”Улаанбаатар дулаан сүлжээ” ХК болон орон сууцны конторууд иргэдийг залилсаар байна

 Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Олон нийтийн хяналтын төв хамтран эрчим хүчний салбарын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын булхай луйварын талаар өнгөрсөн баасан гаригт хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК хэрэглэгчдээс 386 төрлийн үйлчилгээний төлбөр авдаг байна. Гэвч энэ байдал нь хэр үндэслэлтэй болохыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн компанийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг өнгөсөн оны нэгдүгээр сард томилж, шалгалт хийсний үндсэн дээр 58 үйлчилгээнээс төлбөр авах үндэслэлтэй болохыг тогтоосон байна. Тухайлбал, төлбөр төлсөн баримтын болон лавлагааны үнэ, цахилгаан хангамжийг сэргээх болон түдгэлзүүлэх, гэрээ шилжүүлэх, тоолуурын заалт харах зэргээс төлбөр авч байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн байна. Гэтэл энэхүү байдал нь хүчингүй бололгүй өнөөдрийг хүртэл 386 төрлийн үйлчилгээнээс төлбөр авсан хэвээр байгаа аж. Энэ маягаар шаардлаггүй төлбөрт үйлчилгээ бий болгож хэрэглэгчдээс жилд 1.2 тэрбум төгрөгийг луйвардаж авдаг бололтой. Түүнчлэн “ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК нь 2012 оны төсвийн хөрөнгө болох нэг тэрбум төгрөгөөр гадаадад аялж, баяр тэмдэглэсэн нь баримтаар тогтоогдсон байна. Энэ мэтчилэн сөрөг зүйл удаа дараа гарсаар байна. Хэрэглэгчдийг дулаан, эрчим хүч, цэвэр бохир усаар найдвартай хангах үүрэгтэй орон сууцны конторуудтай холбоотой гомдол тасрахгүй гарсаар байгаа. Зарим контор хэрэглэгчдээс төлбөр авсан хэрнээ хангагч байгууллагуудад төлөхгүй, дундаас нь хөрөнгө зувчуулсан зөрчил удаа дараа илэрч байсан. Тэгвэл энэ удаад дулаан болон ус халаасныхаа төлбөр авахдаа талбайн болон хэрэглээний хэмжээг ямар ч үндэслэлгүйгээр нэмэн тооцож илүү мөнгө авдаг байсан нь илэрсэн байна. Жишээлбэл, “ 50 мянгат”- ын нэгдсэн контор болох “Энхтулга өргөө” ОНӨААТҮГ нь 229, 234 м3 талбайг 268 болгон өөрчлөн бичилт хийж төлбөр авдаг байсан нь баримтаар тогтоогдоод байгаа аж. Түүнчлэн “Дэнж найрамдал өргөө” ОНӨААТҮГ нь 114.612 төгрөгийн төлбөр гарсан байхад 617.466 гэж бичин хэрэглэгчийн хайхрамжгүй байдлыг далимдуулан илүү мөнгө завшдаг арга нь газар авчээ. Түүнчлэн цэцэрлэг, сургууль, төсвийн байгууллагуудын дулааны төлбөрийг илүү цагаар тооцож, зуны амралтын үед ажилласнаар тооцож төлбөр авдаг байжээ. Үүнээс харахад цөөн хэдэн контор санамсаргүй байдлаар хэрэглэгчдээс илүү төлбөр авсан тохиолдол нэг удаагийнх бус уг байдал тус салбарын энэ байдал арав хорин жил иргэдийг хуурч их хэмжээний мөнгө авсаар байсан гэдэг нь шалгалтаар илэрсэн байна.

URL:

Сэтгэгдэл бичих