Эрх баригчдын хаацайлдаг “Мөнхийн баян гал”-ыг нутгаасаа хөөе

      Гаднаас ажиллах хүчин авдаг нь аливаа орны жишиг хэдий ч манай улсын хувьд ажиллах хүчний хувьд туйлын хяналтгүй ажиллаж байгаа нь бүхий л зүйлээс харагдах боллоо. Нөгөө талаар Монгол Улсын нутаг дэвсгэрт дурын нэг улс хууль хяналтын дээгүүр гишгиж үйл ажиллагаа явуулах болов. Өөрөөр хэлбэл бүрэн улсын Үндсэн хуулийг үл тоон үйл ажиллагаа явуулж байна.
Мэдээжийн хэрэг улсын хууль зөрчин ажиллаж байгаа гаднын ААН-үүдийн ар талд манай нөлөө бүхий улстөрчид байдагт хэн эргэлзэх билээ. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий, Хятадын төрийн эзэмшлийн  “Мөнхийн гал баян” хэмээх цементийн үйлдвэр баригдаж байна. Тус үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгчид 2009 онд шавь тавьж, тууз хайчилж байлаа.
Тухайн үед гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр баригдах гэж байгаад дотоодын үйлдвэрлэгчид болон зарим эдийн засагчид, холбогдох төрийн бус байгууллагууд эсэргүүцэж, өөрсдийн байр суурийг илэрхийлж,  хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ талаар дуу хоолойгоо хүргэж байсныг уншигч та санаж байгаа байх. Энэ цагт зарим хүмүүсийн шударга тэмцлээс үүдэн ажлаа хойш тавьж байсан энэхүү цементийн үйлдвэр өдгөө ажлаа эхэлжээ. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуй нэгжид  гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд 2013 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулсан.
Энэ хуулийн 4.7 дугаар зүйлд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулж байгаа Аж ахуй нэгжийн гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэх бөгөөд бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” хэмээсэн нь байгаа ч хятадууд энэхүү хуулийн заалтыг үл тоон үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус үйлдэрийг хуулийн дагуу УИХ-аар ч хэлэлцсэнгүй. Шууд л нэр бүхий цөөн улстөрчийн нөлөөгөөр эхлүүлсэн гэдгийг ч эх сурвалж нуусангүй. Тэд зөвхөн тус хуулийн заалтыг зөрчөөд зогсохгүй, ажиллах хүчнээ ч хууль зөрчин авчирчээ. Тус “Мөнхийн баян гал” нэртэй цементийн үйлдвэр нь 100 гаруй хятад ажилчныг хууль зөрчин авчраад байгаа юм.
Тус төслийг бүх хятадын цементийн нэгдсэн холбоо буюу тус улсын төрийн өмчит компани хэрэгжүүлж байгаа бөгөөд жуулчны визтэй хятадууд газар шорооны ажилд ханцуй шамлан ороод буй. Юутай ч манай улсын Засгийн газраас өгсөн ажиллах хүчний квотод энэ байгууллагын нэр байхгүй юм. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албаны хүмүүс шалгалтаар очиход “Мөнхийн гал баян”-гийнхан зөвшөөрөлгүй оруулж ирсэн хятадуудаа хөдөө хээр жалганд нуудаг гэнэ.
Бага оврын автобусаар үйлчлэн жалганд нуусан хятадууд албаны хүмүүсийг явахаар эргэн ирж ажлаа хийдэг тухай нутгийн иргэд ярьж байна. Мөн тэдний ухсан шуудуу нүхэнд мал орж үхсэн тохиолдол ч цөөнгүй байгааг тэд гомдоллосон юм. Түүнчлэн албан бус мэдээллээс харахад “Мөнхийн гал баян” үйлдвэрийн ар талд манай Ерөнхий сайд Н.Алтанхуягаас эхлээд нөлөө бүхий улстөрчид байгаа гэдгийг ч цухуйлгаж байв. Төрөөс баримтлах бодлого дотор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай асуудал тодоос тод бий. Энэ тухай эрх баригчид ч амаа цангатал ярьдаг. Гэтэл эрх баригчид өөрсдөө гаднын үйлдвэрлэлийг 100 хувь дэмжиж байгаа нь төрийн эсрэг гэмээр үйл ажиллагаа мөн. Нөгөө талаар манай улсын Үндсэн хуулийг ч олон зүйл дээр ноцтой зөрчиж байна. Тэгэхээр шударга төрийн түшээд болон холбогдох албаны хүмүүс “Мөнхийн гал баян” хэмээх хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ үйлдвэрийг хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоож, улмаар эх нутгаасаа гаргах нь зүйн хэрэг. Манай цементийн салбарт дотоодын ААН-үүд тодорхой хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа энэ таатай үед гаднынхан хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа нь нэгдүгээрт Монгол Улсыг басамжилсан хэрэг болно.
Нөгөө талаар хятадууд Монгол Улсыг нэг ч гэсэн зүйлээр өөрсдийнхөө хараат байлгах гэсэн далд бодлогоо хэрэгжүүлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Хэдийгээр “Мөнхийн баян гал”-ыг эрх баригчд хаацайлж байгаа ч ард олны дэмжлэгээр тус үйлдвэрийг эх нутгаасаа хөөж гаргах нь зүйтэй хэмээн нутгийн иргэд гомдоллож байна.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих