С.Бямбацогт: Хөл дээрээ боссон салбарууд эргээд сөхөрлөө

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар МАН-ынхан хурал хаялаа. Шалтгаан нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаарх мэдээлэл нь үнэнээс хэт гуйвсан, ард түмний аж амьдралаас хол байна гэж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Та долоон буудалд байгаа Должин эмээ ямархуу байдалтай амьдарч байгааг мэдэхгүй байна. Гурил, будаа, махны үнэ өсөөд Должин эмээ ядруухан амьдарч байгаа” гэж үл мэдэгдэх эмээгийн тухай ярив. Үүнийг нь ч гэсэн Ерөнхий сайд өлгөж аваад “Хэн ч үл мэдэгдэх хүний тухай ярихаа боль” гэхэд МАН-ынхан өргөн хэрэглээний барааны өсөлтийг графикаар харуулсан цаасыг өмнөөс нь өргөн, өргөн харуулсан. Тэд үүнийгээ бид цээжнийхээ бангаас энэ тоог ингэж бичсэнгүй. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы гаргаж өгсөн харьцуулалт гэв. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгсөн.

Н.Алтанхуяг: Засгийн газраас 2012 оны аравдугаар сараас эхлэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Эдгээр хөтөлбөрүүд гурван жилийн хугацаатай. Хөтөлбөрийн гол санаа нь импортоор оруулж ирдэг бензин, дизелийн түлш буюу манай ард иргэдийн ахуй амьжиргаан дээр үнийн хамгийн их өсөлт авчирдаг, өнгөрсөн жил байнга үнэн нь өсч ирсэн шатахууны асуудал дээр Засгийн газар юуны түрүүнд ач холбогдол өгч хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжээд үндсэндээ нэг жил болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 192 тэрбум төгрөгийг Монголбанк арилжааны банкуудад өгсөн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойшхи нэг жилийн хугацаанд бензин шатахууны үнэ үндсэндээ тогтвортой байгаад зогсохгүй 50 төгрөгөөр хямдраад байна. Мөн хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Анхнаасаа үнэ бууруулна гэдэг хөтөлбөр хийгээгүй. Үнэ бол тодорхой хэмжээгээр өсөх байх гэхдээ тэр өсөлт бага байх юм гэж үзсэн” гэлээ. Үүний  дараа УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт намаа төлөөлж мэдэгдэл хийсэн.

С.Бямбацогт: Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт ил тод бус, шалгаруулалт хаалттай, тендергүй явагдсан. Хөтөлбөрийг 2013 оны мөнгөний бодлогод тусган, хугацаа, зорилт, хүлээгдэх үр дүн, тооцоо үндэслэлийг Их Хурлаар хэлэлцээгүй. Ер нь энэ хөтөлбөрүүд нь Монголбанкны зүгээс улсын санхүүгийн эх үүсвэрийг субъектив хандлагатай зарцуулсан, мөнгөний зах зээлийг гажуудуулж,  чөлөөт өрсөлдөөнийг боомилсон, цаг хугацаа аргацаасан, зах зээлд буруу жишиг тогтоох, алсын хараагүй арга хэмжээ болоод байна. Үүнээс болж үнэ буурах биш, харин орон сууцны 1м2-ын үнэ 1.2 сая төгрөг байсан бол найман хувийн ипотекийн зээл гарснаас хойш даруй 2.0 сая төгрөг болж өссөн, Алтан тариа нэгдүгээр гурилын үнэ 700 төгрөг байсан бол 1000 төгрөг болсон. Нэг тонн цементийн үнэ 130 мянган төгрөг байсан бол зарим үед 260 мянган төгрөг болж өссөн. АИ-92 шатахууны бөөний үнэ жижиглэнгийн үнээс давж 1800 төгрөг болсон. Өмнөх Засгийн газрын үед Атрын гуравдугаар аяныг өрнүүлж, үүний үр дүнд хөл дээрээ боссон газар тариалангийн салбар бодлогогүй засгийн харгайгаар эргэж сөхөрхөд хүрлээ. Хүчээр гурилын үнийг барих гэж оролдон 48,7 тэрбум төгрөг зарцуулсан ч атар талхны үнэ 620 төгрөгөөс 820 болж өсөв. Гурилын үнэ 20 хувиар өссөн  гэх мэт жишээг дурдаж болно. Энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр маш муу хэрэгжсэн гэсэн үг” гэж бараа бүрийн үнийг өсөлттэйгээр нь тайлбарласан. Ерөнхий сайд тэдний энэ мэдэгдэлд холбогдох албаныхан буюу Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч нарыг хариулт өгөхийг  хүсэхэд  МАН-ынхан “Та өөрөө хариул. Хариулж чадахгүй бол бид гарлаа. Вакум орчноосоо гарч амьдралтай танилцаач” гэснээр хурлыг хаясан юм.

Д.БОЛОР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих