“АПУ” архиар хордуулаад зогсохгүй ховор амьтдыг ч хороогоод дуусах нь
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Минжийн хангайд хэсэг баячуудын унаж явсан МИ-8 нисдэг тэрэг унасан. Азаар хүний амь эрсдээгүй тухай болон чухам ямар шалтгаанаар унасан талаар албаны хүмүүс мэдээлэл хийсэн ч чухам хэн гэдэг этгээдүүд тансаглаж явсныг дурдсангүй нь ард олны сонирхлыг өөрийн эрхгүй татсан юм. Нисэх багийнхантай нийлээд 10 хүн явсан болон тэднийг очиж аварсан хэрнээ ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь цаанаа томоохон учир шалтгаантай хэрэг. Мэдээжийн хэрэг энд албаны томоохон хүмүүс болон бизнесийн бүлэглэл явснаас зайлахгүй гэсэн таамаг тэнүүчилж байсан нь талаар болсонгүй. Тус анчдын багт УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эрхэлдэг “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Үүд трейд” компанийн захирал н.Бат-Орших, “DF” компанийн захирал Б.Баяр, “Oversee” компанийн захирал н.Алтан-Очир, “Харш” констракшний захирал н.Батболд нар байсныг эх сурвалж хэллээ. Баргийн аавын хүү хөлөглөөд байдаггүй нисдэг тэргээр Минжийн хангайг зорьсон нь олон учир шалтгаантай байх. Юутай ч зарим эх сурвалжийн мэдээлж байгаа шиг загас агнахаар яваагүй нь мэдээж.
Тэгэхээр машинаар бүү хэл мориор гатлахад бэрх баян хангайг хориотой ан хийхээр зорьсон нь илт. Минжийн хангай баян уул, сүрлэг их хөвчид бидний харж үзээгүй ан амьтан бий. Тухайлбал, баавгай, хандгай, зэрлэг гахай гээд тоочивч баршгүй. Тэгэхээр эрхэм баячууд энэ мэт хориотой ан хийхээр явсан нь дамжиггүй. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг дээ. Тиймээс ч Шадар сайдаасаа эхлээд бусад албаны хүмүүс загас агнахаар явсан. Чухам ямар хүмүүс явсан нь одоогоор тодорхойгүй байна хэмээн нууцалж байгаа. Нөгөө талаар онгоц газардах үед салхины хүч их байснаас унасан гэсэн дүгнэлтийг ч өгч байгаа. Загас агнахаар явсныг нь мэдэж байж хэн явсныг мэдэхгүй хэмээн “гүрийж” байгааг юу гэж ойлгох вэ. Албаны хүмүүс хэдийгээр ийн тайлбар өгч байгаа ч орон нутгийнхан тухайн үед ямар ч салхигүй байсан тухай мэдээлэл өгсөн. Тэгэхээр онгоц осолдсон нь өөр учир шалтгаантай ч байж болох юм. Яагаад гэхээр манай эрхмүүд онгоцоор үнэг агнах гэж туугаад осолддог түүхтэй хүмүүс шүү дээ. Дашрамд дурдахад “АПУ” компанийн эрхмүүд хэдийнээс хориотой ан хийдгийг уншигч олон сайн мэднэ.
Тухайлбал, 2008 оны үед “АПУ”-гийн Л.Батжав ан хийж яваад осолджээ” гэсэн мэдээлэл цацагдаж байв. Мөн онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Батжав нарын нөхөд баавгай агнаад бахархалтайгаар зогсч байгаа зураг цацагдаж байсан гэхээр тэд хэзээний хориотой ан хийдэг нөхдүүд гэдэг нь тодорхой. Ингэхэд, “АПУ” гэж муу муухайгийн үүр уурхай болсон газар байна. Монголчуудыг архиараа хордуулна. “АПУ”-гаас болж олон гэр бүл үймэж, олон аавын хүүхэд “аавын” хаалга татсан. Олон ч хүнийг цус нулимстай нь хутгасан ийм л газар. Тэд зөвхөн ингээд зогсохгүй ховордсон хориотой ан хийсээр байна. Ховордсон ч юу байхав, өөрсдөө л тоог нь цөөлсөөр байна. Бидний мэдэж байгаа нь зөвхөн дээрх хэдэн үйлдэл болохоос биш, хэчнээн ч ховор ангаар зугаа цэнгэлээ хийснийг хэрхэн хэн мэдэх билээ. Тэгэхээр “Баян хүн гурван төрд нүүртэй” хэмээн тэднийг хаацайлалгүй хариуцлага тооцох ёстой юм биш үү. УИХ-ын гишүүний суудлыг луйвардаад авчихдаг Г.Батхүүд энэ нь хэдийгээр инээдтэй сонсогдож байгаа ч хариуцлага тооцох учиртай. Мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл гэж байгааг ч албаны хүмүүс ухаарах цаг нь болсон мэт. Ер нь манай эрх баригчид архи зарж бусдыг хордуулсан мөнгөний хөлд алийн болгон сөхрөх билээ дээ.
Б.Өлзийт
URL: