Орчин цагийн сэтгүүлзүй ба хараат бус Байдлын тухай асуудалд
М.Одмандах – МУБИС-ийн сэтгүүлзүйн багш, доктор /Ph.D/
Онол практик тэр бүр нийцэхгүй тохиолдол Монголд олон байдгийн нэг нь “хэвлэл мэдээллийн хараат бус байх” зарчим, ойлголт юм. Манай сонин хэвлэл өнөөдөр чөлөөт хэвлэл мэдээллийн гол шалгуурын нэг болох хараат бус байдлыг хангахгүй байгаа нь хэнд ч илт тодорхой харагдах болжээ. Энэ нь чөлөөт бие даасан хэвлэл огт байхгүй байна гэж дүгнэх боломжийг ч зарим нэгэн судлаачдад олгож байгааг энд тэмдэглэе.
Гэхдээ чөлөөт хэвлэлтэй байхын төлөө, хараат бус байхын төлөө ажиллаж байгаа сэтгүүлчид цөөн боловч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Тэр “хараат бус байдал”-ын төлөө ажиллах чин эрмэлзэлтэй сэтгүүлчид нь монголын хэвлэл мэдээллийн салбарыг элдэв бохир зүйлээс авран хамгаалж байгаа хамгаалагчид мөн гэж хэлж болох юм. Бид шинэ үеийн мэргэжилтнүүд учраас өөрчлөлт, хараат бус байдлын төлөө хамтаараа хүчин чармайлт гаргах цаг нь болжээ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе.
Үндсэн хуулийн 16-р зүйлийн 17-д “… төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хүлээн авах, хүлээн авах эрхтэй…” тухай заасан нь төрийн албан хаагчид хэвлэл мэдээллийн салбарт нөлөөлөх гэж оролдолгүй мэдээллийг саадгүй түгээх ёстойг хэлсэн гэж ойлгогдож байна. Гэтэл төрийн албан хаагчид биднийг аль болохоор хааж боож, мэдээллийн хомсдолд оруулж, түүгээрээ дамжуулан хэвлэлд өөрийн хяналтыг тогтоох гэсэн явуургүй оролдлого хийсээр байгааг юу гэж үзэх вэ?
“Глоб интернэйшнл” ТББ-аас хийсэн судалгаагаар хараат бус байдлын эсрэг 40 гаруй үйлдэл бүртгэгдсэн байна. Энэ нь ихэвчлэн хөдөө орон нутагт гарсан байх агаад тэндхийн дарга нар “соц” зангаа тавихгүй байгаагийн том илрэл. Бичсэн материалыг нь хэвлүүлэхгүй байх, хэвлэсэн хойно нь айлган сүрдүүлэх зэргээр өөрийн хараа хяналтанд сэтгүүлчдийг байлгах гэж улайран зүтгэх нь тэдний ажлын үндсэн арга барил болжээ. Тэдгээр хүмүүсийн санаа бодлоор хэвлэл дандаа эрх баригчдын мэдэлд байх ёстой гэж үздэг шиг байна. Ийм үзэл амь бөхтэй оршсоор байх болно.
Хэвлэл мэдээллийн баталгаатай оршин тогтнох, шударга үнэн, олон нийтийн дуу хоолой байхын гол нөхцлийг зөвхөн хараат бус бие даасан байдал олгодог билээ. Гэтэл манай оронд ардчилал хөгжиж, чөлөөт сэтгүүлзүй үүсэн буй болсон тэр л цагаас хараат бус байх ёстой гэж сэтгүүлзүйн тухай зөв бодол, ойлголттой хүн болгон л энэ тухай ярьж, бичиж байсан хэдий ч байдал бахь байдгаараа л байна. Энэ нь юутай холбоотой вэ? Юуны өмнө нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн үеийн завсарын сэтгүүлчид, тэр дундаас соц нийгмийн үеэс эхлээд өнөөг хүртэл хэвлэл мэдээллийн салбарыг удирдаж байгаа хөшүүн хойрго арга барилтай, өөрийгөө боловсруулахаас илүү алдар нэр, албан тушаалаа хайрладаг “хуучирсан мэргэжилтэн”-үүдээс шалтгаалж байгааг хэлэхэд хатуудахгүй байх.
Тэд үргэлж хэн нэгний хараанд байж дассан учраас тэр зангаа одоог хүртэл тавихгүй байгаа юм шиг санагддаг. Энэ нь шинээр ирж буй залуу сэтгүүлчдэд нөлөөлж, тэд ч бас хуучин архаг сэтгүүлчийн замаар явж байна. Ингээд манайд хэвлэл мэдээллийн хараат бус байдал гэдэг зүйл үлгэр болж байгаа юм. Нэгэн жишээ хэлэхэд дадлага хийхээр явсан оюутан сарын дараа хэзээний “шар сэтгүүлч” болчихсон ороод ирж байгаа нь эмгэнэлтэй. Сэтгүүлзүйн ийм бугшмал байдал бидний бэлтгэж байгаа сэтгүүлчдийг ингэж залигаж, үгүй болгож байна.
Хараат бус байдлыг “сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хэн нэгнээс хараат бус байж, олон нийтийн мэдэх эрхэд шударгаар үйлчлэх таатай орчин” юм гэж хэлж болох бөгөөд дараах зүйлсийг хамруулан ойлгодог
- Улс төрийн хараат байдал
- Эдийн засгийн хараат байдал
- Редакцийн хараат байдал
гэж хувааж болох бөгөөд нэг нь алдагдахаар бусад нь мөн ялгаагүй алдагддаг зүйл.
Редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах нэг боломж нь миний бодлоор сонины эзэн, эрхлэгч буюу ажил олгогч, ажилтан сэтгүүлч нарын хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ юм. Тэнд сэтгүүлч болон эрхлэгчийн эрх үүрэг, хариуцлагыг тусгайлан зааж, тэдгээр заалтыг хатуу мөрдөх нь бас нэг алхам байж болох юм.
Хэрвээ таныг ажиллуулж байгаа ажил олгогч тантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагvй бол энэ нь нэг талаасаа хууль бус vйл ажиллагаа юм. Тэгээд ч хөдөлмөрийн гэрээ байгуулах нь нөгөө талаасаа таны эрхийн хамгаалалт болно. Өөрөөр хэлбэл таныг хууль бусаар дуртай цагтаа ажлаас халахгvй, танд гэрээгээр тохирсон цалин хөлсөө тогтоосон хугацаанд тогтмол олгож байх зэрэг чухал ач холбогдолтой юм. Мөн ажил олгогчийн хувьд ч гэсэн Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагvй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгvй” гэсэн байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хамгийн чухал юм. Энд цохон тэмдэглэхэд та бүхэн хараат бус байх талаарх заалтыг тодорхой бөгөөд заавал оруулах хэрэгтэй юм.
Сэтгүүлчид өөрсдөө л хараат бус байхын төлөө тэмцэхгүй бол таны өмнөөс эрхлэгч, хэвлэлийн эзэд, эрх мэдэлтнүүд хэзээ ч санаа зовохгүй бөгөөд харин ч энэ байдалд дасан зохицох, тэр бүү хэл өөрсдийн эрх мэдлийг бэхжүүлэх дамжлага болгон ашиглахад бэлэн байдаг.
Өнөөдөр монголд хараат бус хэвлэл үүсэхэд тохиолдож байгаа бэрхшээлийг дараах байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:
- Сонины эзэн, редактор жижиг сажиг зvй бус явдлын тухай мэдээ, мэдээллийг сониндоо гаргуулдаг мөртлөө нийгмийн тогтолцооны гажуудал эрх мэдэлтнvvдээс хамаатай асуудлыг нийтлэхээс ихэвчлэн татгалздаг;
- Сонины эзэн, редактор тулгамдсан асуудлыг нуух (хэрvvл, маргаан болохоос болгоомжлон) буюу эсвэл анзаарахгvй дvр эсгэдэг (нийгмийн тусын тулд);
- Сонины эзэн, редактор өөрийн нэр төр, албан тушаалд сэв суулгахгvйн тулд хурц асуудлаас тойрч дөлдөг, хэн нэгэн эрх мэдэлтэн хөрөнгө оруулагчдад тал алдахгүйн тулд болгоомжилдог;
- Санхүүгийн хувьд бие дааж чадахгүй байгаа тул хэн нэгэн хөрөнгө оруулагчийн тусламж хүртсэн учраас тэдний дуулгавартай зарц, хараат байдалд ажиллах барьцаанд ордог тал байдаг зэрэг нь болно.
Дээрх байдлаас харахад чөлөөт ардчилсан хараат бус сэтгvvлзvйг хөгжvvлэхэд хэвлэлийн эздийн тууштай хvсэл эрмэлзлэл сул байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Хэвлэлийн хараат байдал нь ардчилсан чөлөөт сэтгvvл зvйн хөгжилд ихээхэн бэрхшээл авчирч байна.
Хэвлэл мэдээллийн хараат бус байдал бол тун адармаатай зүйл бөгөөд энэ нь юуны өмнө сэтгүүлчид мэргэжлийнхээ ажил үүргийг биелүүлэхдээ аливаа хэлбэрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэсэн үндэслэлд тулгуурладаг.
Гэтэл бодит байдал дээр хэвлэл мэдээллийг эзэмшигч нь сэтгүүлчийн өдөр тутмын ажилд хөндлөнгөөс оролцож байдаг. Монголын хэвлэлд “Хэрвээ сонин нь биеэ даасан хараат бус юм бол түүнийг эрхлэн гаргаж байгаа хүн ямар ч улс төрийн нам, байгууллагатай холбоо сүлбээгvй байна. Тэрээр хэн нэгэн хүний төлбөртэй захиалгаар түүний таалалд нийцсэн зүйл нийтлэхийг татгалзана” гэсэн чөлөөт хэвлэлийн номлол үйлчлэхгvй байна. Саяхан “Зууны мэдээ” сонины 2007 оны 10-р сарын 17-ны өдрийн ¹249 (2697)-д сэтгүүлч Ч.Куландагийн бичсэн “Ухралт” нийтлэлд монголын сэтгүүлчдийн ажлын үндсэн арга барил нь төлбөрт буюу захиалгат нийтлэл, нэвтрүүлэг болсон гэдгийг дурдаад тэдний үнэ ханш доод тал нь 500 мянган төгрөг байна гэжээ. Энэ нь хэдийгээр сэтгүүлчдийн цалин хөлс бага, нийгмийн хангамж тааруу байдаг ч чин шударга зан, олон нийтийн эрх ашиг гэдэг зүйл бидний эн тэргүүний зүйл бөгөөд ёсзүйн зарчмаа баримталж, сэтгүүлзүйн нэр хүндийг авран хамгаалах нь зүйд нийцэх учиртай. Манай сэтгүүлзүйн бодит байдал үндсэндээ мөнгөний бүрэн хяналтанд орсон “хараат байдал” гэж дүгнэж болмоор байна.
Мөн санхүүгийн хувьд хараат байх нь хэвлэл мэдээлэл жинхэнэ утгаараа чөлөөт байж чадахгүйг илэрхийлдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдийн засаг ба нийтлэлийн сонирхлыг хооронд нь хатуу зааглаж чадсан тохиолдолд түүний хараат бус байдал хангагддаг ажээ. Хэдийгээр тухайн нийтлэл, мэдээллийг хэвлэн нийтлэх нь түүний бизнест ашиг тустай байлаа ч сонинд хэн нэгний ашиг сонирхлыг бvрэн илэрхийлсэн сурталчилгааны мэдээ, материалыг арилжааны замаар нийтэлсэн тохиолдолд эзэн хүн хэзээ ч сониныхоо нэр хүндийг өсгөж чадахгvй төдийгvй, харин өөрөө хараат болон хувирч буй юм.
