Гадаад эзэнтэй Мобиком, монгол дуутай С.Жавхлан хоёрын хэн ялах бол…
Хааяа нэг шаардлагатай үед хэрэгтэй үгээ олоод хэлчихдэг, өөрөө хийсэн юмтай, хэлэх үгтэй залуус нийгэмд их хэрэгтэй байдгийн жишээг дуучин Самандын Жавхлан “Мобиком”-ыг чичрүүлснээрээ харуулж чадлаа. Гэхдээ одоохондоо С.Жавхлан огт ялчихаагүй байгаа. Олон жилийн турш С.Жавхлангийн дууг Мобиком хэрэглэснийг Монголын найман настай балчраас эхлээд наян настай буурал ч мэднэ.
С.Жавхлан хэлье гэснээ хэлчихдэг, хийсэн зүйлийнхээ төлбөрийг нэхчихэж чаддаг тул Мобикомтой “дайн” зарласан. Ер нь Мобикомыг монголчууд бид элдвээр л ярьдаг. Гадаад эзэнтэй хэрнээ монголчуудын дууг монголчуудад зарж мөнгө олдог газар гэж дуучин Ноён Бондгор нэгэн сонинд өгүүлсэн харагдсан.
За, тэр гадаад эзэн нь ч одоо яахав. Хаа сайгүй л солонгос, япон, хятад гээд эх орныг минь зоосны нүхээр харж, эмэгтэйчүүдийг маань хулгайн нүдээр ширтэгчид дүүрчихсэн хойно.
Мобиком-ын түүхээс эргээд хальтхан дурсая. Эхлээд дугаар харах үйлчилгээг 2500 төгрөгөөр зардаг байсан нь санаанд буув. Нээрээ, нэг сар дугаар харах үйлчилгээ хэрэглэхийн тулд 2500 төгрөг анх нээгдсэн жилд нь лав төлдөг байсан юм. Нэг ёсондоо тэрхүү үйлчилгээг хийлгээгүй л бол хаанаас, хэн гээч нь залгаж байгааг огт мэдэлгүй “харанхуйгаар” утсаа авдаг байж билээ. Тухайн үед гадаадад амьдардаг “гэгээрсэн” найздаа энэ тухай хэлбэл элэг нь хөших дөхөөд, “Арай ч дээ” гэж ганцхан үг унагасан санагдана. Үнэндээ л бурхан, бугийн аль нь ч залгаж байгааг мэдэлгүй л хов хоосон дэлгэц дуугарахад л утсаа авдаг байлаа шүү дээ.
Тэр цагт зөвхөн Монголдоо амьдарч байсан монголчууд бид яаж шулуулж байгаагаа мэдэхгүй юм чинь, мэдлэг, мэдээлэл дутуугаар минь хичнээн далимдуулж буйг ойлгох биш 2500-гаар заримдаа дугаар харчихдаг байлаа.
Харин одоо цагт Мобиком иргэдийг тэр бүрий молигодож барахааргүй болсон биз. Ялангуяа дуучид бол одоо тэднийг гаргаахгүй байх аа. Ноён Бондгор Мобикомын гадаа эсэргүүцэл зарлаж, 20 сая төгрөг авахаар болсон тухайгаа ярилцлагадаа өгүүлсэн харагдана. Харин Монголдоо зохиолын номер 1 дуучин С.Жавхлангийн дуугаар Мобиком их хэмжээний мөнгө олсон нь үнэндээ эргэлзээгүй.
Нэг удаа дуу татахад хэдэн нэгж унадаг билээ дээ. Гэтэл С.Жавхлангийн дууг дуудлага дээрээ тавьчихсан хүн хичнээн их байдаг билээ.
С.Жавхлан энэ тухай “Зуун мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа ” Гадаад хүн яаж монголчуудыг хайрлахав, ашиглаад хайхаа л бодно. Ийм компаниуд ядуу буурай оронд шургалж орж ирчихээд бүх ард түмнийг шулж хөл дээр нь сөхрүүлдэг. Олон нийт мэдээд ирэхээр хуурамчаар дампуурлаа зарлаж хэдэн антеннуудаа хаяад гараад явчихдаг юм гэсэн. Тийм жишээнүүд гадаадад олон. Монголын уран бүтээлчид ард түмний дундаас талхных нь мөнгийг саасаар л байна… Бид хоорондоо эх нутагтаа монголоор ярихын тулд гадаадын хүнд, Япончуудад халаасаа суйлуулж олон жил амьдарлаа. Энэ байгууллага монгол хүний хэрэглээ, монгол хүний үнэ цэнээр л дээшилж дэвжиж байгаа. Тэгэхээр биднийг хүндлэхгүй юм бол Монгол ч гэсэн энэ байгууллагыг хүндлэхгүй.” хэмээн ярьжээ.
Яалт ч үгүй хийчихсэн, “хийлгэчихсэн” ийм хэргийн талаар ярихгүй, дурсахгүй суух эрх монголчууд бидэнд ялангуяа Мобикомын хэрэглэгчдэд үгүй биз ээ. Мобиком зөвхөн С.Жавхлангийн дууг зөвшөөрөлгүй ашигласан бус бас таньд дууг нь хууль бусаар мөнгө аваад л байгааг та анзаарна биз ээ.
Р.Гэгээ
NEW.MN
URL: