ӨАБНУ-Д Суух элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг ноён Жакоб Зумад энэ сарын 16-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Энэ үеэр Элчин сайд Б.Одонжил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ӨАБНУ-ын төрийн тэргүүнд уламжилсан бөгөөд Монгол, Өмнөд Африкийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж ирэх 2014 онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд тодорхой ажил, арга хэжмээнүүд хэрэгжүүлэх болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Ж.Зума Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд Элчин сайдад бүх талын дэмжлэг үзүүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Элчин сайд Б.Одонжил Итгэмжлэх жуух бичгээ барьсантайгаа холбогдуулан Преториа хотноо Өмнөд Африкийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, Эрдэс баялагийн нөөц, Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд нар, холбогдох газрын удирдлагууд, тус улсад суугаа зарим орнуудын ДТГ-ын тэргүүн, Йоханнесбург хотноо Өмнөд Африкийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагатай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Элчин сайд Өмнөд Африкт ажиллах үеэрээ тус улсад ажиллаж, амьдарч буй манай иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж тэдний амьдрал ахуйтай танилцан, санал бодлоо солилцсоноос гадна Элчин сайдын яамны зүгээс иргэддээ нотариатын үйлчилгээ үзүүлэв. Өмнөд Африкт манай 20 гаруй иргэд ажиллаж, сурч байна.
Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хооронд 1994 оны 5 дугаар сарын 25 ны өдөр дипломат харилцаа тогтоосон ба тус улс нь Африк тив дэх өндөр хөгжилтэй орнуудын нэг юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
URL: