Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 13 аж ахуйн нэгж оролцоно
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөц бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг батлав. Үүнд, “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ. Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг энэ онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тонноос доошгүй хэмжээнд барьж байгаа бөгөөд ирэх 2014 онд 80480 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгав.
URL: