Н.Оюун: Гоо сайхны хагалгаа хийнэ гэдэг бол урлаг
Бид энэ удаагийнхаа баасан гаригийн зочноор “Perfect” эмнэлгийн их эмч Н.Оюуныг урилаа.
-Сүүлийн үед манайд гоо сайхны пластик мэс засал хийдэг эмнэлэг олон болсон. Энэ чиглэлээр олон жил ажиллаж, мэргэшсэн эмнэлэг бол “Perfect”. Танд энэ чиглэлээр дагнаж ажиллах санаа анх хэдийд төрсөн юм бэ?
-Би Кубад сургууль төгсч ирээд Анагаах ухааны их сургуульд 13 жил багшилсан.
Багшилж байхдаа аль болох олон өвчтөн үзэж, мэс засал хийхийн тулд эхний таван жил амралтаа ч авалгүй ажилласан. Тэр үед анагаахын сургуульд орос зөвлөхүүд их ирдэг байсан. Миний хувьд К.К.Замятин гэдэг маш их мэдлэг, чадвартай зөвлөхийг хоёр жил гаруй дагалдахдаа мэс заслын олон арга техник эзэмшсэн гэж боддог. Номын сангаас мэргэжлийнхээ холбогдолтой 3-4 монографийг авч долоо хоногийн дотор уншиж тэмдэглэх нь хэвийн үзэгдэл байлаа. Ингэж хоёр жилийн дотор 180 орчим ном уншиж билээ. Тэгээд таван жил багшлаад дахин Куба руу суралцахаар явж, дөрвөн жилийн ординартурын сургалтын хөтөлбөрийг товчилж, шалгуулаад нэг жилийн хугацаанд суралцаж төгсөж байсан. Энэ бол орос багшийн минь ач. Би дараа нь Японд хүзүү, толгойн хавдрын мэс заслаар суралцсан. Япончууд ажилсаг гэдгээрээ гайхагддаг мөртлөө намайг өдөржин хагалгаанд орж, орой чөлөөт цагаа номын санд л өнгөрөөх юм гэж их шүүмжилдэг байлаа. Миний багш Сакуда профессор санаа зовсон юм байлгүй”Япон улстай танилцалгүй буцах нь дээ чи” гээд Киото хот руу авч явж билээ.
Аав минь намайг Японд байхад хорт хавдрын улмаас нас барсан юм. Талийгаач болохынхоо өмнө надтай утсаар ярьж, энэ өвчнийг япончууд эмчилж чадах уу, үгүй юу гэж асуухад нь надад хэлэх үг олдохгүй, дэмий л уйлж байсан. Хүний амьдралд дийлдэшгүй зүйл бас байдаг юм байна гэдгийг тэр үед л хатуу ойлгосон. Түүнээс өмнө би бүхнийг хийж чадах юм шиг бодож явлаа. Тэгээд Японоос ирээд удалгүй АНУ-ын пластик мэс засалчидтай холбоо тогтоосон. Түүнээс хойш жилд 1-2 удаа мэргэжил дээшлүүлэхээр Америк руу явдаг болсон. Би Америкийн Пластик мэс засалчдын нийгэмлэгийн гишүүн. Энэ нь нэг талаасаа өнгөрсөн хугацаанд миний хийж бүтээсэн ажил болон мэдлэг чадварын маань үнэлэмж боловч хамгийн чухал нь энэ мэргэжлийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг авах, цаг үеэсээ хоцрохгүй байхад их дөхөмтэй байдаг юм.
-Гоо сайхны хагалгаа гэхээр хүмүүс пластик мэс засал, косметик хагалгаа гэсэн хоёр янзаар хүлээж аваад байдаг. Нүүр амаа янзлуулж, нүд хөмсгөө өөрчлүүлэх хүсэлтэй хүүхнүүд ч гэсэн үүнийг ялгаж салгадаггүй. Тиймээс та ялгааг нь хэлж өгөөч?
-Косметик мэс засал гэдэг бол пластик мэс заслын нэг хэсэг нь. Тиймээс косметик мэс засалч гэдэг нарийн мэргэжил байдаггүй. Харин пластик мэс засалч гэж байдаг. Манайд энэ талын тодорхой ойлголт байдаггүй болохоор хүмүүс зөвхөн давхраа оёод косметик мэс засалч болчихно гэж ойлгодог. Тийм л төвшинд явж байна. Гэхдээ энэ байдал удахгүй өөрчлөгдөнө. Хоёрдугаарт, манайд нэг буруу ойлголт байдаг. Сургууль төгсөөд диплом авсан л бол эмч болчихлоо гэж боддог. Энэ бол 35 үсгийн А, Б-г дөнгөж сураад төгсөж байна гэсэн үг. Эмч хүн тэтгэвэрт гаран гартлаа, шаардлагатай бол гарсан хойноо ч суралцсаар л байдаг. Гэтэл манайхан сургуулиа төгсөөд л уншихаа больчихдог. Одоогийн анагаахын сургалт жил ирэх тусам муудаад байх шиг санагддаг. Би таван жилийн өмнө сургуулиа төгсөөд ирж байгаа эмч нарыг муу байна гэж дүгнэж байсан. Одоо хэлэх ч үг алга. Ирээдүйд бидний үр хүүхдийг ямар эмч яаж эмчлэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ нь цаг зуурын асуудал байх, нийгмийн байдлаас шалтгаалж байгаа болов уу гэж бодож байна.
-Та энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийг дотроо сайн, муу гээд дүгнэж суудаг байх. Сүүлийн үед чанартай, чанаргүй эмнэлэг олширсон байна. Гадны гэсэн нэр хаягтай эмнэлэгт хандаад нүүр ам нь эрэмдэг, зэрэмдэг болчихсон хүн цөөнгүй байна. Энэ бүхнийг та юу гэж харж байна вэ?
-Нийгэм тэр чигээрээ коррупцид автаад байгаагийн нэг жишээ энэ л дээ. Гаднаас ирж байгаа нөхдүүд мэдээж бүгдээрээ жинхэнэ мэргэжлийнхэн биш гэдэг нь тодорхой. Хэрэв тэд тийм л сайн юм бол өөрийнхөө улсад маш өндөр өртгөөр мэс засал хийхээ бодохоос биш манайх шиг улсад ирэхгүй л байсан болов уу. Жишээ нь, Солонгост бидний төвшний мэдлэг боловсролтой эмч нар дунджаар 1000 ам.доллараас доош үнээр давхраа хийдэггүй. Энд ирж байгаа хэсэг хүмүүс тухайн зах зээлдээ борлогдохоо больчихсон бүтээгдэхүүнийг Монголд авчирч шахаж байна. Амьтны гаралтай коллаген, полиакриламид гель гэх мэт.
Манайхан өөрт нь хийх гэж байгаа бүтээгдэхүүн чухам ямар шошготой, хаанахын, ямар үйлчилгээтэй вэ гэдгийг нягталдаггүй. Ороод л нэг юм шахуулчихдаг. Гэтэл амьтны гаралтай коллаген гелийг аль эрт хэрэглэхээ больсон. Чанартай юмны үнэ өсөх прогрессоор явдаг байтал хэдэн жилийн өмнө нэг сая 800 мянгаар тарьж байсан гель одоо 200-300 мянга болоод бүр сүүлдээ 100 мянга ч хүрэхгүй төгрөгөөр үнэлэгдээд явж байна. Тиймээс үйлчлүүлэх гэж байгаа хүнийхээ мэргэжлийн сертификат, хийлгэх гэж байгаа бүтээгдэхүүнийхээ хаяг шошго, савлагаа зэргийг нь сайтар шалгаж байгаач гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, явуулын хүнээр ийм үйлчилгээ битгий хийлгээч гэж гэдгийг онцолж хэлье. Ямар ч хүндрэл гарч болно шүү дээ. Ийм тохиолдолд эргэж хандах эзэнтэй байх хэрэгтэй.
Өнөөдөр хүүхнүүд манай эмнэлэг дээр ирээд та энэ тухай хэлсэнгүй, ярьсангүй гэдэг. Би өмнө нь энэ тухай үнэн, зөв мэдээлэл өгөх гэж оролдож байсан. Гэтэл зарим сонин намайг өөрийнхөө ажлыг, бизнесийг рекламдах гэж байна гэж ойлгосон. Тэгэхээр нь миний гэдэн хөдөлчихсөн. Тэгээд ч сонголтыг хүмүүс өөрсдөө л хийдэг шүү дээ. Манай эмнэлгийн хувьд хангалттай олон үйлчлүүлэгчтэй. Бид тэднийг аль болох гоё, сайхан болгохыг хичээдэг. Би ер нь гоё, сайхан юм болгонд дуртай. Хүмүүсийг илүү гоё болгож сэтгэл санаа нь өөдрөг байгааг харах дуртай. Би энэ ажлаасаа кайф авдаг.
-Манайхан гоо сайхны хагалгааг Америкт болон Солонгост хамгийн сайн хийдэг гэсэн ойлголттой байдаг. Ер нь пластик мэс заслыг дэлхийн хэмжээнд аль орон илүү сайн хийдэг вэ?
-Америкийн Калифорния мужид 5000 гаруй мэс засалч завгүй ажилладаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ тоо одоо түүнээс ч их болсон. Латин Америкчууд хүний галбир засахдаа их сайн. Тэд хүний нүүр царайнаас илүү биеийн галбирыг их чухалчилдаг. Азид Солонгос, Тайландын мэс засалчид нэлээд дээгүүрт тооцогддог. Гэхдээ манайд ирж байгаа хүмүүсийг хэлээгүй шүү. Тэнд цөөн тооны топ мэс засалчид нь маш өндөр үнээр урлагийн одод болон баячуудад үйлчилдэг. Япончууд бас гайгүй. Гэхдээ тэнд гоо сайхны хагалгааг маш өндөр үнэтэй хийдэг.
-Хараад байхад манайхан хамар өндөрлөх, нүдэндээ давхраа хийлгэх гэх мэт хагалгаануудыг түлхүү хийлгэдэг юм шиг. Европчуудын хувьд, нүүрний арьсаа татуулах, үрчлээ арилгах гэх мэт зүйлдээ түлхүү анхаарна уу гэхээс биш, нүд нүүрээ өөрчлөөд байдаггүй юм шиг санагдсан?
- Тийм шүү. Ер нь ази хүмүүс илүү их косметик мэс засал хийлгэдэг. Японд жилд 20 мянган хүн давхраа хийлгэдэг гэсэн судалгаа байдаг. Солонгосын тухайд үүнээс ч их тоо гарна. Гэхдээ хүн амын тоо энд бас нөлөөлнө гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Ер нь дэлхийн хамгийн гоё сайхан зүс царай бол Европ хүнийх л байдаг шүү дээ. Өндөр хамар, гоё нүдтэй гээд. Тийм болохоор Ази залуучууд Европ хүмүүс шиг хамраа өндөрлөж нүдээ томруулахыг хүсдэг.
Манайхан ч гэсэн давхраа хийлгэх, хамар өндөрлөх хагалгаануудыг түлхүү хийлгэдэг. Үүний дараа нүүр өргөлтүүд орно. Сүүлийн үед биеийн галбир засуулах мэс засалд их орж байгаа. Өөрөөр хэлбэл, хөх томруулах, өөх соруулах гэх мэт.
-Гоо сайхны хагалгаа хийдэг хүнд гоозүйн өндөр мэдрэмж хэрэгтэй байх. Дээр нь хүн, хүний нүүр царайнд тохируулж хагалгаа хийнэ гэдэг их төвөгтэй байх. Ер нь гоо сайхны хагалгаа хийхэд хамгийн төвөгтэй хэсэг юу вэ?
- Косметик мэс засал хийхэд хамгийн төвөгтэй хэсэг гэсэн ойлголт байдаггүй. Хүний биеийг хэсэг, хэсгээр нь салгаж ойлгож болохгүй шүү дээ. Анатомиос гадна физиологи бас психологи гэж байна. Үүнтэй холбоотойгоор аливаа мэс заслыг хийхэд анагаахын шинжлэх ухааны бүхий л талын мэдлэг, чадвар, ур дүй, анхаарал төвлөрөл шаардсан их хэцүү ажил. Косметик мэс засал хийхэд ур чадвар, дадлага туршлагаас гадна гоо сайхны өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гоо сайхны мэс засал хийнэ гэдэг чинь бас нэг төрлийн урлаг. Жишээлбэл, давхраа хийхэд тухайн хүний онцлог, нүүрний булчингуудын хөдөлгөөн, харц, тэр бүү хэл мэргэжлийг нь хүртэл бодолцох хэрэгтэй болдог. Яагаад гэвэл, үйлчлүүлэгч маань тухайн мэс заслын үр дүнд өмнөхөөсөө ч илүү сайхан болох ёстой. Тэгээд дээр нь эмч, багш, дуучин, жүжигчин гээд мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой.
-Монголчуудын дунд ам дамжсан яриа, сургаар өөрийгөө эмчилдэг хүн цөөнгүй бий. Үсчинд орох гэж байгаа юм шиг гүйж очоод хагалгаанд орчихдог, түүнээсээ болж хохирсон хүн олон байдаг. Ийм хүмүүс танай эмнэлэгт хэр ханддаг вэ?
-Байлгүй яахав. “Би ийм болчихлоо. Засаж өгөөч” гээд уйлаад ороод ирдэг хүн байдаг. Хятадад хагалгаа хийлгэсэн гээд хамар нь тас татчихсан юм шиг сорвитой. Бас нүд нь чимхсэн бууз шиг болчихсон. Манай эмнэлэгт ийм шалтгаантай хүмүүс ирдэг. Бүгд бусдын амнаас сонссон буруу мэдээллээсээ болж ингэж хохирсон байдаг. Тэгэхээр гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс бусдад худлаа мэдээлэл өгөхөө болиоч гэж хэлмээр байгаа юм. Манай урлагийнхан Монголд хийлгэсэн, манайд хийлгэсэн хагалгаагаа дандаа гадаадад хийлгэсэн гэж ярьдаг. Гадныхан бол мэс засалд орсон тухайгаа нуудаггүй. Гэтэл манайхан нуугаад, зарим нь бүр “Би энэ хагалгаагаа гадаадад хийлгэсэн гэж хэлнэ шүү” гэдэг. Би сүүлийн үед энэ мэт буруу ташаа мэдээлэл нь эргээд хүмүүсийг хохироодог юм байна гэдгийг их сайн ойлгосон. Тиймээс найз нөхөддөө, таньж мэддэг хүмүүстээ битгий худлаа мэдээлэл өгөөсэй гэж хүсч байна.
-Танай эмнэлэгт хагалгаа хийлгэхээр ирж байгаа хүмүүс янз бүрийн шалтгаантай ирдэг байх. Аваар, осол, түлэгдэлтээс болж, нүүр царайгаа янзлуулах хүн ч байдаг байх. Одоо байгаа зүс царайндаа сэтгэл хангалуун бус явдаг хүн ч ханддаг байх. Сүүлийн үед хүүхнүүд хүзүү, нүүрнийхээ арьсыг татуулахаас гадна гарынхаа арьсыг хүртэл татуулдаг болсон гэж байсан?
-Гарын үений орчим үүссэн бага зэрэг үрчлээг мэс заслын аргаар засч болдог. Ийм хагалгаа хийлгэсэн хэд хэдэн хүн бий. Хэт туранхай гарыг нь гель болон өөрийнх нь өөхийг шахах аргаар засч янзалж болдог. Мөн элдэв янзын тууралт харшил, түлэгдэлтээс үүссэн арьсны толбыг хуулж болдог.
-Үсчинд орохдоо хүмүүс үс засах хүнийхээ үс рүү нь эхлээд хардаг. Түүн шиг хагалгаа хийлгэхээр ирж байгаа хүмүүс таныг бас хардаг байх. Нууц биш бол та өөрөө ийм хагалгааг хийлгэж байсан уу?
-Хийлгэж байсан. Гэхдээ модель, мисс шиг болохын тулд хийлгээгүй. Зүгээр л өөрийнхөө дутагдалтай талыг засуулах гэж америк найз эмчээрээ хийлгэсэн. Гэхдээ арьсаа татуулж байгаагүй. Одоо харин нас яваад нүүр өргөлт хийлгэх шаардлагатай болж байх шиг байна.
-Гоо сайхны хагалгаа манайд ашигтай бизнесийн нэг болоод хувирчихсан. Гадаад, дотоодын эмнэлгүүд нэмэгдэхийн хэрээр өрсөлдөгчид илүү л олширно. Танай эмнэлгийг Монголдоо номер нэг гэдэг ч мэргэжил, ур чадвараараа өрсөлддөг эмч, эмнэлэг байдаг байх. Энэ тухай…?
-Би шавь нартайгаа өрсөлддөг. Тэд л миний өрсөлдөгч. Гантөмөр, Пүрэвдагва, Алимаа, Ариунбаяр бас резидентурт суралцаж байгаа хоёр залуу байна. Тэд л миний өрсөлдөгчид. Тэд надаас мэдлэг, мэргэжил, ур чадвараараа илүү гарах ёстой. Би тэдэнд яаж зааж сургаж байсан шиг энэ мэргэжлийг бусад хүнд эзэмшүүлэх ёстой. Мөн тэд надаас хавьгүй илүүг хийж бүтээх ёстой. Энэ л миний тэднээс нэхэх өр. Энэ бол маш их ур чадвар шаарддаг хагалгаа.
Би эх орондоо энэ салбарыг хөгжүүлчих юмсан, чадвар сайтай залуучуудыг сургаад үлдээчих юмсан гэж боддог. Хагалгааны дараа миний шавь нар улам туршлага сууж байгааг хараад их бахархдаг. Тиймээс Монголд миний шавь нартай өрсөлдөх өрсөлдөгчид одоогоор байхгүй. Тэд энэ салбарыг үргэлж тэргүүлж явдаг гэдэгт огт эргэлзэхгүй байна.
-Орчин үеийн охид, бүсгүйчүүд дунд гоё сайхан байх нь ажил, амьдралд оноо нэмдэг, албан тушаал ахихад ч нөлөөлдөг гэж үздэг хүн олон бий. Та гоо сайхны пластик мэс засалч хүний хувьд эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн үнэлдэг вэ?
- Гоё сайхан байх гэдэг эмэгтэй хүний төрөлхийн шинж шүү дээ. Гэхдээ зөвхөн гаднах үзэмжээр үүнийг дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Эмэгтэй хүн өндөр боловсролтой бас дотроосоо үргэлж гэрэлтэж байх ёстой. Гоё сайхан байлаа гээд эрдэм мэдлэггүй бол хэцүү шүү дээ. Үнэргүй цэцэгтэй адил гэдэг биз дээ. Тиймээс боловсролтой байна гэдэг хүмүүжилтэй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, гоё, сайхныг мэдрэх мэдрэмж хүн бүрт байх ёстой. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүнд ч ийм мэдрэмж байх хэрэгтэй. Энэ бол хүнд байх ёстой хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл, ийм мэдрэмж хүний амьдралд гэрэл гэгээ, баяр баясгалан нэмж байдаг.
Б.ТУУЛ
URL: