“Стандарт” групп туул голын бургасыг түрж орон сууцны барилгууд барьсаар байна
Зайсангийн тусгай хамгаалалттай газар, Туул голын сав газарт орон сууцны барилгууд боссоор байна.
Тухайлбал “Стандарт” групп Туул голын бургасыг оруулан битүү төмөр хашаа хатгаад дотор нь түрэгч трактор, бусад техник хэрэгсэл оруулан газраа тэгшилж байгаа нь нийслэлийн байгаль орчинд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Хойд талын байрны оршин суугчдын ярьж байгаагаар өмнө нь энэ газар битүү бургас байсан ч “Стандарт” групп бургасыг нь түрж шороо овоолоод орон сууцнууд барьсан бөгөөд одоо үлдсэн эрүүл газрыг нь хашиж аваад дахин сүйтгэж эхэлсэн байна. Үнэхээр ч төмөр хашаан дотор түрэгч трактор бургасуудыг түрж, хэдийнэ барилгын ажил эхэлсэн харагдсан юм.
Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын дагуух битүү бургастай энэ газрыг тэр чигт нь “Стандарт” групп 1996 онд авсан гэнэ. Жил бүр газрын төлбөрт 100 сая төгрөг тушаасаар ирсэн төдийгүй газрын зөвшөөрөл, бүх баримт бичиг нь бий, хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй гэж тус группийн ажилтан хэлж байлаа. Нэгэнт холбогдох газрууд нь зөвшөөрөл өгсөн учраас эднийх эхний ээлжинд Ривер гарден хотхоныг байгуулж, одоо нааш нь үргэлжлүүлэн шинэ орон сууцны хорооллол барихаар ухаж байгаа аж. Хамгийн гол нь ундны цэвэр усны сав газар, Туулын усыг тэтгэж, тэжээж байдаг бургасыг нь оролцуулан барилгын компанид зөвшөөрөл олгосон энэ үйлдлээ эрх мэдэлтнүүд эргэн нэг харах хэрэгтэй болов уу.
Туулын эрэгт барьсан өндөр үнэтэй тансаг харшид заларсан иргэд маргааш гэхэд ундны усгүй болвол яах билээ. Туулын бургасыг нэг дор олноор нь ингэж хядсанаар цэвэр усны нөөцөд нөлөөлөх нь мэдээж. Тэгээд ч Улаанбаатар хот хэдэн жилийн дараа цэвэр усны хомсдолд орно гэдгийг мэдсээр байж эрэг хавийн бургасыг нь харж байгаад энэ компаниудад хядуулаад дуусах уу. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Шинэ Улаанбаатар хотын удирдлага Э.Бат-Үүл, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нарын хэнд нь ч Улаанбаатарын ундны усанд заналхийлсэн энэ үйлдлийг таслан зогсоох эрх бий. Гагцхүү нийтийн эрх ашиг, ирээдүйн иргэдийнхээ уух усны төлөө хэн ч санаа тавихгүй, харсаар байж сүйтгүүлснийхээ төлөө бид ямар хохирлыг амсах вэ гэдэг нь ирээдүйд тодорхой байна. Тиймээс эрх мэдэлтнүүд ирээдүйн төлөө өнөөдрийн энэхүү балмад үйлдлийг таслан зогсоох цаг болжээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11744
URL: http://www.fact.mn/130661.html