”Гайхалтай” хууль батлах эрх УИХ-д байхгүй
Сүүлийн үед УИХ-аас батлагдан гарч буй хуулийг хэн дуртай нь шүүмжлэн, амны зугаа болгож тайлбарлах болов. Хууль үнэ цэнэтэй байхын тулд хэрэгждэг байх ёстой гэсэн энгийн дүрэм бий. Гэвч энэ дүрэм алдагдаж. Түүнчлэн тооцоо судалгаа хийлгүйгээр хууль батлах болов. Энэ мэтчилэн засварлах шаардлагатай хууль гаргасаар байвал иргэдийн хуульд итгэх итгэл суларч, хуулиас гадуурх өөр зохицуулалтын арга хүчээ аван өндийх юм. Иймд хэн нэгэнд гай, хал болох хууль гоожиж буй зарим нүхийг тодорхойлох цөөн жишээг дурдая.
Нэг. Хураамжийн хэмжээ савлав
Хамгийн сүүлийн тохиолдол болох Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд оруулсан толгой эргэм том хураамжууд “зарчмын зөрүүтэй санал” гэх нүхээр оржээ. Уг нь Засгийн газраас хураамжийн хэмжээг тодорхой тооцоо судалгаатайтайгаар оруулж ирсэн гэдэг. Сүүлийн 20 жил өөрчлөгдөөгүй байсан хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь нэг талаас төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хэн дуртай нь хүссэн газартаа архи пиво зараад, баар ресторан ажиллуулаад, дуртай газартаа ШТС байгуулаад хажуу хавирганыхнаа бэлбэлээд байхаас сэргийлсэн хэрэг. Улаанбаатарт ажиллаж байгаа архи, согтууруулах ундааны үйлдвэр, зарж борлуулдаг цаг, архи согтууруулах ундаагаар үйлчилдаг газрууд нь хүн амынхаа тоо хэмжээнээс хэд дахин давчихсан байсныг нөгөө гайтай “Азийн чоно”-ын хэргээс болж нэг удаа санасан ч тэгсгээд мартсан билээ. Тиймээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлснээр энэ олон хяналтгүй хэрэглээг тодорхой хэмжээгээр хумих, бас энэ төрлийн бизнес эрхэлдэг нөхдүүдийг нэгтгэж, чанартай, соёлтой хэрэглээг бий болгохоор зорьсон байх гэж би хувьдаа боддог юм. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл анх боловсруулсан хуулийн төсөл дээр нэг сая төгрөг байхаар зохицуулсан байж. Гэтэл Байнгын хорооны хуралдаан дээр хөндлөнгийн санал буюу зарчмын зөрүүтэй санал орж ирээд, тэр саналыг нь дэмжиж шуураад, архины үйлдвэр, худалдааг өөгшүүлж болохгүй гээд 20 сая байх нь зүйтэй гээд дэмжээд явчихсан. Найман нэрийн барааны дэлгүүрт олгох тусгай зөвшөөрлийн тэмдэгт 60 дахин өсч 10 сая 250 мянга, Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд тэмдэгтийн хураамжийн 26500 төгрөг дээр 35000-ыг нэмж, Байгаль, орчин аялал, жуулчлалын яамнаас 12500 төгрөгөөр олгож байсан бүх тусгай зөвшөөрлийг төрлөөс хамааруулаад 75 сая төгрөг хүртэл өсгөжээ. Харин хууль батлагдсаны дараа нийгмийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч дахин хуулийг эргэн харах болсноо хууль тогтоогчид хүлээн зөвшөөрөв. Засгийн газар хураамжийг бууруулах нь зүйтэй гэж үзэж саналаа УИХ-д дахин хүргүүлэв. УИХ ч энэ хуулийг өөрчлөн засах нь тодорхой болж намын бүлгүүд эхнээсээ хэлэлцэж эхэллээ. Тэгэхдээ 10 саяар баталсан хураамжийг тав биш, гурав ч биш, бүр 1,5 сая руу буулгахаар ярьж байна. Хураамжийн хэмжээний энэ савлалт нь араасаа “хууль савлагаатай” гэх ойлголтыг бий болголоо. Хууль тогтоож байгаа нөхдөд нэг тэрбум, нэг сая хоёрын хооронд нэг их ялгаа алга.
Хоёр. Төрөөс нөхөн төлбөр нэхэв
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу урт нэртэй хууль баталсныхаа дараа тооцоогоо хийсэн тохиолдлын хамгийн том жишээгээр тодров. Энэ хууль батлагдаад хоёр жил өнгөрөхөд үүнийг давах маапаантай хууль арай л гарсангүй. Санаа нь хэдий зөв ч хуулийг хэрэгжүүлэхэд гарах зардал, учирч болох эрсдлийг тооцоогүйгээрээ ийнхүү алдав. УИХ-ын гишүүд ч “хамгийн гол хариуцлага Засгийн газарт биш, УИХ-д өөрт нь ирэх ёстой” гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Хэлснийхээ дараа боддог хууль тогтоогчидтой боллоо.
Гурав. Татвар төлөгчдийн мөнгийг тараав
Арилжааны банкинд буй хадгаламжид баталгаа гаргахыг хуулиар баталгаажуулав. Энэ хууль батлагдсанаар хамгийн эхэнд Анод банк дампуурч, гарсан хохирлыг төр гаргахаар болсон. Төр ч гэждээ, татвар төлөгчид бид. Анод, Зоос банк дампуурахад тухайн банкинд байршиж байсан иргэдийн хохирол төрд ирсэн. Зоос банкинд 100 тэрбум төгрөгийн бонд гаргасан, Анод банкинд 150 орчим тэрбум төгрөг зарцуулав. Долдугаар сарын 1-нд хохирсон хохирогчдын хохирол барагдуулах ажлыг ч хуулийн дагуу олгосон нь үүнтэй адил. Татвар төлөгчид “бидний мөнгийг өөрсөд маань зарцуулахгүй байна” гэж бухимдацгаав.
Дөрөв.Ажлын давхардал бий боллоо
Засгийн газрын бүтцийн асуудлыг сайжруулах зорилгоор хууль гаргасан ч ажлын давхардал бий болгожээ. Хуулиар тогтоосон бүтэц төсвийн урсгал зардлыг өсгөсөн бөгөөд нэг ажлыг төрийн хоёр гурван яам агентлаг хариуцахаар болгов. Баялаг бүтээдэггүй, ажлын байр нэмэгдүүлдэг төрийн байгууллагын албан хаагчдыг нэмсэнээр төсөвт ачаалал нэмэгдэв. Үүнд, зөвхөн жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг хариуцдаг хоёр, гурван газар бий болжээ. Хуулиар Жижиг дунд үйлдвэрийн газар гэж бүтэц Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд байдаг. Гэтэл Сангийн яаманд Жижиг, дунд үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх алба, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх дээрх асуудалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг газрууд бас байна. Төрийн байгууллага томрохын хэрээр иргэдийн итгэл багассаар байна.
Энэ мэтчилэн УИХ-аас бий болгосон “гай халтай” хуулийн жагсаалтыг үргэлжлүүлэх боломжтой ч ингээд түр зогсооё. Хэрэв хууль тогтоогчид энэ хэвээр асуудалд хандсаар байвал удахгүй олон орны хамгийн “тэнэг” хуулиудын жагсаалтад удахгүй тууж явах биз.
Тав. Ишлэх нь
Дэлхийн улс орон, хотуудад гайхалтай гэмээр олон хууль одоо ч үйлчлэх хүчин чадлаа алдаагүй байдаг. Чикагод шатаж байгаа байшинд хоол идэж болохгүй. Миссүрид гал сөнөөгчид чармай нүцгэн эмэгтэй хүнийг аварч болохгүй. Айовад гал сөнөөгчид дуудлага аваад гарахаасаа өмнө 15 минут сургуулилт хийх ёстой. Техас мужид зочид буудлын хоёрдугаар давхрын цонхоор одос үхэр буудаж болохгүй. Канадын Торонтод амралтын өдөр гудамжаар үхсэн морь чирч явахыг хориглоно. Израйлд хагас сайн өдөр нусаа нийх хориотой. Өмнөд Солонгост замын цагдаа хахууль авсан бол тухайн өдөртөө багтаж удирдлагадаа мэдэгдэнэ гэх зэрэг.
Гэвч энэ хуулийн зохицуулалтууд нь эрх зүйн бүл гэж нэг зүйлтэй холбоотой. Эрх зүйн бүл гэдгийг тайлбарлавал эрх зүйн үүсэл, хувьсал, хөгжлөөрөө нэгдмэл, эрх зүйн эх сурвалж, ухамсар, соёл боловсрол, бусад элементээрээ ижил төсөөтэй шинжүүдийг агуулсан улс орнуудын эрх зүйн тогтолцоог бүлэгчлэн авч үздэг ойлголт юм. Улс орнуудын эрх зүйн бүлд Ром-Германы эрх зүйн бүл, Англо-Саксоны эрх зүйн бүл томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд үндсэндээ дэлхийн улс орнуудын дийлэнх нь эдгээр хоёр бүлд хуваагдсан байдаг юм. Манай улсын эрх зүй нь Ром-германы эрх зүйн бүлд хамаарагдах бөгөөд бичигдмэл хуулийг эх сурвалжаа болгодог онцлогоороо энэ бүлд багтжээ. Энэ бүлийн улс орнуудад хууль дээдлэх зарчим хэрэгжиж, хуульд нийцсэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг чухалчилдаг. Харин Англо Саксоны бүлд эрх зүйн үндсэн эх сурвалж нь шүүхийн прецедент буюу өмнөх жишгийг адилтган авч үздэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэрэг гарвал өмнө үүнтэй адил хэргийг хэрхэн шийдвэрлэж байсан тухай шүүхийн шийдвэрүүдийг авч хэрэглэнэ гэсэн үг.
Америкийн зарим мужид бүтэн сайн өдөр үнсэлцэхийг хориглодог. Тэгвэл тухайн хууль гарсан шалтгаан нь тэр үеийн хүмүүсийн сүсэг бишрэлтэй холбоотой бөгөөд бурханд мөргөдөг өдрөө үнсэлцэх нь зохимжгүй гэж үзсэнээс ийм хууль гаргасан байна. Францад рестораны эзэн эмэгтэй ажилтнууддаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд очжээ. Арван тогооч түүнд дарамтлуулснаа мэдүүлсэн байна. Гэвч нилээдгүй сунжирсан шүүх хуралдааны сүүлд шүүх уг эмэгтэйг зөвтгөсөн шийдвэр гаргах нь тэр. Учир нь түүний өмгөөлөгч архив ухаж байж нэг хууль гаргаж ирсэн ба энэ хуулиар бол дундад зууны газрын эзэн, одоогийнхоор бол ажил олгогч этгээд газар дээрээ ажиллаж байгаа эрчүүдийг дураар эдлэх эрхтэй байжээ. Өнөөг хүртэл цуцлаагүй байсан, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөрт тооцогдох энэ хууль өнөөх эмэгтэйг аварчээ. Лос-Анжелест мэлхий долоож болохгүй гэх хууль үйлчилдэг. Энэ нь бас л учиртай. Тэр хавийн нэг төрлийн мэлхийний хайрснаас донтуулагч бодис ялгардаг бөгөөд үүнийг нь мэдсэн өсвөр насныхан долоож мансуурах болсон аж. Хууль тогтоогчид тэднийг мансуурсан гэвч хар тамхи татаагүй болохоор аргагүйдэж эцэст нь ийм хууль гаргаж байж дарж авсан гэнэ. Мичиганд олон нийтийн газар наймаалжаар шидэлцэж болохгүй гэх хууль бий. Энэ хууль 1952 онд батлагдсан бөгөөд Стэнлийн цомын тэмцээнтэй холбогдож гарчээ. Детройтын Red Wings багийн шүтэн бишрэгч багаа аврага болоосой хэмээн бэлгэдэж наймаалж шидсэн бөгөөд үнэхээр тэр баг нь ялалт байгуулжээ. Үүнээс хойш хоккейн фанатууд талбайд наймаалж шиддэг “өвчтэй” болсон аж.
Хэдэн арав, хэдэн зуун жилийн өмнө гарсан дээрх “гайхалтай” хуулиудтай барьцах гээгүй л юм бол УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа анхаарал хандуулахаас өөр арга байхгүй. Тэгээд ч эдгээр хуулиуд бүгдээрээ өөр эрх зүйн бүлтэй улсуудад байгааг ч анхаарахгүй орхиж болохгүй. УИХ-д ядаж л энэ мэтчилэн өмнөх үеийн засч өөрчлөх зүйл байхгүйгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, бидний багтдаг эрх зүйн бүлийнхэнд буй давуу тал бол ямар хууль эрх зүйн орчинтой байхыг хууль тогтоогчид нь шийддэгт байгаа юм. Ингэхээр гаргасан бүтээлийнхээ төлөө хүлээх хариуцлага УИХ-д өөрт нь оногдох бөгөөд “гай халтай” хуулийг батлах эрх УИХ-д байхгүй гэсэн үг.
Б.ЭНХМАНДАХ
URL: