АНХААР !!! АЙН РЭНДИЙН УХУУЛГА ЯТГАЛГА МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮҮР ТӨСЛИЙН ХЭМЖЭЭНД ЯВЖ БАЙНА !!!
Яагаад бид Америкийн зүрх сэтгэлтэй нь байлдаж байх ёстой юм бэ?
The Horrors of an Ayn Rand World: Why We Must Fight for America’s Soul
Гарри Вейс
“Айн Рэндийн мөрөөдөж байгаа улс үндэстэн” номын автор
Дэлхийн дахины бүх үүх түүх хэдийгээр тийм сайн сайхан байгаагүй ч гэсэн энэ бол хувиа хичээсэн бэртэгчин үзэл ба өгөөмөр уужим сэтгэлийн хооронд дахь тэмцлийн тухай туульс юм… Бидний эргэн тойронд байгаа бүх муу муухай бүхэн гагцхүү хувиа хичээсэн аминчхан бэртэгчин үзлээс л төрсөн юм. Заримдаа энэ аминчхан бэртэгчин үзэл нь зарим хүмүүсийн ажил үйлс, бүр зохион байгуулалттай хүчин, тэр байтугай засаглал эрх мэдэл болон хувирсан байдаг. Ийм тохиолдолд энэ үзэл суртлыг фашист үзэл гэж нэрлэдэг билээ.
Гарсон Кенин, “Өчигдөр төрөгсөд”-номоос
Та нар намайг улс нийгмийнхээ өмнө ямар ёс суртахууны үүрэг хариуцлага хүлээдэг вэ гэж асуугаач? Би ямар ч үүрэг хариуцлага гэж хүлээдэггүй ээ, надад ер нь падгүй, би ганцхан өөрийнхөө төлөө л амьдардаг, надад ганцхан өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлага л гэж байдаг.
Айн Рэнд, “Атлантын нуруу тэнийв”
Бодит үзлийн (обективизм) гээч ийм аминчхан бэртэгчин үзэл сурталд живсэн Америк орон ирээдүйд чухам ямар болсон байхад эргэлзэх зүйлгүй билээ. Бид нар түүнийх үр дүнг бүрэн үзэж чадахгүй байх аа, гэсэн ч ийм болгож хувиргасан улс эх орныхоо тэр эмгэнэлт хувь заяаны эхний тэр илрэлүүдийг нь одоо бид бүхэн нүдээр үзэж харж байгаа. Магадгүй, ийм илрэлүүд нь хаа сайгүй аль эрт гараад эхэлчихсэн байгаа шүү!!!
“Бодит үзлийн” гээч эрс давруун энэ суртал ба түүний улс, нийгмийн тухай үзэл санаа нь, ерөнхий дүр зургууд нь сүүлийн 50 жилийн турш Айн Рэнд ба Брандены гэр бүлийн “учиртай 3 толгой”, Холбооны Нөөцийн захирал асан Алан Гринспен зэрэг бодит үзлийн бусад онолчид өөрсдийн энэ үзэл санааг олон нийтийн мэдээллээр сурталчилж эхэлсэн тэр цагаас хойш тоогоо алдаж хавтгайрсан юм.
Нэг хэсэг явж байсан хэлэлцүүлгүүдийн үеэр Ярон Брук (Айн Рэндийн нэрэмжит судалгааны төвийн захирал) хүүхдийг хүнд хөдөлмөрөөс хамгаалах тухай хуулиудыг цуцлахыг дэмжиж тэрхүү бодит үзлийн гээч номлолоо л энэ удаа дахин давтсан билээ. Леонард Пейкофф (Айн Рэндийн нэрэмжит судалгааны төвийг үндэслэгч) энэ номлолынхоо бүх утгыг нь “засгийн газар бүр угаасаа муу муухай” гэсэн нэгхэн томьёололд багтаасан юм. Энэхүү улс орон, нийгмийн амьдралыг ингэж үздэг аюултай энэ гажиг үзэл нь хэдэн арван жилээр өөрчлөгдөхгүй байгаа бөгөөд энэ үзлийнхээ хоосон үл гүйцэлдэх сургаалуудыг Рэнд ба энэ үзлийн гол хувилгаанууд эцэс төгсгөлгүй давтсаар байгаа юм.
Тэдний энэ ухаангүй тэгээд аюултай үзэл номлол нь бол:
Ямар ч засгийн газар хэрэггүй, зөвхөн цагдаа, шүүх ба арми л хэрэгтэй.
Ямар ч хяналт зохицуулалт хэрэггүй, ялангуяа засгийн газрын зүгээс.
Ямар ч эрүүл мэндийн тогтолцоо ба хүн эмнэлэгийн тусламж хэрэггүй.
Ямар ч нийгмийн хамгаалал, нийгмийн баталгаа бүүр хэрэггүй.
Ямар ч төрийн өмчийн улсын сургууль хэрэггүй.
Ямар ч төрийн өмчийн улсын эмнэлэгүүд хэрэггүй.
Ямар ч төрийн гэх юм огт хэрэггүй.
Ямар ч төр, төрийн оролцоо хэрэггүй !??
Зөвхөн дор бүрдээ л биеэ дааж хувиа хичээсэн, хэн ч хэнээс ч тусламж гуйдаггүй мөн хэн ч хэнд ч тусламжийн гараа сунгадаггүй, гагцхүү амин хувиа хичээсэн хувь хүмүүс л байх ёстой гэж тэд номолдог !?? Ингэж тэд улс орныг нийгмийг задлан бутаргаж жижиглэж байгаад бүрэн эрхшээлдээ хийж авахаар улайрч байна…
Бодит үзлийн гээч Америк орон эцэстээ юугаар ч хязгаарлагдахаа больсон хувийн ашиг хонжооны, урьд өмнө хэзээд үзэгдэж байгаагүй тийм маш энгийн болхи бүдүүлэг бүүр дарвины тэр харанхуй эрин үе рүү живэн орох болно. Энэ үзэл сурталчид ингэхийг нь сайн мэдэж байгаа. Тэд харин юуг заримдаа тооцдоггүй вэ гэвэл, тэдний өнөөгийн энэ бодит байдлыг ашиглаж байгааг нь тэгээд огтхон ч гэнэн улайрагчид бус байгаа байдлыг нь анзаарах юм бол, хэрэв өнгөрсөн түүхийн бүдүүлэг эринг буцаан эргүүлбэл чухам юу болох вэ гэдгийг тэд тооцдоггүй юм. Эсвэл магадгүй энэ нь тэдэнд огт хамаагүй байж болох юм.
Алан Гринспен барилгын норм дүрмүүд гэж байхыг эсэргүүцэн ярьж байхдаа зохих шаардлагад нийцсэн барилгын ба галын журам дүрмүүд байхгүй байх нь ямар их аюултай гэдгийг бол сайн мэдэж ойлгож байсан билээ. Түүнийг төрөхөөс 15 жилийн өмнө Нью-Йоркт “Трайэнгл Уэйст” үйлдвэр дээр түймэр гарч ихэнх нь эмэгтэйчүүд болох 146 хүн амьдаараа галд шатсан эсвэл өндрөөс үсэрч үхсэн юм. Ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг заавал хангасан байх шаардлагууд гэж тэр үед огт байгаагүй юм. “Трайэнгл”–ийн эзэд пиг дүүрсэн ажлын талбайнууд дээр тэр ажилчдыг чихсэн байсан бөгөөд тэндээс дүрвэн гарах замууд гэж байхгүй байсан, гал түймрээс хамгаалах тэр үеийн журам шаардлага хангахгүй байсан учир тэнд галын шатнууд хүрэлцээтэй байгаагүй юм. Үүний үр дүн бол 1911 оны 3-р сарын 25-нд явган хүний зам дээр энэ компанийн ажилчдынх нь хэдэн арван цогцосууд энд тэнд хөглөрч овоорсон байсан билээ. Гал түймрийн эсрэг зохих шаардлага хангасан дүрэм журам хэм хэмжээ байхгүй ямар ч газар үр дүн нь ганцхан байдаг – амь үрэгдсэн хүмүүс л байдаг юм.
“Бодит үзлийн” энэ ертөнцөд нь жирийн хүмүүс бидний хувьд заавал байх ёстой гэж үздэг төрийн үйлчилгээ, нийгмийн чиглэлтэй зохих албан үүргүүдийг огт өөрөөр авч үздэг. Эдгээр үйлчилгээ, албан үүргүүд нь зөвхөн хумигдах, цомхотгогдох биш ээ, эцэстээ ердөө л зүгээр огт алга болгосон байх ёстой ажээ. Бодит үзлийн гээч энэ нийгэмд нь өвөл автозамуудыг хэн ч цэвэрлэхгүй, зам гүүрүүд арчилгаагүй болсон тул эвдрэх ба учир нь манай засгийн газар одоо бол ийм нийгмийн үйлчилгээнүүдийг хийхээ нэгэнт больсон байх юм. Энэхүү байдал нь аль нэг хувь иргэн өөрийн санаачлагаар зэвэрхийг нь арилгаж элэгдсэн бэхэлгээнүүдийг нь солих гэх мэт энэ бүх нийгмийн сайн сайхны төлөө ажлуудын гаргуунд нь хаясан жолоог санаачлагаараа хувийн гартаа авах нь түүний өөрийн хувийн ашиг хонжооны ашиг сонирхолд нь нийцэж байна гэсэн дүгнэлтэнд ирэх хүртэл үргэлжиж байх ёстой ажээ. Цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг нийтийн эзэмшлийн бүх газрууд, алга дарамхан ногоон байгууламжаас авахуулаад Баруун хязгаарын өргөн уудам орон зайнууд хүртэл дөнгөж саяхан бүрэн эрх чөлөөтэй болж авсан аварга том корпорациудад хуу худалдагдсан байх ёстой аж. Агаарын тээвэр нь ашиг хонжоо олох ганцхан зорилготой капиталистууд агаарын тээврийн шугамуудыг өөртөө ашигтай байдлаар санхүүжүүлэх хүртэл газартаа наалдан хэвтэж байх юм байх. Хэрэв энэ бүхнийг ашиг унагахаар хийж болох юм бол Ок шүү! Хэрэв үгүй бол яая гэхэв зах зээл өөрийн жинтэй үгээ хэлсэн гэсэн үг. Далайн шуурганд хөөгдсөн далайчид эрт дээр үеийнх шиг бүүр ханатлаа живж амиа алдаж байхад эргийн хамгаалалт боомтондоо гараа хамхин сууж байх ёстой юм гэнээ. Үлдсэн жаахан ой модууд түймэрт шатаж байхад, ой хамгаалагчид болон байгаль орчны хууль тогтоомж огт байхгүй болсон учир хамгаалалтгүй болсон ургамал амьтад модгүй, горхигүй голгүй болсон байх мөн овжин сэтгэлгээтэй яахаас буцахгүй авьяаслаг хонжоо хайгчид амиа бодсон бэртэгчин байдлаараа үлдснийг нь бохирлосон байх биз ээ.
Аж үйлдвэржилтийн агаарт хаяж байгаа нүүрстөрөгчийг хязгаарлахгүй юм бол манай гариг тэр чигээрээ өөрийнхөө бий болгосон дулаандаа хуйлагдаж үнс нурам болсон байх ба мөсөн уулууд улам хурдан хайлж цаг уурын аймшигт үзэгдлүүд ердийн хэрэг болсон байх ба давалгаанууд далайн эргүүдийг нэгэнт залгин авах байсан юм. Далайн хар шуургууд, үерүүд ба хар салхиудад дайрагдаж үгүйрч хоосорсон хот суурин газрууд одоо бол энэ бүхэнд буруутай гэдэг мэдрэмжээсээ бүрэн чөлөөлөгдсөн энэхүү нийгмийн бэртэгчин ухамсарыг нь цаашид мэрэхээ больж эцэстээ бүрэн гаргуундаа хаягдсан байх болно.
Орлого багатай хүмүүс болон хөгшин настай хүмүүс бодит үзэлтнүүдийн үзтгэж буйгаар бол хувь хүнийг өөрийг нь эвдэн бусниулж байсан, урьд өмнө үеийн засгийн газраас хөрөнгө оруулж дэмждэг байсан эрүүл мэндийн тогтолцооноос сая нэг юм салж ангижирч одоо бол өнгөрсөн эриний зохиол бүтээлүүдэд гардаг шиг үй олноороо тэгээд эрэлхэг зоригтойгоор үхэцгээдэг болсон байх ёстой ажээ.
Хамгийн бага цалин хөлсний тухай хуулиуд цуцлагдаж дөрөв дэх ертөнцийн маш цөөнх баян эрх мэдэлтнүүдийн хүсч тачаадаж байдаг тийм маш хямдхан ажиллах хүчээр үйлдвэрийн эздийг мөн түүнчлэн өндөр технологийн шинэ компаниудыг ханаж цадтал нь бүүр илүүдэлтэй хангаж байх ёстой аж. Тэд бүх хуулиудын дотроос хэрэглэгдчийн эрх ашгийн хамгаалсан бүх хуулиудыг авч хаясан байх болно. Том хотуудын нийтийн тээвэр нь хотын захиргаанаас өгсөн хөрөнгө оруулалт дуусахын хирээр таг зогссон байх болно.
Корпорациудыг үүнээс хойш дангаар ноёрхлын эсрэг хуулиудаар боолчлоод байхгүй болсон байх ба ийм учраас газар сайгүй монополиуд улам хайр найргүй болж мөн манай гаригийг одоо хэрсэн байгаа үнийн үгсэн хуйвалдаанууд ил гарч ирж ид цэцэглэж байх юм. Төрийн компаниудын тоо өрсөлдөх чадваргүй дуулгавартай цөөнх болтлоо цөөрсөн байх болно. Эмийн том корпорациуд одоо бол өөрсдийн эмүүдийг хүнд аюулгүй мөн үр дүнтэй эсэхийг нь зохих ёсоор шалгалгүйгээр үйлдвэрлэж мөнгөө хийж байх ёстой юм байх. 1963 онд Гринспен хэлэхдээ энэ корпорациудыг зөвхөн нэр хүндээ гэсэн цорын ганц зүйл л тогтоон барьж байдаг гэж хэлж байсан билээ. Харин одоо бол корпорациуд нэгдэн томорч үнүүдээ илт тодоор тохиролцох замаар өрсөлдөөнийг үгүй хийсний дараа зах зээлээс FDA(Хүнс ба эмийн чанарыг хянах удирдах газар)-гийн нэгэн тийм сулхаан орлуулагч л гарч ирэх болно.
Үнэт цааснуудын зах зээлийн бүх хяналт зохицуулалтыг тэд татан буулгах болно.
Корпорациуд, хэрэв тэд үнэхээр хүсэх юм бол, өөрсдийн үйл ажиллагааг хэнд ч тайлагнахгүйгээр эсвэл өөрсдөө сонгож авсан дөнгөж өнгөц мэдээллүүдээ хөрөнгө оруулагчид ба үйлчлүүлэгчид харуулж ажилладаг болно. Зөвхөн илт мэдэгдэж байгаа залилангуудыг л мөрдөн шалгадаг болно: өөрөөр хэлбэл нийгэм, нийгэм гэдэг ойлголт нь үнэн хэрэгтээ ямар ч ач холбогдолгүй ойлголт болж хувирсан байх учир олон нийтийг өөрийг нь хувь заяанд нь даатгаж гаргуунд нь нэгэнт хаясан байх болно. Дотоод нууц мэдээллүүдийг ашиглаж хийсэн шударга бус луйварын гэрээ хэлцлүүд бүүр тогтсон дүрэм мэт болсон байх болно. Уолл Стриит эцсийн эцэст сая нэг юм жинхэнэ ёсоор гэнэн хүмүүсийг хулхидагч машин болсон байх болно. “Худалдан авагч өөрөө бүхнээ хариуцах ёстой” гэдэг зарчим 50 муж улсуудын хянан зохицуулагчдыг мөн Үнэт цаас ба биржийн комиссыг орлодог болсон байх болно.
Орлогын албан татварууд өнгөрсөн үетэйгээ хамт сураггүй алга болж хөдөлмөрийн байцаагчид байхгүй болсон байх тул ямар нэг хараа хяналтгүй болсон үйлдвэрүүд дээр цагийн 10-хан центээр ажилладаг бага орлоготой ажилчин хүмүүс ч өөр улс орнуудад далайн цаана суугаа тэрбумтан боссуудтайгаа яг адилхан 0 хувийн татвартай цалин авдаг болоод баярлан суудаг болох гэнээ. Ямар ч татвар төлдөггүй болсон учир үеэс үед улам их баяжих бүхэл бүтэн удам дамжсан баян гэр бүлүүд гарч ирэх ёстой аж.
Өөрсдийн бэртэгчин байдалдаа бүх зүйлийг захируулах гэж улайрч байдаг баячуудын далд зорилготой төсөл хөтөлбөрүүдэд нь хөлслөгдөж байгаагаас бусад нь, ашгийн бус байгууллагууд төрийн тусламж гэж нэгэнт байхгүй болохын хирээр өөрсдийнх нь санхүүжилт ширгэж байгааг олж харах болно. Өөрсдийн “бэлэглэлийн тангаргаасаа” одоо бол татгалзсан хэт баячууд (Уорен Баффет ба Билл Гейтс нарын хандивын кампанит ажил) тэр үед ухамсар нь өчүүхэн ч мэрэхгүйгээр, өөрсдийнх нь тэрбумуудаас болж ядуурсан хүмүүстэйгээ бага зэрэг ч татвараар хуваалцах шаардлагагүйгээр баялаг хөрөнгөндөө жинхэнэ тарвалзан цэнгэж байх болно. Буян үйлдэх хандивын үйл ажиллагаа нь хойно хаягдаж хоцорсон ёс суртахууны хэм хэмжээ, мартагдсан түүхийн хуучирч хоцрогдсон нэг үлдэгдэл болсон байх болно.
Айн Рэнд өөрийн романууддаа номлож байгаа түүний тэр диваажин нь иймэрхүү л дүр төрхтэй байгаа: америкчуудын өвөг дээдэс нь цагаачилж ирсэн тэр үеийн ядуу зүдүү нутгуудыг нь санагдуулам Америк орон, манай нийгмийн олонх үгүйсгэж эсэргүүцэж байдаг боловч нөгөө маргинал текстүүдээс нь болж хязгаарлагдсан нийгмийнхээ сайн сайхны төлөө гэх үзэл санаа устаж баячуудын баян тансаг амьдралын яг хажууд харгис мөлжлөг ядуурал гуйланчлал ба өлсгөлөн цэцэглэж байх болно. Эцэстээ Лос-Анджелес, Чикаго, Нью-Йорк хотууд Каир болон Калькутту шиг гадна талд нь байгаа хагас өлсгөлөн боловсрол мэдлэггүй бөөн ядуусаас баячуудыг хамгаалсан өндөр бетон ханууд эргэн тойрон босгосон хотууд болон хувирах болно.
Ярон Брукын “зөв” байсаан. Энэ дэнсэн дээр улстөрийн бус харин ёс суртахууны, хүний амьдралын гүн ухааны тухай асуудал тавигдаж байгаа юм. Одоо бол ихэнх америкчууд хавтгайдаа, заримдаа бол тэд өөрсдөө хүсээгүй боловч, хэзээ нэгэн цагт тэдний уламжлалт хүмүүжил байсан тэр ёс суртахууныхаа хэм хэмжээнүүдийг хаяж гээсэн юм. Тэд үүнийг элдэв үлгэрүүд санаанаасаа зохиож бурахдаа гаргуун нэгэн эмэгтэйн (Айн Рэндийн) буянаар хийсэн байсан юм.
Дээд язгууртан төмөр баронуудын тухай, яахаас ч буцахгүй сэргэлэн төмөр замын эзэд – асар баячуудын тухай мөн байнга гонгинож байдаг засгийн газрын хүнд сурталт түшмэдүүдийн тухай Айн Рэндийн зохиосон тэр үлгэрүүд нь түүний энэ объективизм үзэл сурталын үндсийг нь бүрдүүлсэн байдаг юм. Түүний энэ газар сайгүй хүчээр түгээж байгаа үглэлийг нь няцаахаар “Эх үүсвэр” номонд нь хандсан нэрт кино найруулагч Оливер Стоуны бүтэл муутайхан боловч оролдлого нь харин Айн Рэндийн энэ үглэлд зориулсан нэгэн эмийг санал болгодог. Энэ бүхнийг тайлбарласан түүний эсрэг кино-хүүрнэл бол ёс суртахуун, ухамсар гэдэг нэг зүйлээ хараахан гээгээгүй энэ уран бүтээлчийг алдаршуулсан, шанаанд тулгасан зөвлөлт нагаан шиг бус харин бүтээн туурвигч ба сайн сайхныг бүтээгч нэгний улстөр юм. (Нэрт кино найруулагч Оливер Стоун энэ романаар нь гол дүрийнх нь үзэл бодол, зан араншинг эсрэгээр өөрчлөж кино бүтээх төлөвлөгөөтэй байсан) Энэ кино бол хувьсгал, иргэний дайн, цөхрөл гачигдалд унасан байсан (1917- 25 оны) Орос орны биш харин итгэл найдварын Америк оронд төрсөн өөдрөг үзэл санаа юм шүү. Энэхүү эсрэг тайлбар хүүрнэл нь хувь хүний бие даасан байдал ба хувийн ашиг сонирхлын ашигтай давуу талыг нь хүлээн зөвшөөрөх боловч үүний хажуугаар хэрэв үүнээс цаашилбал энэ бүхнээс урган гардаг харанхуй хүсэл тачаалуудыг нь – ховдог шунал ба бэртэгчин үзлийг нь тайлбарлан үгүйсгэдэг.
Айн Рэнд ба түүний энэ үзэл санаануудын зүгээс тавьж байгаа дуудлагад хариу өгөхийн тулд эргэцүүлэн сэтгэн бодох шаардлагатай болдог, учир нь ийм үзэл санаанууд нь либертари болон бодит үзлийн (объективизмын) бодлого боловсруулах төвүүдээс Цай Уух Хөдөлгөөн, Конгресс болон магадгүй Цагаан ордон хүртэл тархсан байгаа юм.
Энэхүү эрс давруун капитализмын талаарх Рэндийн энэ үзэл бодолд сөргөөр ханддаг бид бүхэнд бол Рэндийн номуудыг унших нь түүний энэ номууддаа хийсэн байгаа хүн ба хүний нийгмийн талаархи түүний өөрийнх нь тэрхүү урьдчилсан төсөөллүүд ба түүний тэр бичиж байгаа зүйлүүдийнх доторх логикгүй байдал, түүний ухамсар, ёс суртахууны дутагдалтай гажиг байдлыг нь ойлгон авахад хэрэгтэй байж болох юм. Яг л Хүйтэн дайны үед коммунизмыг сөрөн зогсохын тулд түүнийг судалж байсан шиг! Түүний номуудыг уншиж ойлгох нь барууны хэт давруун үзэлтнүүдийн одоо төлөвлөж хийж байгаа тэр зүйлүүдийг нь олж харах, ойлгож ухаарахад, тэгээд дараа нь түүнийг сөрөн зогсоход илүү сайн байр суурийг эзлэх боломжийг олгож байгаа юм.
Бид энэ эмэгтэйн ухамсар, ёс суртахууны цаад үндсийг нь, энэ ёс суртахууных нь бүүр цаадах эх сурвалжуудыг ойлгож авах хэрэгтэй байгаа юм аа. Түүний ёс суртахууны энэ эх сурвалжууд нь лав л дэлхийн агуу том 3 шашин(загалмайтны, лалын, буддын) биш, Тусгаар тогтнолын тунхаглал ч биш, манай Үндсэн хууль ч биш мөн Америкийг үндэслэгчид – манай эцгүүдийн үйл хэргүүд ба тэдний бичиж үлдээсэн гэрээслэлүүд ч биш юм аа.
“Капитализм”, “зах зээл” мөн “хувийн санал санаачлага” зэрэг үгүүд нь Америкийн хамгийн гол үндсэн баримт бичгүүдийн нэгнийх нь ч дотор дурьдагдаггүй юм шүү! Айн Рэндийн хувьд түүний гол дайснууд нь бол зөвхөн Ленин мөн Рузвельтээр тогтохгүй Джефферсон, Руссо ба Пейн нар юм. Америкийг үндэслэгчид – манай үндэстний эцгүүд олигархуудыг мөн бэртэгчин үзлийг хамгаалагчид байгаагүй юм шүү. Тэд эх орныхоо үйл хэрэгт өөрсдийгөө бүрэн золиослож байсан билээ. Тэд улс нийгмийнхээ сайн сайхны төлөө үзэлтнүүд байсан бөгөөд үүгээрээ тэд бахархаж байсан юм.
Өнөөгийн энэ бодит үзэлтэн “найз” нар маань Ёс Суртахууныг манай улс үндэстний хэмжээнд нийгэм-улстөр, эдийн засгийн харилцааны нэг чухал хэсэг болгон хувиргах шаардлагатай цаг ирснийг сануулж байгаа нь зөв юм. Айн Рэнд-д бид бүхэн яаж хандаж байгаагаас үл шалтгаалан бид нар түүний энэ харж байгаа өнцөг, үзэл бодлуудыг нь эргэцүүлэн бодож үзэх, хүний нийгмийн амьдралын тухай гүн ухааны байр сууринаас шүүн тунгаах хэрэгтэй байгаа юм. Бид өөрөө өөрсдийнхөө үндсэн үнэт зүйлүүдийг тодорхойлж илэрхийлэх хэрэгтэй болоод байгаа бөгөөд барууны энэ эрс үзэлтнүүдийн ноцож ноолж байдаг бай болоод байгаа нийгмийн хөтөлбөрүүдийнхээ мөн төрийн байгууллагуудын үйл ажиллаганы ёс зүйн үндсүүдийг нь маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлагатай болоод байна.
Яагаад бид нар бага орлоготой болон настай хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээг нь төлж байдаг юм бэ? Яагаад бид бизнесийг заавал хянаж зохицуулж байх ёстой юм бэ? Яагаад бид бүхэн зам тавьж засаж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн зардлуудыг дааж бас улсын сургуулиудыг барьж байгуулж байдаг юм бэ? Яагаад бид улсын радио, нийтийн тээвэр, улсын амаржих клиникүүд зэрэг жирийн хүмүүс бидэнд шууд үр ашгаа дандаа өгөөд байдаггүй бусад үй олон нийгмийн хөтөлбөрүүдийг хөрөнгө мөнгөөрөө бусад хэлбэрээр дэмжин тэтгэж авч явах ёстой юм бэ? гэдгийн ёс зүйн болон цаад гол шалтгаан үндсүүдийг нь маш сайн тайлбарлан ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа тэдний үзэл сурталд төөрөлдсөн залуу хүмүүст!
Бидний зарим нэг нь би энэ бүгдийн алийг нь ч хийх ёсгүй гэсэн дүгнэлтэнд бас ирж болох юм. Эсвэл бүүр бид нар бүгдээрээ эдгээр нийгмийн байгууламжуудыг бүх талаас нь дэмжин тусалж байх ёстой, нийгмийн бусад ашиг сонирхлуудын бүлгүүд ба тэтгэвэрийн хөгшдийн саналууд бидэнд нөлөөлж байгаа учраас биш, эсвэл ардчилсан намынхан Конгрессын хоёр танхимыг хянаж байгаа тохиолдолд л үүнийг хийж чадна гэж бус, харин энэ бол ердөө л зөв учраас тэдгээрийг дэмжиж байх болно гэсэн дүгнэлтийг хийж болох юм.
Бид хэрэв “бодит” үзэлтнүүдтэй мөн тэдний баруун талынх нь ойрын холбоотнуудтай нь харьцуулах юм бол чухам сайн юм, сайн үйлс гэж юу юм бэ, мөн муу юм муу үйлс гэж чухам юу вэ гэдэг тухай өөр үзэл баримтлалыг эрхэмлэж байгаа бол зөв сайн хэрэг юм. Энэ бол ер нь аливаа хүний ёс суртахууны суурь үнэт зүйлүүдийн тухай асуудал билээ. Бидний ёс суртахууны суурь үнэт зүйлүүд нь манай улс үндэстний түүх уламжлал мөн бидний ертөнцийг үзэх үзлийн уламжлалуудаар уу, аль ЭСВЭЛ “Атлантын нуруу тэнийв”, “Бэртэгчин үзэлтэй сайн явдалтан” бас “Капитализм: Танил бус шүтээн” гэх мэтийн үлгэрийн номуудаар бүрдсэн ч байж бас болох юм.
Бид сонголтоо хийх хэрэгтэй болоод байна – бидний өв уламжлалыг уу аль эсвэл Айн Рэндийг үү гэдгийг сонгох цаг одоо ирээд байна.
Тодруулга:
- Айн Рэнд(англи нэр нь Ayn Rand, унаган орос нэр нь Алиса Зиновьевна Розенбаум, 1905-1982) – том капиталистуудын хүрээнд их нэр хүндтэй, америкийн зохиолч – философч, объективизм – бодитоор харах үзэл гэгчийг үндэслэгч.
- Хаант Оросын Санкт-Петербургт химийн бодисуудын наймаа хийдэг байсан чинээлэг еврей Залман Вольф Розенбаумын том охин болон төрсөн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалын дараа эцгийнх нь эмийн санг нийгэмчилсэн байна.
- Тэр 1921-24 онд Санкт-Петербургийн Их сургуульд суралцаж “нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй” мэргэжлээр боловсрол эзэмшсэн ажээ. Их сургуульд байхдаа Фридрих Ниццег судалсан нь түүний ийм үзэл төлөвшихөд их нөлөөлсөн гэж тэрээр дурсч байжээ. Мөн 1917 оны хувьсгал, иргэний дайны үр дүнд гэр бүлийн бизнес – эмийн сангаа нийгэмчлүүлж “хэлмэгдсэн” нь, мөн багаасаа юмыг санаанаасаа зохиож бичиж түүн дотроо амьдардаг байсан нь цаашдын номуудад нь их нөлөөлсөн гэж үздэг байна.
- 1925 онд ганцаар АНУ-д цагаачилсан байна. Хамаатныдаа сууж янз бүрийн ажил хийж явсаар Голливудад кино зохиол бичигч хийж байгаад жүжигчин Фрэнк О’Коннортой гэрлэсний ачаар 1931 онд АНУ-ын иргэн болсон байна.
- Орост үлдсэн эцэг эх нь дэлхийн II дайны үед 1944 онд Ленинградын аймшигт өлсгөлөнгийн бүслэлтэнд байхдаа нас барцгаасан байна. Мөн түүний анхны хайрт залуу Лев Борисович Беккерманыг 1937 онд троцкист коммунистууд буудан хороожээ.
- Рэнд нийтдээ 4 роман бичсэн бөгөөд коммунизмын эсрэг номууд зохиож Америкт ихэд нэрд гарсан юм. Тэрээр Агуу Их хямралын үеийн, хувьсгал гарахаас айн түгшиж байсан Америкт чухамдаа ийм сэдвийг онцолж сонгож бичиж тэгээд ихэд нэрд гарч байсан шалтгаан нь хэнд ч ойлгомжтой биз ээ.
- Анхны роман “Их үүсвэр” нь бие даан хувиа хичээх ба бэртэгчин үзэл бол хүнийг сармагчингаас хүн болгосон хамгийн сайн чанар гэж зарласныг нь христианы уламжлалт ёс суртахуун, хүмүүжилтэй байсан тэр үеийн америкийн нийгэм хүлээн аваагүй байна. Гэсэн ч Рэндийн энэ романууд капиталист Америкт амжилт олж баяжсан баян хүмүүст голдуу хандсан байсан нь түүний энэ романыг түгээж бэстселлер болгоход их нөлөөлсөн аж. Түүний энэ номууд мөн уйгүй хөдөлмөр, оюун ухаанаараа бус харин капитализмын том гаруудын үзлийг даган баясах замаар өөрсдийн ямар нэг хувийн хүсэлдээ хүрэхийг хүсч байгаа хүмүүсийн дунд ихэд газар авсан байдаг гэж Рэндийн бүтээлүүдийг шүүмжлэгчид үздэг байна.
- “Атлантын нуруу тэнийв” гэдэг түүний гол романд нь чадварлаг, “өөрийгөө бүрэн аваад явдаг хүмүүс” бусдын дээр давамгайлж байдаг гэдэг үзлийг бүх талаас нь харуулах гэж оролддог. Энд төрийн оролцоогүй капитализмын нөхцөлд бүх сайн сайхан зүйл, баялаг бий болж эндээс бусад ядуус ч хүртэж байгаа боловч эцэст нь капиталистуудыг үзэн ядаж тэднийг муу муухай бүхнээр дайрч байна гэсэн санааг зүтгүүлдэг. Гэвч энэ бол зөвхөн нэг өнцгөөс харж бичсэн мөн санаанаасаа зохиож бичсэн роман тул бодит байдал хараахан тийм бус юм.
- Энэ романы дүрүүдээс өөрсдийгөө олж харж байгаа хамгийн баян хүмүүс түүний энэ үзэл санааг нь, түүний номнуудыг нь бүх талаар дэмжиж түүний зохиолуудаар нь тавьж байгаа кино, жүжгүүдийг нь далдаас санхүүжүүлж сурталчилж байдагт гайхах зүйл огт байхгүй юм. Хэдийгээр Рэнд аливаа үзэл санааг ямар нэг байдлаар шүүн тунгаахгүйгээр шууд л итгээд хүлээгээд авахын эсрэг байдаг гэж ярьж байсан ч түүний энэ романууд нь зарим хүмүүсийн ёс суртахуун, дотоод ертөнцтэй нь амархаан ханьсаж тэднийг “зоригжуулж” байдаг байна.
- Хэдийгээр Айн Рэнд хүний сэтгэлзүйн тухай, хүний нийгмийн тухай өндөр мэдлэгтэй мэргэжлийн хүн байгаагүй ч чухамдаа яг эдгээр сэдвүүдээр бичиж байсан ба энэ нь бодит мэдээллүүдэд үндэслэсэн нийгмийн тухай нэгэн шинэ онолыг гаргаж ирэх бус харин өөрийн зохиосон нэг онолдоо Хүнийг өөрийг нь тааруулж бичиж байсан гэж шүүмжлэгчид үздэг байна.
- Рэнд нийгмийн сайн сайхны төлөө үзэл – альтруизмыг үзэн яддаг байсан ба Фридрих Ницце-ийн философийг өөрийнхөө “Хүчтэй нь бүгдийг эзлэн авах ёстой, харин сул доройчууд нь мөхөх ёстой” гэдэг объективист үзэлтнүүдийн дунд жигүүрт үг болж тархсан уриагаараа дэмжиж байжээ.
- Айн Рэнд мөн феминистуудыг (жендерийн үзлийг) үзэж чаддаггүй байсан ба тэд ч бас түүнд зохих хариуг нь барьж иржээ.
- Айн Рэнд өөрийн амьдралдаа, зохиол бүтээлдээ капитализмыг бурханчлан шүтдэг байсных нь хариу болгож түүнийг халуун дэмжигчдээс нь 1982 онд Нью-Йоркт болсон өөрийнх нь оршуулга дээр цэцгээр асар том долларын тэмдгийг хийж тавьсан байсан байна…
- Манайд энэ романы “Atlas Shrugged“ нэрийг нь хүртэл ойлгоогүй, буруу орчуулсан байгаа. Учир нь Atlas – Атлант гэдэг бол Атлантын далайн зүүн эргийн Баруун Европ(Их британи ба Франц) ба баруун эргийн АНУ, Канад улс гүрнүүд гэсэн утга бүхий барууны геоулстөрч Хэлфрод Макиндрийн анх хэрэглэсэн геоулстөрийн нэг нэр томьёо юм. Харин Shrugged гэдэг бол үл тоомсорлох, үл тоон мөрөө хавчих гэсэн утгатай англи үг юм. Ийм учраас “Атлантын гүрнүүдийн ноёрхол ирсэн нь” гэж орчуулбал энэ номын цаад үзэл санаанд илүү дөхөж очих болов уу.
Эдийн засагч Б. Болорболд
URL: