“Алтан дорнод” ХХК-ийн захирал асан С.В.Паушок: Банк болон хөрөнгө оруулагчдад 100 тэрбумын өртэй

11746_361Олон улсын шүүхэд таван жилийн хугацаанд 8 сая ам.доллар зарцуулсан

“Алтан дорнод” ХХК-ийн захирал асан С.В.Паушоктой ETV телевизийн “Чөлөөт сэдэв” нэвтрүүлгийн сэтгүүлч н.Жимсээгийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.

С.В.Паушок нь алтны үнийн өсөлтөд 68%-иар албан татвар ногдуулсан нь Засгийн газар хоорондын «Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”-г зөрчсөн гэж үзэн Олон улсын Арбитрт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаж, 2007 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ хэрэг 2011 оны 4-р сард хянан шийдвэрлэгдсэн юм.

Татвартай холбогдох Олон улсын арбитрын шүүх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бүтэн таван жил гаруй хугацаанд үргэлжилж, шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын талд гарсан билээ.

Тэгвэл өдгөө С.В.Паушок Монголын төр засаг, бизнесийн орчин, хууль эрх зүйн талаар ямар бодолтой явдаг талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

-Сайн байна уу? Сергей Викторович, танд өглөөний мэнд хүргэе?

-Танд ч мөн өглөөний мэнд хүргэе.

-Миний яриа танд дуулдаж байна уу?

-Тийм ээ, маш сайн сонсогдож байна. Харин миний яриа танд сонсогдож байна уу?

-Тийм ээ, таны яриа тод дуулдаж байна. Орос болон Монгол Улс он удаан жилийн турш нөхөрсөг харьцаатай байсаар ирсэн. Хоёр орны хувьд нийтлэг зүйлс ч их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын харьцаа өөрчлөгдөж байгаа мэт санагдах болсон. Үүний талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Нэгдүгээрт үүнийг өмнөх Засгийн газартай холбон ярьж болох юм. Тэд сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үер оросын компаниуд болон Оросын Засгийн газрын Монгол орон руу хандуулсан бизнесийн сонирхолыг ихэд ашигласан. Мөн энэ үер олон амлалт өгсөн ч харамсалтай нь амлалтууд биелээгүй. Энэ нь хоёр орны хоорондын харьцаанд нөлөөлсөн.

Хоёрдугаарт манай хоёр улс түүхэн хөршүүд. “Бид хөршөө сонгодоггүй” гэдэг орос ардын цэцэн үг байдаг. Мөн та манай хоёр улсыг он удаан жилийн турш нөхөрсөг харьцаатай гэж зөв хэллээ. Бид нэг үндэстэй гэж хэлж болно. Хоёр орны хувд нийтлэг зүйлс олон бөгөөд бид бие биедээ үргэлж тусалсаар ирсэн. Тиймээс манай хоёр орон энэ асуудлыг хамтдаа давж чадна гэж бодож байна.

-Та “Алтан Дорнод” компанийн захирал байсан. “Алтан Дорнод”-оос өөр ямар компанийг та Монголд  удирдаж байв?

-“ВостокНефтьГаз” компани.

-“Алтан Дорнод” компани алт олборлодог байсан?-Тийм ээ, “Алтан Дорнод” компани алт олборлодог Монгол дахь хамгийн том компани байсан. Тухайн үед Монголд 139 алт олборлодог компани байснаас “Алтан Дорнод” нийт олборлолтоороо хоёрт, нийт ажилчдын тоогоор нэгт бичигддэг байсан.

-“Алтан Дорнод” компани томоохон татвар төлөгчдийн жагсаалтын гуравт жагсаж байсан. Таныг Монгол орныг орхин явахад Засгийн газар, түүний бодлогын яг юу нөлөөлсөн юм бэ?

-Тэгэхээр өмнөх Засгийн газар болон “Алтан Дорнод” компани хоорондын асуудал яг юунаас үүдэлтэйг ярихаас өмнө анх бүх зүйл яаж эхэлснийг яръя. Монголд хууль маш ойр ойрхон өөрчлөгддөг. 1999 онд “Алтан Дорнод” компанийг өөрийн үйл ажиллагааг эхэлж байхад Монголд хууль эрх зүйн маш таатай орчин бүрэлдчихсэн байсан. Оруулсан хөрөнгөөсөө ашиг гаргах баталгаа байсан. Иймээс ч 1999 онд “Алтан Дорнод” компанийг үүсгэн байгуулж, Монголд алт олборлох шийдвэр гаргасан.

-Тэр үед алт олборлолтын талаар монголчууд тийм ч их туршлагатай байгаагүй байх?

-“Алтан Дорнод” компани тухайн салбарт орж байхад нийт Монгол орон даяр тонн хагас л алт олборлож байсан. Тухайн үед бид томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсан бөгөөд 1999, 2000 онд бараг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байлаа. Тухайн үед энэ багагүй мөнгө байсан юм. Та бүгд 1999 оныг санаж байгаа байх, Монголын эдийн засаг банк санхүүгийн хөгжлийн эхэн үе, хөрөнгө оруулагч маш цөөхөн байсан. Ихэвчлэн худалдааны гүйлгээ хийгддэг байсан, харин уул уурхайн чиглэлд их хөрөнгө шаардлагатай байлаа. Сүүлд л өөр компаниуд уг салбарт орж ирсэн болохоос анх бэлэн мөнгөөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компани бол “Алтан Дорнод” юм.

2004 онд ээлжит Засгийн газар өөрчлөгдөж татварын тал дээр хатуу бодлого баримлан “тоглоомын дүрэм” өөрчлөгдөж гадны хөрөнгө оруулагчид болон компаниудад Монголын Засгийн газрын хандах хандлага, бодлого өөрчлөгдөж ирсэн. 2004 онд гэхэд эдийн засаг, уул уурхайн салбарт тодорхой хэмжээний өсөлт ахиц гарчихсан байсан хэрэг л дээ. Алт олборлох компаниудын тоо ч нэмэгдсэн байсан. Ингээд Засгийн газар дурэм журмаа өөрчлөхөөр шийдэж хуулинд өөрчлөлт оруулсан. Уг хуулийн өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлсөн. Үүний оргил үе бол мөн л ээлжит Засгийн газар өөрчлөгдөж 2007 онд 68% хувийн татвар ноогдуулах болсон явдал юм.

-Энэ тийм ч оновчтой хууль байгаагүй?

-Энэ хуулийг яагаад гаргах болсон талаар би өөрийн саналаа хэлье л дээ. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үнийн өслөлтөөс олж байсан ихэнх орлого тухайн үеийн Засгийн газрын баг бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, “Эрдэнэт” үйлдвэрт хамааралтай байсан Мөнх-Оргил, Мөнх-Болд гэх мэт бусад хүмүүсээр тарах болсон. Ингээд Ардчилсан хүчнийхэн, коммунистуудын орлогыг багасгахын тулд үнийн өсөлтийн тухай хуулийг оруулж үнийн өсөлтийн зөрүүнээс гарсан зөрүүг төсөвт оруулах болсон. Энэ нь коммунист “лобби”-ийг багасгах зорилгоор орлогыг нь багасгах зориулалттай байсан гэж болно.

Үүнийг олонд дэлгэхгүйн тулд мөн ОХУ-ын ашиг сонирхолыг шууд хөндөхгүйн тулд  Их хурлаар уг хуулийнд “алт” гэдэг үгийг нэмэхээр болж үүнээс эхлээд ямар ч судалгаа эдийн засгийн тооцоо юу ч хийлгүй нэг унц алт 500 ам.доллараас илүү үнэтэй байвал 68%-ийн  ашгийн татвар авах болсон. Ингээд энэ бүх мөнгө үндэсний санд орно, нийт ард олны хувь хишиг гэх нэрийдлээр тэд Монгол дахь алт олборлолтыг сүйрүүлсэн. Тухайн үед 2007 он гэхэд 1999 онд олборлож байсан тонн хагас алттай харьцуулбал Монгол Улс жилдээ 22-23 тонн алт олборлох болоод байсан. Энэ нь уг салбар ямар ахицтай урагшилж байсныг харуулж байгаа юм.

-Тухайн үед танай компани хичнээн ажилчинтай байсан бэ?

-“Алтан Дорнод” компанид нийт 1500 орчим ажилчинтай байсан. Эдгээрээс 700 орчим нь монгол, харин үлдсэн 800 нь гадны 68 үндэстнээс бүрдсэн ажилчид байсан.

-Одоогийн байдлаар Монголд хөрөнгө оруулагчдын тоо харьцангүй их байгаа, үүний ихэнх нь БНХАУ болон бусад орны хөрөнгө оруулагчид. ОХУ-ын хөрөнгө оруулагчдын тоо Монголд яагаад ийм бага байна вэ, тэдэнд юу саад болж байна вэ?

-Хууль маш ойр ойрхон өөрчлөгдөж байна. Мөн одоо байгаа хууль эрх зүйн орчинд ажил хэрэг эрхэлж болохоор харагдаж байгаа ч авлигал хээл хахууль, түүний газар авсан байдал их төвөг учруулж байна.

Уул уурхай эвсэл дэд бүтцэд хөрөнгө оруулъя гэхээр энэ маань үндсэн хөрөнгө оруулалтын асуудлаасаа илүүтэй хэн нэгний хувийн бизнесийн ашиг сонирхолтой тулгардаг. Энэ их төвөгтэй л дээ. Тэгээд л чи өөрийнхөө мөнгөөр ийм тийм зүйл хийе гээд царайчлаад явах хэрэг гардаг. Тухайн орчин нөхцлийг бүрдүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдэхэд маш хэцүү.

Би эргээд тухайн үеийн Орос, Монголын Засгийн газрын талаар яримаар байна. Тухайн үед Монголын тал уул уурхай, ураны олбролт, дэд бүтцийн тал дээр хамтран ажиллах, үүний тулд таатай орчин бүрдүүлж өгнө гэсэн боловч энэ нь хэрэгжээгүй ээ. Энэ мэт асуудлаас болоод итгэлцлийн асуудал үүссэн байж болох юм. Мөн Монгол Улсад авлигал, хээл хахууль маш их газар авсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад яах аргагүй сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг.

 -Та сая ураны талаар хөндлөө, манай орон ураны нөөцөөр дээгүүр орох орнуудын нэг. Би хувьдаа ураныг яагаад олборлож болохгүй гэж гэсэн бодолтой байдаг. Гэхдээ манай оронд уран, уран олборлолтыг эсэргүүцэгчид бий. Таны бодлоор Монгол Улс өөрийн ураны нөөцийг ашиглах нь зөв үү?

-Монгол Улс энэ асуудал дээр 1990-ээд он, 2000 оноос эхлэн анхаарал хандуулах ёстой байсан болов уу. Яагаад гэвэл 2000 онд ураны сонирхол маш их, оргил үедээ байсан. Дэлхийн олон газруудад атомын цахилгаан станцууд барьж байсан үе. Харин өнөөдөр ураны салбарын хэмжээг бууруулах чиг хандлага илрээд байна. Ураны үнэ огцом унаж, хэрэгцээ багасч байна. Би Оросын компаниудыг ажиглахад чиг хандлага уранаас илүүтэй газрын тос руу чиглэж байна. Хүмүүс аюулгүй, эрүүл орчинд амьдрахыг хүсэж байна, иймээс ураны үе аажимдаа холдож байна. Европ, Герман, Япон атомын цахилгаан станцуудаа цөөлж байна. Тиймээс Монгол Улс тухайн мөчийг ашиглан уранд арай эрт анхаарал хандуулах хэрэгтэй байсан биз ээ. Би Монголд ураны тал дээр ажиллаж байсан. Монголд уран олборлолтын өртөг ихтэй, иймээс энэ өртгийг өнөөгийн ураны үнэтэй харьцуулбал ашиг их багатай. Тиймээс ураны олборлолтын эсэргүүцэгчдийн тэмцэлтэй, тэмцэлгүй энэ асуудал уг салбарын байдлыг дээшилтэл энэ чигээрээ үлдэх байх. Нэг ёсондоо одоо уран тийм ч сонин биш болсон.

-Бидэнтэй өөрийн санал бодлоо хуваалцаж байгаад баярлалаа. Та Монгол орны талаарх мэдээллийг хэрхэн хаанаас авч байна вэ. Мэдээж танд Монгол Улсад найз нөхөр олон байдаг байх?

-Би өдөр бүр Монгол оронтой хамт байдаг. Би Монголд хэрэгтэй хүмүүстэй холбоотой байдаг. Тиймээс Монголд болж байгаа үйл явдлыг монголд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээс авдаг.

-Тэгвэл та хөрөнгө оруулалт тогтворжуулалтын тухай хуулийн талаар сонссон болов уу. Та энэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ?

-Энэ ямар ч хууль байлаа гэсэн ямар нэгэн хэмжээгээр гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэх нь дамжиггүй. Би ярианыхаа эхэн хэсгээс давтъя.

Би Монголд 16 жил ажил эрхлэхдээ таван Засгийн газар, дөрвөн Ерөнхийлөгч, бүх Ерөнхий сайдууд, нөхцөл байдлыг дордуулсан хуулийн бүтэн гурван өөрчлөлт гарахыг үзлээ.

Шинэ хууль ямар ч асуудлыг эергээр шийдэх гэсэн бай, үүний дараа хөрөнгө оруулагч заавал Засгийн газартай ярилцаж, дарга нартай уулзаж тохиролцохыг хичээнэ. Яг энэ үед л асуудал үүсэж авлигалын шинж чанартай зүйлс эхэлдэг. Засгийн эрхэнд байгаа хүмүүс өөрсдийн бизнестэй, тэд өөрсдийн ашиг сонирхолтой, тиймээс хөрөнгө оруулагч эрт орой энэ хүмүүсийн ашиг сонирхолтой тулдаг. Тиймээс энэ хуулийн ашиг тус бага байх болов уу гэж би бодож байна.

-Манай Засгийн газар ард түмнийхээ эрх ашгаас илүүтэй өөрсдийн эрх ашгийг бодох нь бий?

-Ард олон өөрсдийн сонгосон амьдралаар амьдарна шүү дээ. Засгийн эрхэнд гарч байгаа хүн бүр л сайн сайхан зүйл амладаг. Ийм, тийм зүйлийг ингэж тэгж хийнэ, сайжруулна гэж амладаг. Ард олон шинэ Засгийн газар бүрээс ихийг хүлээдэг ч үнэндээ өөрчлөлт байдаггүй.

“Алтан дорнод” гэж байсан, одоо байхгүй болсон, Монголын стратегийн аюулгүй байдлыг хангах, өөрийн нефтийн бүтээгдэхүүнийг гарган авч мөн хотын агаарын байдалд эергээр нөлөөлөх газ хийгээр хангах боломжийг олгох нефть химийн үйлдвэр барих сонирхолтой байсан “ВостокНефтеГаз” компанииг мөн л хаасан. Энэ бүгд мөн л хэн нэгний бизнесийн ашиг сонирхолд нийцээгүйтэй холбоотой. Хэн нэгэнд гаднаас нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх нь хамаагүй ашигтай, мөн намын төсвийн санхүүжилтэд ч хэрэгтэй учраас энэ байдал хэвээр байна.

Та бид бүгд мэднэ, өнөөдөр Улаанбаатар хот дээгүүр нисэхэд хотыг бараг л олж харж чадахгүй, учир нь хот утаанд дарагдсан байдаг. Ийм агаараар Нийслэлд байгаа бараг есөн зуун мянган хүн амьсгалж байна. Хэн ч энэ асуудлыг шийдэхгүй байна. Бид үүний шийдлийг нефть боловсруулах үйлдвэр барих замаар шийдье гэж байсан. Гэхдээ энэ нь Батбаярын доор байсан нефть бүтээгдэхүүн оруулж ирдэг гурван компанийн ашиг сонирхолтой зөрөлдсөн учир зүгээр л хэрэггүй болсон. Тэдний хувьд энэ нефть бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бариулж хэрхэвч болохгүй байсан юм.

-Эдгээр хүмүүсийг танилгүй сонгосон бидэнд ч буруу байж болох юм?

-Монголын шинэ үеийн залуус өсөж, хөгжиж байна. Гадны өндөр хөгжилтэй оронд сайн боловсрол эзэмшээд, Европ Азиар ихийг үзэж нүд тайлж ирээд ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө бүхнийг хийнэ гэж найдаж байна. Одоо байгаа энэ бүх зүйл хэзээ нэгэн цагт дуусч өөрчлөгдөх ёстой. Төрийн хүчээр өөрсдийн хувийн асуудлаа шийддэг энэ зүйл дуусгавар болно.

-Сергей Викторович танд Монголд дуусалгүй үлдээсэн ажил, өр шир бий юу?

-2007 онд бараг нэг өдрийн дотор компаниа хаалгасан миний хувьд эд материалын болоод сэтгэл санааны хувьд дундуурхан зүйлс бий. Надад хийнэ гэж байсан төслүүдээ хэрэгжүүлэх боломж гараагүй. Мэдээж Монгол оронд надад хийлгүй үлдээсэн, дуусгаагүй ажил, өглөг авлага байгаа.

-Хэрэв нууц биш бол та бидэнд өглөг авлагынхаа хэмжээг хэлнэ үү?

-Нууц гэх зүйл байхгүй ээ. Хувь хүмүүсийг тооцолгүй банк болон хөрөнгө оруулагчийг тооцвол ойролцоогоор 100 тэрбум төгрөг болно.

-Танд одоогийн Засгийн газарт болон УИХ-ын гишүүдэд тавих санал гомдол бий юу?

-Өмнөх Засгийн газрын үед байсан УИХ-ын зарим гишүүд одоогийн хуралд ч бий. Эдгээр хүмүүс ахин УИХ-д байгаа нь нийт Монголын дотоод бизнес орчинг сайжруулахгүй байна. Надад одоогийн Засгийн газарт санал, гомдол байхгүй ээ.  Ягаад гэвэл би энэ Засгийн Газар, одоогийн Ерөнхийлөгчтэй ажиллаж үзээгүй ээ. Гэхдээ Монголын бизнесийн орчинд үүсээд байгаа асуудлуудыг анзаараад байхад нөхцөл байдал дээрдэхгүй байна.

-Бизнес эрхлэгчдэд манай үе үеийн төр засаг хатуу ханддаг гэдэг. Танд ч бас тэгж харагддаг бололтой?

-УИХ бизнес орчинг сайжруулахтай холбоотой асуудал шийдэж, үйлдэл хийхгүй байна. Тухайлбал “Алтан дорнод” компани өртэй болсон нь УИХ болоод УИХ-ын гишүүдтэй холбоотой. Харин банк хэлбэрээр санхүүжилт хийчихсэн Хятад, Япон, Оросын хөрөнгө оруулагчид мөнгөө буцааж өгөөгүй. Учир нь өмнөх Засгийн газар, УИХ-ын гаргасан нийцэхэд хэцүү татварын зарим хууль одоог хүртэл хэрэгжиж татвар татаас авч байгаатай холбоотой.

Хөрөнгө оруулагчдын тоонд Монголын дотоодын банкууд ч багтаж байдаг. Яагаад зарим нэг Монголын банкууд хэцүү байдалд орох болсон бэ гэхээр тэд УИХ-аар гадуурхагдсан салбарт хөрөнгө оруулсан. Тэд оруулсан мөнгөө эргүүлэн авч чадаагүйгээс болоод маш хүнд байдалд орсон. Энэ бүгд хамгийн гол нь хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой.

-Таны хэлснээр хөрөнгө оруулагчдын гол саад бол нэн түрүүнд Улс эх орны тогтворгүй байдал, авлигал болоод хуулийн ойр ойрхон өөчлөлтүүд үү?

-Тэгэлгүй яах вэ, та зөв хэллээ. Улс эх оронд тогтвортой байдал гэж алга. Одоо энэ хуулийг хэрэгжүүлсэн тогтвортой байдлыг амлаад байгаа Засгийн газар, УИХ л байна. Өнөөдөр хөрөнгө оруулагчид одоо байгаа Засгийн газартай хэлэлцээр хийнэ, маргааш өөр төр засаг гарч ирээд өмнөх хуулийг өөрчлөхөд ахиад л шинэ засагтай очиж ахин дахин хэлэлцээр хийх болоод байна. Ингээд мөн л авлигалын асуудал үүснэ. Ахиад л хөрөнгө оруулагч хэцүү байдалд орох болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ нэг тийм дуусашгүй тойрог болчихоод байна.

-ОХУ-ын хувьд төр засаг нь тогтвортой, бизнесийн орчин нь найдвартай байж чаддаг уу?

-Манай Орос улсад ч гэсэн 2000 оноос өмнө хуулийн эцэс төгсгөлгүй өөрчлөлт хийгддэг байсан. Харин 2000 оноос хойш хууль эрх зүйн орчныг улам бүр сайжруулсаар байгаа хэрнээ гадны хөрөнгө оруулагчид ОХУ-д хөрөнгө оруулахдаа болгоомжилсоор байна. Яагаад гэвэл хууль эрх зүйн орчны хувь саад бэрхшээлүүд байсаар байгаа хэрэг.

Миний Монголд байсан 16 жилийн турш хуулинд хийгдсэн өөрлөлт маш их байсан нь ямар ч хөрөнгө оруулагчдад саад учруулсан. Дараа дараагийн Засгийн газар өмнөх Засгийн газрын гаргасан хуулийг өөрчилж байсан. Энэ нь юу юуны түрүүнд гадны хөрөнгө оруулагчид халгаатай байсан. Монголын Засгийн газар ямар нэгэн байдлаар мөнгө орлоготой холбоотой хуулиудыг л өөрчлөөд байдаг.

-Ийм байдалтай тулгарсан хөрөнгө оруулагч эргээд Монголд ирэх болов уу?

-Үгүй, ирэхгүй л дээ. Миний хэлсэн зүйл бол зөвхөн миний өөрийн бодол. Тухайлбал би Монгол Улсад гомдоогүй, мэдээж зарим нэг хүмүүсийг эс тооцвол шүү дээ. Надад муу зүйл хийсэн юм байхгүй. Би Монголд байх хугацаандаа амжилттай сайн ажиллаж байсан. Тэгээд ч бизнесменийн хувьд ийм зүйлсийг нийлээдгүй үзсэн.

Хамгийн гол нь Монголын Засгийн газар одоо байгаа хуулиа ойрын арван жилд өөрчлөхгүй байлгах баталгааг л гаргах хэрэгтэй.

Хөрөнгө оруулагч Засгийн газартай тогтвортой байдлын талаар хэлэлцэж гарын үсэг зурсан ч энэ нь хөрөнгө оруулагчдад хангалттай баталгаа болж өгөхгүй.

-Яагаад?

- Учир нь Монголын шүүх үүнийг цуцалчихаж болно. Би Монголын бүх шүүхээр явсан, тэгээд эцэс сүүлдээ Олон улсын шүүхэд хандсан. Энэ бүгдэд нийт таван жилийн хугацаа мөн ойролцоогоор 8 сая ам.доллар зарцуулагдсан. Өөр ямар ч компани ингэж их хүч хөрөнгө зарцуулж чадахгүй байсан байх. Бид монголын өөрсдийн дотоодын хөрөнгө оруулагчдыг ч мартаж болохгүй. Энэ хүмүүс Эх орондоо бус харин харь өөр оронд мөнгө санхүүжилт оруулж Монголоос мөнгөө гаргаж байгаа нь бас нэг аюул юм шүү дээ.

-Бид өөрөө өөрсдөөсөө айж байгаа хэрэг шүү дээ?

Та яг зөв хэллээ. Бид та нараас имээж байгаатай адил мөн та нар ч өөрсдөөсөө айж байна. Эх орондоо тодорхой хэмжээний мөнгө олж цуглуулаад болж л өгвөл гадагш нь гаргахыг зорьж байна. Яагаад гэвэл нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөж олсон мөнгөнөөсөө салах вий гэж айж байгаа хэрэг шүү дээ.

-Таны Монголд ажиллаж амьдарч байх үеэс хойш уул уурхай, ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлтүүд орсон. Тэгвэл та одоогийн уул уурхай, ашигт малтмалын тухай хуулийн талаар ямар бодолтой байна вэ?

-Өмнө нь 1999 онд сайн хуультай байсан. Гэхдээ тухайн хуулийг сайжруулна гээд хэд хэдэн алдаа гаргасан. Эдийн засгийн ноцтой алдаа гаргасан. Оновчтой хуулинд өөрчлөлт оруулахдаа алдаж бүхэл бүтэн салбарыг нураасан. Дараа нь үүнийгээ олж хараад мөн л өөрчлөлт оруулсан. Яг энэ бүгд л хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж байгаа юм. Тэд хөрөнгө оруулалтынхаа ашиг тусыг авч чадахгүй байна.

 

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=11746

 


URL:

Сэтгэгдэл бичих