Шинэчлэлийн Тулах цэг

051652ad831ad030original

Нийгмийн хүлээлт ба МАН-ын XXVII Их хурал

 

Энэ оны 10-р сарын 27-нд хуралдах Монгол Ардын Намын ХХVII Их хурлыг улс төрийн хүрээнд шинэчлэл хийсэн хурал болоосой гэж намын мянга мянган гишүүд дэмжигчид хүсэн хүлээж байна. Улс төрийн ууган байгууллага, нийгэм, улс төрийн талбарт томоохон байр суурь эзлэдгийнхээ хувьд Монгол Ардын Намын ХХVII Их хурал томоохон үр нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Монгол Ардын Намын идэвхтэн гишүүдээс сүүлийн үед намын шинэчлэлийн талаар олон талт үзэл бодол, байр суурьтай шинэчлэлийн хэд хэдэн хөдөлгөөн байгуулагдлаа. Тэд бүгд л Монгол Ардын Намын шинэчлэлийн тухай, хариуцлагын тухай, намын шинэ удирдлага бүтцийн тухай ярьж байна. Ярих ч цаг нь мөн.

Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас гарах бодлогын баримт бичиг, шийдвэрээс нийгмийн сэтгэл зүйн төлөв байдалд ажиглагдаж буй 3 том хүлээлт байна гэж үзэж болно.

  1. Монгол Ардын Намын дарга хэн болох вэ?
  2. Монгол Ардын Намд дотоод ардчилал бэхжиж, шинэчлэгдэж чадах эсэх?
  3. Иргэд, намын гишүүдтэй хамтран ажиллах, эргэх холбоо шинэчлэгдэх үү?

Нэг. Монгол Ардын Намын дарга хэн болох нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн намууд, улс төр судлаачдын анхаарлын төвд байж ярианы гол сэдэв болж байгаа ч нийгмийн сэтгэл зүйн хандлагад хэн нэг дарга цэргийг өөр нэг дарга цэргээр сольсноор эсвэл хэдэн сандал ширээний тоог цөөлж нэмснээр Монгол Ардын Намд шинэчлэл хийгдэхгүй. Хуучирсан амбицархаг энэ арга барил аль хэдий нь үеээ өнгөрөөжээ гэсэн дүр зураг харагдаж байна. Энэ ч үүднээсээ Монгол Ардын Намын даргаар сонгогдох дараагийн хүн нь энэ намын шинэчлэлийг НАШБ-аас нь эхлээд эрх барих дээд байгууллагад нь хүртэл хийж чадах ноён нуруутай, алсын хараатай, нийгэм, улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Ардын Намын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлж, жирийн гишүүд дэмжигчидтэйгээ амьд харилцаа холбоотой бие хүн байх шаардлагатай гэсэн хүлээлт нийгмийн сэтгэл зүйд түгээмэл байна.

Хоёр. Монгол Ардын Намын өдөр тутмын бодлого, үйл ажиллагааг амь оруулж байдаг институт нь Бага хурал. Бага хурал дотооддоо хэр ардчилалтай байгаагаар нь тухайн намын дотоод ардчиллыг дүгнэх нэг шалгуур үзүүлэлт нь уг институци болдог. Хариуцлагыг дан ганц намын дарга хүлээж, Удирдах зөвлөлийн гишүүдийг огцруулж сольсноор шинэчлэл хийдэггүй. Энэ ч утгаараа одоогийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа Бага хурал хариуцлага хүлээх учиртай.

Өнөөдөр Монгол Ардын Намын шинэчлэлийн асуудлыг ярьж байгаа нөхөдийн дотор Монгол Ардын Намд тодорхой албан тушаал хашиж байсан, одоо ч хашиж байгаа Бага хурлын сонгуультай хүн ч байна. Тэд шинэчлэл яриад өөрсдөө хариуцлага хүлээж байгаа бол шинэчлэл нь үр дүнгээ өгөх байх. Тэд урьд нь яагаад шинэчлэл хийж болоогүй юм бэ? Тэдэнд эрх мэдэл нь ч байсан цаг хугацаа нь ч байсан. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэсэн алтан зарчим л үйлчилсээр байх уу? гэх мэтчилэн олон арван асуултыг намын гишүүд тавьсаар байна. Хэрэв энэ удаагийн Монгол Ардын Намын ХХVII Их хурлаар одоогийн Бага хурлын бүтэц, бүрэлдэхүүн хэвээр батлагдан үлдсэнээрээ шинэчлэл хийсэн гэвэл Монгол Ардын Намд улс төрийн намын дотоод ардчиллын тухай ойлголтын талаар ярих ч хэрэггүй болно. Харин ийм нөхцөл байдалд хүрвэл улс төрийн сөрөг хүчнүүдийн хүсэн хүлээсэн улс төрийн тавцангаас Монгол Ардын Намыг арчих бодлогыг бид өөрсдөө гардан хэрэгжүүлэх нь тэр болно.

Энэ удаагийн Их хурлаар одоогийн Багын хурлын гишүүдийн талаас илүүгүй хувь нь улиран сонгогдож үлдсэн тал хувьд нь шинэ залуу намын боловсон хүчнүүд Бага хурлын гишүүнээр сонгогдон орж ирж байж л сая Монгол Ардын Намын шинэчлэлийн нэг тод илрэл болж чадна гэж хэлж ярьж байгаа намын гишүүд ч байна. Тэдний үнэлж дүгнэж байгаагаар хуучных шиг хэн нэгэн даргын хайрцаглаж оруулж ирсэн бодлогын гэсэн сүржин тодотголтой жагсаалтыг энэ Их хурал нухацтай хэлэлцэж, заалнаас нэр дэвшиж буй хүмүүсийг нэрсийн дэс дарааллаар нь жагсаалтанд оруулж байж намын дотоод ардчиллын тухай ярьж болно гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Эдгээр санал, байр суурь нь Монгол Ардын Намын шинэчлэгдэж чаддаг юм байна, хариуцлага тооцож чаддаг юм байна гэсэн мессежийг нийгэмд хүргэхэд чухал ач холбогдолтой.

Ингэхээр Монгол Ардын Намын ХХVII Их хурлаар шинэчлэн найруулж батлагдах мөрийн хөтөлбөр, дүрэм зэрэг бодлогын баримт бичигт Бага хуралын гишүүдэд тооцох хариуцлагын механизмыг боловсронгуй болгож, одоогийн (ХХVI-ХХVII Их хурлын хооронд байсан) Бага хурлын гишүүдээс эхлэн хариуцлага тооцож шинээр сонгогдох Бага хурлын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх нь зүйтэй.

Гурав. Монгол Ардын Намын ХХVII Их хурлаас гарах бодлогын баримт бичиг, шийдвэрээс нийгмийн сэтгэл зүйн хүлээж буй нэг том хүлээлт нь МАН – жирийн иргэд, гишүүд, дэмжигчидтэйгээ хэрхэн хамтран ажиллаж, тэдний үзэл бодол, ахуй амьдрал дээшлүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх бол, намын удирдлага жирийн гишүүн хоёрын амьд хэлхээ холбоо сэргэж, бүрэлдэж чадах эсэх асуудал юм. Товчоор хэлбэл хүн мартдаггүй даргатай, хүнээ хаядаггүй удирдлагатай, хүнээ ганцаардуулдаггүй хамт олонтой байхыг жирийн гишүүд дэмжигчид хүсэн хүлээж ирсэн нь нууц биш. Жирийн гишүүд дэмжигчдийн энэ горьдлого, хүлээлт, сэтгэлийн мухар дахь энэхүү тээлтийг хэрхэн шийдвэрлэхийг тэд энэ удаагийн намын Их хурлаас л хүлээж байна.

Жирийн гишүүд дэмжигчид намын дарга, удирдах албан тушаалтнуудын хоорондын харилцаа холбоог амь оруулж, гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх хамгийн гол арга нь улс төрийн болон албан тушаалын аливаа томилгоог ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулж, НАШБ болон гүйцэтгэх албанд олон жил ажилласан гишүүд дэмжигчдээ бүрэн хамруулах нь чухал.

Эцэст нь дүгнэн хэлэхэд, өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд Монгол Ардын Намын дарга цэрэг нь хэн болох нь нийгмийн сэтгэл зүйд онц чухал биш харин өнөөдрийн яриад буй шинэчлэлээ хэрхэн, ямар арга хэлбэрээр хийх нь л олон түмний анхаарлын төвд байна.

Монгол Ардын Намын шинэчлэлийн гол амин сүнс нь үзэл баримтлал, зан үйлийн шинэчлэл байх ёстой. Энэ шинэчлэлд хүрэхийн тулд одоогийн шинээр сонгогдох Бага хуралд намаа гэсэн сэтгэлгээтэй, улс төрийн туршлагатай, мэдрэмжтэй хүмүүс орж байж л зан үйлийн шинэчлэлийн асуудал яригдана. Монгол Ардын Намд иргэний зориг гаргах, гишүүд дэмжигчдийнхээ итгэл найдвар дээр тулж өндийх цаг үе нь ирлээ.

 

Ц.Заяхүү /Социологич-нийгмийн сэтгэл зүйч, докторант/

Тулах цэг клуб 2013.10 сар


URL:

Сэтгэгдэл бичих