Хамгийн гол уршиг нь эдийн засгийн ашиг сонирхол нийтлэл мэдээллийн бодит үнэнийг орхигдуулж байгаад л оршино. Эдийн засгийн сул дорой байдал нь хэвлэл бие даан хөгжихөд бэрхшээл учруулдаг бөгөөд томоохон зар сурталчилгааг байнга нийтлүүлдэг байгууллагууд түүн дээр нь дөрөөлж хэвлэлийг хатуу хяналтандаа байлгахыг хичээдэг байна. Засгийн газарт ч энэ байдал ашигтай байдаг бөгөөд санхүүгээр дамжуулан өөрийн нөлөөгөө тухайн хэвлэлд бэхжvvлж авдаг. Өөрийн ашиг сонирхолд үйлчилсэн мэдээ, мэдээлэл бичүүлэхийн тулд улс төр, бизнесийн хүрээнийхэн цалин багатай сэтгүүлчдийг хахуульдах чиглэлээр ч ажилладаг гэдгийг дээрх жишээнээс харж болж байна.
Үүний зэрэгцээ хараат бус байх нь хэвлэлийн эзний редакцийн бодлогодоо үнэнч байх, сэтгvvлч, редактор мэргэжлийн зарчимдаа туйлбартай байх шаардлагыг хангах замаар тодорхойлогдоно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үнэхээр бие даасан, хэн нэгэн эрх мэдэлтэн, тэрбумтан, ямар нэг улс төр, бизнесийн бүлэглэлээс хараат бус оршин тогтнодог бол түүнийг эрхлэн гаргаж байгаа эзэн мөн юунаас ч хамааралгvй байх учиртай. Тодруулбал, тухайн хүн аливаа нэгэн улс төрийн нам, бүлэглэлийн гишүүн бус байхаар барахгvй тэдэнтэй ил, далд холбоо сүлбээгvй байж гэмээнэ түүний хараат бус байдал хангагдана. Тэр битгий хэл ашиг сонирхлын зөрчил бүхий төлбөртэй нийтлэл нийтлэхээс хүртэл татгалзах ёстой.
Энэ бүхнээс харахад Монголын чөлөөт хэвлэлийн хувьд эзний хараат бус байдал алдагдаж, энэ нь сэтгүүлч, ажилтны шударга, үнэнч ажиллах мэргэжлийн зарчимд нөлөөлж, нэг ёсондоо редакцийн хараат бус байдал алдагджээ. Энэ нь монголын чөлөөт сэтгүүл зүйн хөгжилд сөргөөр нөлөөлж буй томоохон бодит хүчин зүйл мөн.
Хараат бус хэвлэл мэдээллийн орчныг бүрдүүлэх нь
• Хэвлэл мэдээлэл хараат бус байх улс төрийн болон эрх зүйн орчныг судалж, эрх зүйн шинэтгэл хийх, цензур (цагдан хяналт)-ын эсрэг зохистой үйл ажиллагаа явуулах
• Хараат бус ХМХ-ийн эдийн засгийн орчныг судалж, сонгуулийн орлого, хөрөнгө оруулагчдад найдахаасаа илүү зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох мэдлэг, туршлагатай болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулах,
• Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёсзүй, хариуцлагын тогтолцоог оновчтой бүрдүүлэх,
• Мэргэжлийн сэтгүүлчдийг зар сурталчилгааны хариуцлага, үүргээс ангид байлгах, сэтгүүлчийг зөвхөн ажлаа хийхэд нь нөхцөл бололцоогоор хангах чиглэлээр арга хэмжээ зохиох,
• Редакцийн ардчиллын олон улсын зарчмуудыг практик дээр хvлээн зөвшөөрч, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах, үүний тулд хоёр талаас санаачилгатай ажиллах, хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүндээ нарийвчилсан заалтыг оруулж, дагаж мөрдөх,
• Сэтгүүлчид ёсзүйн зарчмаа баримталж, мэргэжилдээ үнэнч байж өөрийн ашиг сонирхолыг хойш нь тавьж, олон нийтийн мэдээлэл хүртэх эрхийг хүндэтгэн мэргэжлийн алдаа, завхрал гаргахгүй ажиллаж, өөрийгөө байнга боловсруулж, хууль, эрх зүй, хөдөлмөрийн харилцааны тухай мэдлэгээ дээшлүүлж байх хэрэгтэй байна.
URL: