхны зарим томилгоог хараад иргэд шоолсоор байгаа нь үүний нэг илрэл байх. Гэтэл өнөө боловсорч байсан хэд маань мөнгө, эрх мэдлийн төлөө хэт гүйснээс ийм ялагдлыг хүлээж. Зөв үү ?
-Монгол төрийн дархлаа бол төрийн мэргэшсэн албан хаагч. Төрийн мэргэшсэн албан хаагчийг тодорхой мөнгө, цаг хугацаа зарж бэлтгээд ажиллуулж байтал гэнэт ямар ч мэдлэггүй хүнийг “Ардчиллын төлөө насаараа зүтгэсэн юм хөөрхий” гээд оронд нь тавьж байгаа. Нэгэнт жигдэрч байсан машиныг гэнэт өөрчлөөд эрэг боолтыг нь гацаадаг байдал арилахгүй нь. Манай нам боловсон хүчин сайтай гээд магтах нь юу юм. Гэхдээ зөв явж байсан нэг зүйл гэвэл энэ мөн. Хоёрт, жаахан ичих булчирхайтай, хуулиа дагадаг байж. Одоо бол Ерөнхий сайд нь хуулиа зөрччихөөд юу ч болоогүй мэт байдаг болж. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх зарчим алдагдаж. Ингээд л иргэд “Бид ч гэсэн хуулиа зөрчье” гэж байна. Төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь харамсалтай л хэрэг.
-МАН-ыг магтаагүй л дээ. Цаг хугацааны явцад тогтсон үнэний нэг хэсэг байх гэж бодож байна?
-Үнэт зүйлээ баримтлах гэдэг зарчим дээр үлдэж хоцорсон зүйл бий.
-МАН-д маш олон алдаа бий, алдаа гаргасан учраас засах шаардлагатай боллоо. Тэгэхээр АН-ынхнаас хэд дахин хурдтай ажиллаж байж 2016 онд арай өөр үр дүн гарч ирэх байх. Энэ хурлын шийдвэрээс олон зүйлийн зөв, буруугийн эхлэл шалтгаалах гээд байна уу?
-Тодорхой үнэт зүйлтэй, хүний нөөцтэй улс төрийн хүчин учраас нэг сонгуульд ялагдаад л устчихгүй нь үнэн. Бараг 100 жилийн түүх гэдэг том капитал болж үлдсэн гэсэн үг. Энэ капиталын үнэт зүйлийг хадгалж, дархлаажилтыг нь сайжруулж чадах шинэ бүтэц, бодлоготой ажиллах эхлэлийг Их хурлаас хүлээж байгаа хэрэг. Энэ хурлаар дан ганц МАН-ын шинэчлэлийн тухай биш Монгол Улсын шинэчлэлийн тухай ярих гэж байгаа. Баян, ядуугийн ялгаа хэтэрхий их боллоо. Би нийслэлийн гэр хорооллоос НИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Тэнд ямар амьдрал байгааг байнга нүдээрээ харж байна шүү дээ. Зарим иргэд тосыг граммаар авч өдөр хоногийг өнгөрөөдөг. Гэтэл ийм зүйл байдаг гэж төсөөлдөг ч үгүй хэсэг бас бий. МАН, АН хоёрын шинэчлэл улс орны шинэчлэл, хөгжилтэй ус агаар шиг холбоотой чухал ойлголт, чухал алхам.
-Тэгэхээр энэ их хурлаар дүрмийн оновчтой өөрчлөлт, бүтцийн зөв шинэчлэл, мөн иргэдэд таалагдах мөрийн хөтөлбөрийн эхлэлийг тавьж чадвал шинэчлэл болно гэж ойлгож болох уу?
-Улс төрийн намын эхний зорилго сонгуульд ялах. Ялсан нам мөрийн хөтөлбөрөөрөө улс орныг хөгжүүлэх л явдал. Дээрх гурвыг өөрчилж чадвал шинэчлэл болж чадна. Бүлэглэл, цөөнхийн гарт байгаа эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, задлах нь чухал. Намын удирдлагын баг нь хамаг юмаа хувааж атгачихаад хэнд ч өгөхгүй байвал бид хэчнээн том зүйл яриад яах вэ. Дүрмийн шинэчлэл гэдэг намын дотоод ардчиллыг хангах зорилготой. Нэг ёсондоо бид тоглоомын дүрмээ тодорхой болгох ёстой. Тэгээд дүрмийн бус тоглолт хийсэн дураараа авирласантай нь хариуцлага тооцох хэрэгтэй.
URL: