Солонгос киногоор “бөөстсөн” телевизүүдийг залуус Монголоороо байхыг сануулж эхэллээ

sokino01Аливаа юмны тун хэтрэхээрээ хүмүүсийг залхааж, эцэстээ бүр үзэн ядалтад хүргэж, сүүлдээ үндэсний аюулгүй байдалд ч гэм хор учруулахыг хэн үгүйсгэх билээ. Өнөөдөр Монголын олон телевизээр орой болгон дунджаар 5-6 Өмнөд Солонгосын олон ангит кино буюу олноо алдаршснаар “Савангийн дуурь” цацагдаж байна.

“Савангийн дуурь” гэдэг хэллэг 1940-өөд онд Америкт анхлан гарсан юм билээ. Анхны шахуу олон ангит киноны дундуур нэгэн савангийн компани рекламаа цацдаг байж. Тиймээс байсхийгээд л саван дундуур рекламдаад байхаар нь “Савангийн дуурь” гэж нэрлэснээс хойш дэлхий дахин ингээд заншчихаж.

Монголд анх Венесуэлийн “Халтар царайт” гэдэг олон ангит кино гарч, тэр үед Улаанбаатарын гудамжинд нэг ч хүн үзэгдэхгүй болж, автобус хүртэл радиогоо тэр кино дээр тааруулаад зогсчихдог байж билээ. Зорчигчгүй автобус зогсож байхаас биш яахав. Нүд нь сохорсон Стерлита хэмээх бүсгүйн зовлон эхлээд монголчуудыг үнэхээр байлдан дагуулсан. Яахав, юм үзээгүй нүд тайлаагүй монголчууд 20 жилийн өмнө тийнхүү “Савангийн дуурь”-ийг амаа ангайлган шимтэж үзсэн.

Харин сүүлийн үед Солонгосын савангийн дуурь Монголын телевизүүдийг бүрэн эзэлчихээд байна. Телевизүүдийг дагаад Солонгос кино, соёл, орчин монголчуудыг эзэрхийлж эхлээд байна гэсэн үг.

“Маск”-ынхан Солонгосын эдгээр киног даапаалахдаа “Нэг хүнд хэтэрхий олон зовлон үүрүүлдэг” хэмээн онцолсон нь бий. Ертөнцийн бүх зовлонг алдхан биетэй бүсгүйд юмуу залууд овоолчихоод орой болгон монгол эмэгтэйчүүдийг дэлгэцнийхээ өмнө уячихаад байгаа энэ үзэгдэл бол зөвхөн Монгол биш Азийг тэр чигээр нь залгичих шахаад байгаа эмгэнэл юм.

Кино урлаг гэж нэрлэхэд хэцүү, жүжигчний ур чадвар гэж хэлэхэд хэцүү олон ангитай зовлонгоор “чимэглэсэн” энэхүү цуварсан үйл явдлууд нь үзэгчдийг олон цагаар дэлгэцийн өмнө уях увдистай нь тодорхой байгаа. Гэвч үүнийг увдис гэхээсээ илүүтэйгээр Монгол улс маань ямар ч замбараагүй, бодлогогүй байгаагийн тод илрэл гэж ойлгож болох юм. Телевиз мэдээллийн хэрэгсэл гэдэг маш том зэвсэг, ухуулагч. Үүгээр байдаггүй зүйлийг байдаг болгож, худал зүйлийг үнэн болгож өгүүлснийг үнэндээ очиж, мэдэхийн аргагүй үлдэх нь элбэг. Тиймээс телевизээр юу цацах, бас ямар хэмжээтэй байхыг бодолцож баймаар санагдана.  Гэртээ очоод зурагтаа асаахад л яалт ч үгүй гараад, орилоод, хорлоод, уугаад байгаа зүйлийг хараад хүн бүр анзаарч, эцэстээ хөнгөн татагдаж, дараа нь хэрэггүйг нь мэдсээр байж хараад суучихдаг. Энэ нь үнэндээ Монголын телевизүүд өөдтэй нэвтрүүлэг хийхгүй байгаа, Монголд бас олны анхаарлыг татчихаар кино цөөн байгаагийн илрэл биз.

Солонгос киноны зовлон, шаналалт баатруудыг үзэж байгаа хүмүүсийг буруутгах юу байхав. Өөр зүйл телевизүүд үзүүлэхгүй байгаа болохоор харахаас л биш яахав. Харин телевизүүд үүн дээр бодлого барьж, телевизүүдийн холбоо гэх мэт байгууллага байдаг бол тодорхой хэмжээний цензур тавьж, ядаж л ирээдүй хойч үеийнхээ талаар хааяа ч гэсэн бодолхийлмээр.

Монголчууд ер нь бөхөлзөж, нахилзсан Азийн бусад орнуудын ард түмнээс арай өөр хүмүүжилтэй, түүхтэй хүмүүс билээ. Тиймээс ч сүүлийн үед хэсэг монгол залуус энэ дуусдаггүй, дундардаггүй Солонгос киног телевизүүдээр гаргахыг цөөлөхийн төлөө тэмцэж эхлээд байна.

Зэрвэс харахад Солонгосын савангийн дуурийн эсрэг тэмцэх нь утгагүй мэт санагдах боловч үүний цаана монгол хүн монголоороо байх, монгол хүн солонгосжихгүй байх гэсэн тэмүүлэл оршиж байна.

Өвөг дээдэс маань тэднийг Солонгос гэж нэрлэсэн. Та бүхэн анзаардаг бол өвөг дээдэс маань их баялагтай газар нутгаа эртнээс мэдэж, Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гэх мэтээр нэрлэчихсэн байдаг. Өөрөөр хэлбэл, юмны чанар чансаа, баялаг нөөцөө маш сайн мэддэг байж. Тиймдээ ч таарсан нэр олж өгдөг байсан хэрэг. Харин тэднийг Солонгос гэж нэрлэсэн. Солонго дагаж гүйхээр юунд хүрдэг билээ дээ.

Яруу найрагч Б.Галсансүх телевизээр “Солонгосоор ярьвал хэлийг чинь огтолно шүү” гэж хэлж үзэгдэнэ билээ. Мэдээж, яруу найрагч хүн бусдын хэлийг огтлоод явахгүй. Монголоороо зөв бичиж, ярьж чадахгүй байж гадны утгыг нь мэдэхгүй хэрнээ хэлбэрийг нь дагасан шинэ залуу үеэ хараад бухимдсандаа хэлж буй үг нь тэр биз.

Ямартай ч энэ Солонгос киноноос үнэхээр хэсэг монголчууд залхжээ. Нэг хэсэг телевиз болгоноор сумо бөх дамжуулаад, үндэсний бөхийн барилдаанаа ч цацахаа байчихсныг санаж байна. Яахав тэгэхэд Асашёорюү анх түрүүлж, монгол хөвгүүд гялалзаж эхэлж байсан үе таарсан. Харин дараа нь телевизүүд аяндаа сонирхол тэгтлээ татахаа больсон сумогоос татгалзаж эхэлсэн. Харин Солонгост ямар ч монгол хүн бөхийнх нь аварга болоогүй. Тэд олон мянган монголчууд харлан ажиллаж, хамаг хар ажлыг нь хийсэн, хийсээр ч байгаа үнэн бий.

Мөн нутагтаа эхнэр авч чаддаггүй бэл бэнчин муутай солонгосчууд Монголын ядуу зүдүү байдлыг далимдуулан хацар гоо охидыг маань эргүүлж, инж багатайхан эхнэр хайж ирдэг үнэн бас бий.

Үнэхээр аливаа юмны тун хэтрэхээрээ утгаа алдаж, улмаар аюул тарьж эхэлдгийн жишээ энэ болж байна. Бид монгол хүмүүс, тиймээс зурагтаараа монгол кино үздэггүй юмаа гэхэд ядаж Солонгосын савангийн дууриар үр хойчийнхоо тархийг хэрхэн угаалгаж буйгаа хараад суумааргүй байна. Үүний тулд л тэр залуус тэмцэж, хэлье гэсэн үгээ хэлж эхэлж байгаа нь тэр. Монголын бүх телевиз Солонгос киногоор “бөөстөж” болдог юм бол монгол залуус эх нутагтаа “Монголоороо байя” чангахан хашгирах эрхтэй нь дамжиггүй.

Р.Гэгээ

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих