Нийслэлийн шавыг анх тавьсан газрыг түүх, соёлын цогцолбор болгоно
Нийслэлийн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагууд нийслэлийн анхны үүслийн өлгий нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 374 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын хөвөөнд Их эзэн Чингис хааны алтан ураг халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Монголын бурханы шашны тэргүүн анхдугаар Богд гэгээнд өргөмжилж, Монгол Улсын нийслэлийн үүсэл Өргөө шар бүсийн ордыг энэ нутагт байгуулсан түүхтэй.
Улаанбаатар хотын үүслийн түүхийн бодит үнэнийг өнөөгийн болон хойч үеийнхэнд өвлүүлэн таниулах зорилгоор тус газарт 1999 онд “Гэрэлт хөшөө” болгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоожээ.
Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн болон Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцлоо.
Ёслолын үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга T.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн нийт хүмүүс, нутгийн ард түмэндээ талархал илэрхийлье. Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий нутагт ирсэндээ их таатай байна.
Эдүгээ 374 жилийн өмнө энэ сайхан нутагт өнөөдрийн 1,2 сая гаруй иргэнтэй нийслэлийн маань анхны шавыг тавьж байсан тухай түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Бид түүх соёлоо хүндэтгэн, дээдэлж, Гэрэлт хөшөөнд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Харин удахгүй энэхүү түүхт газраа тохижуулж, Гэрэлт хөшөөгөө түүх соёлын цогцолбор болгоно гэдгийг нутгийн иргэддээ дуулгахад таатай байна. Ингэснээр нутгийн иргэдээс гадна дотоод, гадаадын жуулчдын зочлох гол бүс болох боломжтой” гэж хэлсэн юм.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн ард иргэд нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлээд цогцолбор байгуулах ажилд хамтран ажиллана гэлээ.
Энэ үеэр Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам, хуваргууд ном айлдаж, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгуугаар түрлэг өргөлөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: