“Гал үндэстэн”-ий өрөөний лацыг авч хоёр хүнийг суллав

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Г.Болдбаатар, Г.Чагнаадорж нарын иргэдийг Төрийн ордны гадаа зэвсэг хэрэглэсэн хэргээр Тагнуулын ерөнхий газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид хоригдож байсан есөн хүнээс хоёрыг нь өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гаргасан байна. Батлан даалтад гарсан иргэд нь “Гал үндэстэн” холбооны гишүүн н.Буяндэлгэр, “Ариун суварга” хөдөлгөөний тэргүүн Г.Чагнаадорж нар юм. Г.Чагнаадоржтой утсаар холбогдоход “Сэжигтнээр шалгаж байгаа.

Гадуур байцаахаар болж батлан даалтад гаргасан. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгч болохгүй байх” гэв.  Харин н.Буяндэлгэрийг тагнуулынхан Дархан-Уул аймгийн төвөөс баривчилсан ажээ. Учир нь тэрбээр өмнө нь “Гал үндэстэн” хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцож байсан тул цагдаагийнханд шалгах шаардлага гарсан аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор хөдөлгөөний гишүүд болон үйл ажиллагаанд нь оролцож байсан хүмүүсээс  цагдаагийнхан мэдүүлэг авч байгаа юм байна.

Түүнчлэн Ц.Мөнхбаяр нарт авлига өгсөн, дарамтлуулж байсан гэх компаниудын удирдлагуудаас тайлбар авах ажил үргэлжилж байгаа гэнэ. Батлан даалтад гараад буй н.Буяндэлгэрээс дараах зүйлийг тодрууллаа.

-Танд ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-оор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өмнө нь “Гал үндэстэн” холбооны үйл ажиллагаанд оролцож байсан учраас намайг шалгасан.

-“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нар Төрийн ордон руу буудах үед та хамт байсан уу. Хаана байсан бэ?
-Би байгаагүй. Тэр үед тэр арга хэмжээнд оролцоогүй. Тийм учраас батлан даалтад гаргаж, дуудсан үед бэлэн байхыг анхааруулсан.

-Энэ хэрэгт холбогдуулан хэчнээн хүнийг шалгаж байгаа юм бол?

-Би сайн мэдэхгүй байна.

“Гал үндэстэн” холбооныхныг хүйтэн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотойгоор тус холбооны өрөөг нь битүүмжлээд байсан юм. Гэвч хөдөлгөөний гишүүдийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн IV хороо “Ксения” төвийн хоёр дугаар давхарт байрлах ажлынх нь өрөөг битүүмжилсэн байснаа цуцалжээ. Тус холбооны гишүүн Я.Цэрэнханд “Манай холбоо эндээс нүүх гэж байгаа. Өөр газар өрөө түрээслэх учраас цагдаагийн байгууллагаас гуйж лацыг тайлуулсан” гэлээ. “Гал үндэстэн” холбооныхон үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлжээ.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих