Бэлгийн цөөнх анхаарал татсаар…

Бэлгийн цөөнх анхаарал татсаар...

Саяхан нэг эмэгтэй манай редакци руу утас цохиж “Арван жилийн сургуулиудад бэлгийн цөөнх буюу ЛГБТ багш нар олширчээ. …-дүгээр сургуульд…” гэж нэр цохож байгаад мэдээлэл өгдөг юм байна.

Тэр эмэгтэй өөрийнхөө хүүхдийг багш нартаа уруу татагдах вий хэмээн маш их болгоомжилж байгаагаа хэлээд энэ мэдээллийг бусдад дамжуулж өгөхийг хүссэн. Гэхдээ үнэн хэрэгтээ өнөөгийн нийгэмд “ЛГБТ хүмүүс сургуульд багшилж байна” гэдэг нь бус тэрхүү эмэгтэй энэ байдлаас айн цочирдож байгаа нь өөрөө гаж үзэгдэл гэж үнэлэгдэхээр болчихоод байгаа гэдгийг зориглон хэлье.

“Олны жишгээ л дагана даа” гэж нэг муухай үг бий. Монголчууд бид дундаасаа олон гэгээнтэн мэргэдийг төрүүлсэн оюунлаг ард түмэн. Харамсалтай нь дээрх муухай үг монголчуудын баримталдаг гол үзэл болчихжээ. Тийм ч учраас бэлгийн цөөнхийн талаархи ойлголтод энэ үзлээрээ хандаж, өөрсөддөө айдас хүйдэс бий болгож байна. Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл төр засгийн төвшинд байсаар байгаа нь үүнд хамгийн их нөлөөлж байгаа юм.

Үзэл суртлын хүлээсэнд оршиж байсан коммунист нийгмийн үед иргэд дагаж мөрдөх “жанжин шугам”-аа болгож асан “Нараа дагавал даарахгүй, намаа /төр засгаа/ дагавал алзахгүй”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө”, “Олныхоо жишгийг дагана” хэмээх үгс одоо ч үүргээ гүйцэтгэн нийгмийн тодорхой хэсгийг золиосонд гаргасаар байгаа нь харамсалтай.  Бэлгийн цөөнх болох нь хүний хүсэл сонирхлоос шалтгаалдаггүй гэдгийг шинжлэх ухаан нотолсон ч төр засаг, хууль санаачлагчид бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалсан хуулиас тойрч зугтсаар, мугуйдлан зүтгэсээр байна.

Монгол Улсад ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт байхгүй. 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулиндаа “Арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол” гэх зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хэрнээ ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй. БНМАУ-ын үед бэлгийн цөөнхийг нийгэмд ёс суртахуунгүй гэмт хэрэгтнүүд хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулдаг байсан бөгөөд ЗХУ буюу хуучнаар Орос болон хуучин ТУХН-ийн социалист орнуудад ардчилал, өөрчлөн байгуулалттай хамт ижил заалтуудаа хасахад Монгол Улс “олны жишгээ дагаж” хассан. Бразил Улс бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрөх талаар НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комисст өргөх бичиг гаргасан ч өнөөг болтол хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа. Гэхдээ 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр ДЭМБ-ын Сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор  хассан. Манайх энэ жишгийг дагасан ч ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэл нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.

Энэ мэт шалтгааны улмаас монгол ЛГБТ хүмүүс өөрсдийг нь хүлээн зөвшөөрч ижил тэгш ханддаг гадны улс орнууд руу гарах сонирхолтой байдаг нь нууц биш. ЛГБТ хүмүүс нь бэлгийн цөөнх гэж ярьж бичдэг ч үнэхээр цөөнх мөн үү гэдэг бас эргэлзээтэй. Хүн амын 2-13 хувь нь, 50 хүн тутмын 1-8 нь гомосекс байх магадлалтай гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд, хоёр хувь гэж бодвол 60000 орчим, 13 хувь нь гэж бодвол 300000 орчим байх магадлалтай. Гэхдээ тэдний ихэнх нь гадаад руу гарсан гэж “өөрсдөө” барим, тавим хэлж байна.

Гадаад орнуудад амжилттай ажиллаж байгаа залуучуудыг Монголдоо буцааж авчрах, эх орондоо ажиллаж амьдрах бололцоог нь бүрдүүлэх зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөрийг Засгийн газраас баталсан билээ. Хэрвээ Үндсэн хуулийн 14.2. /Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно/-т “бэлгийн чиг баримжаагаар” гэсэн нэмэлт оруулаад өгчихвөл энэхүү хөтөлбөрийн биелэлтэд маш эерэгээр нөлөөлнө.

ЛГБТ хүмүүсийг “бэлгийн цөөнх” гэж нэрлэдгийн учир нь ихэнх нь нуугдмал байдагт оршдог гэж үздэг юм билээ. Хэрвээ хууль эрхзүйн орчин нь батлагдаж нуугдмал хэсэг ил гарч ирэх юм бол редакц руу утас цохисон ээж шиг нууц айдас тээх шаардлагагүй болно. Нийгмийн сэтгэл зүй тодорхой хэмжээнд бэлтгэгдчихсэн.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих