Оюутолгой бүсэд түүхийн 400 гаруй өв бий
-Уул уурхайн хөгжил нутгийн иргэдийн ёс заншил, уламжлалд сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг хэлдэг. Биет бус өвийг хамгаалах судалгааг Оюутолгой төслийн хэмжээнд хийж байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
- Оюу Толгой нь соёлын өвийг хадгалан хамгаалахыг дэмжих Ханбогдын эргэн тойрны биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах зорилгоор дэлхийн жишигт нийцэх Соёлын өвийн хөтөлбөр эхлүүлсэн. Бид 2012 оноос хойш Оюутолгой орчимд судалгаа хийж байгаа. Энэ хөтөлбөр нь дотроо биет болон биет бус соёлын өв. Манай хүрээлэн биет бус соёлын өвийг хамгаалахад оролцож байгаа.Одоогийн байдлаар нийт 13 удаагийн судалгаа хийсэн. Гол судалгаа бол нутгийн иргэдийн өв соёл, зан заншил, өнгөрсөн түүхээ хэр мэдэж байна. Нийгмийн өөрчлөлтөд яаж дасан зохицож байна гэдэг дээр судалгаагаа хандуулж хийж байгаа. Энэ нутгийн байгалийн болон хүний гараар бүтсэн соёлын дурсгалт газруудын жагсаалт гаргаж хамгаалах, үүнд зарим дээр үеийн дуунуудыг 100 ахмадын дуулснаар бичиж хадгалах, говь шанхын уртын дуу түгээхийн тулд жил бүр уралдаан тэмцээн зохион байгуулж байна
-Оюу Толгой гэлтгүй уул уурхайн үйлдвэрлэл хүч түрэн орж ирснээр малчид төв суурин бараадах болсноос говь нутгийн уламжлалт соёл, ёс заншил, зан үйл алдагдаж үгүй болж байх шиг?
- Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн биет бус соёл, тэр дундаа уламжлалт нүүдлийн мал аж ахуй, тэмээтэй холбоотой соёлыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Уурхай маш том газар нутгийг эзэлж, түүнийг дагаад бэлчээр хомсдож, мал маллах боломжгүй болчихдог. Бэлчээрийн асуудал хүнд. Мал маллах эртний сайхан зан заншил, мэдлэг ухаан нь хомсдож, устаж үгүй болж эхэлсэн гэж хэлж болно. Малаа маллахдаа ландаар, мотоциклоор явж байна. Асуудлын гол нь бэлчээрийн хомсдол. Түүнчлэн нутгийн хэл аялга алдагдахад хүрээд байна. Говийн бүс нутгийн иргэд өөрийн гэсэн онцлог хэл аялагатай. Сүүлийн хэдэн жилүүдэд уул уурхайн холбоотой үг хэллэг маш их нэмэгдэж, ард иргэд ч хэрэглэж эхлээд байна. Энэ байдал нь цаашид нутгийн хэл аялгуунд сөрөг нөлөөтэй.
-Биет бус соёлын өвд юуг хамруулан ойлгож байгаа вэ? Монгол Улсад соёлын биет бус хэдэн өв бүртгэлтэй байдаг вэ?
-Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн 2003 онд баталсан “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-ийн Соёлын биет бус өвийг олон улсын хэмжээнд хамгаалах зарчмын дагуу хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэл, яаралтай хамгаалалтад авах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл гэсэн хоёр төрлийн бүртгэлийг хийж байна. Биет бус өвд монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг. Бид нар биет бус соёлын өвийг бүртгэж байгаа. Эх хэл, бичиг, аман зохиол, ардын уртын болон богино дуу, тууль, хөөмий исгэрээ, аман болон тагнай ташилт, ардын уламжлалт бүжиг, бий биелгээ, уран нугаралт гэх мэтчилэн 400 гаруй өвийг бүртгэж аваад байна.Хамгийн гол нь яаж цааш нь өвлүүлэх, хэнээр дамжуулах, яаж хадгалж үлдэх нь чухал.
-Соёлын баримтат өвийн тухай тодруулаач?
-“Баримтат өв” нь бичиг үсэг, дүрс, дуу авианы бичлэгийн гэх мэт олон арга хэлбэрээр баримтжин үлддэг соёлын хөдөлгөөнт төрөл бөгөөд тухайн улс орны түүх, хэл, соёл, ёс заншлыг тээн хадгалж байдаг соёлын болоод судалгаа шинжилгээний чухал хэрэглэгдэхүүн юм. “Баримтат өв” соёлын бусад өвийн дотроос илүү тодорхой, дэлгэрэнгүй, үлэмж их мэдээллийг багтаасан байдаг учир тухайн үндэстний түүх, соёлыг үнэн бодитойгоор гэрчлэн нотлоход юугаар ч орлуулшгүй чухал ач холбогдолтой зүйл юм. “Баримтат өв” нь биет болон биет бус соёлын өвийн аль алиных нь шинжийг өөртөө агуулсан байдаг. ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт зааснаар “Баримтат өв”-д бичиг үсэг, аливаа тэмдэгтээр ямар нэг зүйл дээр бичиж, сийлж, зурж, тэмдэглэж, оёж хатгаж, барлаж, хэвлэж үлдээсэн бичгийн дурсгал марк, ил захидал, мөнгөн тэмдэгт, уран зураг болон бусад дүрслэлийг ашигласан хэвлэмэл дурсгал, бүх төрлийн гэрэл зураг, кино, дүрс, дуу авианы бүх төрлийн бичлэгийн дурсгал зэргийг багтаасан байна. Эдгээр баримтат өв нь ямар зүйл дээр, ямар аргаар бүтээн баримтжуулж байгаагаас хамааран олон төрөл байдаг.
С.УНДРАЛ
URL: