Р.Амаржаргалын суудал хэнийх вэ?
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал парламентаас гарах нь тодорхой болжээ. Өөрөө ч суудал бөглөж суух шаардлага алга гэдгээ чуулганы танхимд өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Хэдийгээр УИХ-ын даргад албан ёсоор хүсэлт гаргаж УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ баталгаажуулаагүй ч Ховд аймгийн намын даргадаа хандахаас өмнө ийм яриа нам дотор нь гарсныг улс төрийн хүрээнийхэн үгүйсгээгүй юм. Р.Амаржаргал гишүүн Ховд аймгаас намынхаа ҮЗХ-нд сонгогдсон учир тус аймгийн намын даргадаа хандан ҮЗХ-ны гишүүнээс татгалзах өргөдлөө бичсэн байдаг. Тэрээр зөвхөн намынхаа ҮЗХ-ны гишүүнээс татгалзаад зогсохгүй УИХ-ын гишүүнээс буух нь нэгэнт ил боллоо. Эрхэм гишүүн “Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт орж ярилцлага өгөхдөө энэ тухайгаа илүү тодотгосон байна.
Эрхэм гишүүн парламентад суух шаардлагагүй болсон тухайгаа ирэх оны төсвийн төсөл, энэ оны төсвийн тодотгол хэлэлцэх үер онцолсон байдаг. Хариуцлагагүй ажилладаг сайд нар, Засгийн газрын өмнөөс ичиж буйгаа ийн илэрхийлсэн нь улс төрийн хүрээнд онцгой сэдэв болсон юм. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газарт том сануулга болсон. Ардчилсан намд ч том асуудал болоод байна. Учир нь Р.Амаржаргал гишүүн гарчихвал Ардчилсан намын нэг суудал эзгүйрнэ. Тэрээр намынхаа хэсэг нөхөрт, тодруулбал МҮДН фракцийнхандаа ҮЗХ болоод УИХ-аас гарах тухайгаа нэлээд эрт хэлсэн байдаг. Гэвч түүнийг намын нөхөд нь ухуулж, ятгаж, гишүүнээрээ үлдэхийг гуйж түйсэн гэнэ. Тиймээс эрхэм гишүүн өнөөдрийг хүртэл азнаж байгаа бололтой. Гэхдээ л тэр өнгөрсөн долоо хоногт тэсч чадалгүй үзэл бодлоо тодорхой хэлсэн. Намын дарга, Ерөнхий сайд, намын нөхдийнхөө өмнөөс харж байгаад хэлсэн. Тэгэхээр зүгээр нэг тоглоом, шоглоомын үг биш болов уу.
Р.Амаржаргал гишүүний шийдвэр нэгэнт тодорхой болчихвол түүний оронд хэн парламентад суух вэ гэдэг асуулт гарна. Тэрээр нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн. Хэрэв Р.Амаржаргал гишүүнээсээ татгалзаад, хүсэлтийг нь УИХ хүлээж авбал Сүхбаатар дүүргээс өөр хүн парламентад орж ирэх нь тодорхой. Тус дүүрэг хоёр мандаттай бөгөөд Р.Амаржаргал, Л.Гантөмөр нар сонгогдсон юм. Хоёул Ардчилсан намын гишүүн. Хачирхалтай нь тус дүүрэгт дээрх хоёрын ард МАН-ын хоёр нэр дэвшигч тун ойрхон бөгөөд өндөр санал авсан байх юм.
Тодруулбал, Л.Гантөмөр 39.07 хувь, Р.Амаржаргал 33.42 хувийн саналаар ялжээ. Харин МАН-ын нэр дэвшигч Ч.Ганхуяг 30.81 хувь, Ц.Цогзолмаа 30.53 хувийн санал авчээ. Үйл явдал цаашид Р.Амаржаргал гишүүний шийдсэн ёсоор өрнөвөл Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болох юм. Ямар үед, хэзээ нөхөн сонгууль явуулахыг Монгол Улсын сонгуулийн тухай хуульд тодорхой заажээ. Жагсаалтаар сонгогдсон гишүүний ор гарсан бол түүний дараа эрэмбэлэгдсэн хүнийг гишүүнээр шууд сонгох хуультай юм. Жишээ нь, У.Хүрэлсүх намын нэрийн жагсаалтаар сонгогдсон учир түүний оронд дараагийн хүн буюу Д.Сарангэрэл гишүүн болсон. Харин тойргоос сонгогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж асуудлыг шийдэх хуультай. Тэгэхээр Сүхбаатар дүүрэгт нөхөн сонгууль болж, Р.Амаржаргал гишүүний суудалд суух хүнийг тодруулах бололтой.
Р.Амаржаргал гишүүнийг намын нөхөд нь хориглож, шийдвэрээ өөрчлөхийг гуйх нь зүйн хэрэг. Яагаад гэвэл, нөхөн сонгууль болж гэмээнэ Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам нэг суудлаа алдах магадлал өндөр байна. Гэхдээ эрх баригчид зүгээр суухгүй. Мэдээж тус дүүрэгт хүчтэй нэр дэвшигч буюу Р.Амаржаргалын дайтай өрсөлдөх чадвартай хүнээ дэвшүүлэх болов уу.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: