Зайсанд тэмцэгчид биш шантаажчид үүрлээд байна
Зайсангийн аманд үе үехэн тулаан өрнөнө.
Богд уулын хормойд газар өгөхгүй гэсэн хэсэг иргэн, хууль ёсоор эзэмших эрх авсан гэх компани хоорондын маргаан зодоон цохиондоо тулж, чулуу, жад, шийдэмдээ хүрдэг явдал ч бий. Одоогоос нэг жил хагасын өмнө “Монос” групп аялал жуулчлалын бүс байгуулахаар Зайсангийн аманд газар авч байсныг уншигчид санаж буй байх.
Гэтэл энэ хавийн уугуул гэх хэсэг иргэн “Монос”-ынхонтой тулж иргэний дайн дэгдээхээс наагуур юм болж байсан билээ. Харин өнөөдөр “Монос”-ынхон авсан газартаа барилга сүндэрлүүлдгээрээ сүндэрлүүлж, байгаль орчин гээд цамнаад байсан иргэд таг дуугай болсон байна.
Бас нэг жишээ. “Номин” холдинг мөн л Зайсанд газар авч, хашаа хатгаж эхлэхэд нутгийн “индианчууд” босч байсан. “Бэлчээрийн газраа би мэднэ” гэсэн овгорууд “Номин”-гийнхонтой хэрүүл, тэмцэл өрнүүлж байсан цаг саяхан. Дархан цаазат ууландаа эзэн суусан нөхдүүд Зайсангийн амаа авч үлдээд байна уу гэвэл бас үгүй юм аа. Мод, чулуу бариад тэмцэж явсан нөгөө ах, эгчийн зарим нь “Номин”-гийн манаач хийсэн шигээ дараагийн шантаажаа сэтгэж суух аж.
Б.Цэнддоо, нийтлэлч “Хүнээ байж иргэн болно оо хө” гэсэн ээлжит фельетоноо саяхан бичсэн байна лээ. “Хүн байсан бол ингэж болохгүй, тэгж ч болохгүй. Хууль дүрэм ч зөвшөөрөхгүй. Харин иргэн болчихсон байхад намайг хэн хэлж, нохойг хэн саахав. Малаа төллөхөөр ишиг, хургаа төрийн ордонд бойжуулна аа” гэсэн ёгтлол ёстой үнэнийг хэлчихэж. Хүнээ байгаад иргэн болчихсон, хүн алсан ч гэмтэн болохгүй гэж боддог ийм хэсэг иргэний жишээ, рекетчид Зайсангийн аманд нутагшаад олон жил болж байна.
Тэд “Монос”-ынхонтой тэмцээд тав, таван сая төгрөг авч санаа амарсан бол “Номин”-гийнхонтой тэмцэгсэд 700 мянган төгрөг халаасалж, зарим нь харуулын албанд орсноор эсэргүүцлээ зогсоосон гэх юм билээ. “Фенанс” гэх компаниас ээлжит шантаажаа хийж 40 гаруй сая төгрөг хувааж авсан ийм рекетчидийг иргэний төлөөлөл, эр зоригтой тэмцэгчид гэж эндүүрдэгээ болих цаг болсон байна. Зохион байгуулалттайгаар шантааж хийдэг. Зайсан дахь рекетчин нөхдийг илчлэх, тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх цаг нь ч болжээ.
Зайсангийн аманд иргэдийг турхирч, мөнгө салгах ажлыг зохион байгуулдаг найман толгойлогч байдаг гэж байгаа. Жижиг дэлгүүрийн эзэн Цэвэлмаа, “Номин”-г шантаажилж манаач болсон Өлзий гэх хоёр бүсгүй, Чүлтэм, Баатар гээд нэр хөвөрнө. А-гий гэх бас нэг рекетчин нэр нөлөө бүхий зохион байгуулагчдын нэг. “Аксент” маркийн автомашинаа аваарт оруулсан А-гийн машиныг ээлжит шантаажаараа сольчих юмсан гэх яриа рекетчидын дунд ид яригдаж байгаа дүрс бичлэг нууц камерт ч буужээ.
Зайсангийн зүүн суганд одоогоор 60-аад айл суурьшдаг. Тэднээс тэмцэгчдийг хооллож, архидуулах мөнгө цуглуулж, нэг, хоёр хоногийн хоолны мөнгийг чинь зуун мянгаар тоологдох хэмжээнд хүргэнэ гэсэн зохион байгуулагчдын яриаг батлах нэгэн ч байна. Дархан цаазат уулын хормойд тэмцэгчдийн үнэн дүр, төрх ийм. Хэний газрыг хэнээс хамгаалж тэмцээд байгаа зорилгоо тодорхой хэлж чадахгүй дүлгэнэсэн нөхдүүд”Ар гэрийн амьжиргаа хэцүү байна” гэсэн учир битүүлэг үг сөрөг тэмцэгчиддээ чулууддаг гэж байгаа.
Тэгвэл таныг ажилд авъя гэхээр “Доош нь хийлээ” гэж хэлэхэд тэдний сонирхол Дархан цаазат уулаа онгон төрхөөр нь авч үлдэхдээ бус мөнгө салгахдаа байдаг гэдгийг зовлон амссан бизнес эрхлэгчид ярих болоод уджээ. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж үг бий. Тэгвэл Зайсан дахь тэмцэгчидтэй хэлээр ойлголцох боломжгүй гэдгийг хорооны хаширсан цагдаа ч хэлнэ. Арга байж уу, ашиг сонирхол нь өөр юм хойно. Бусдыг шантаажлах аргад гаршсан тэд өөрсдийн тэмцлийг олон нийтээр дэмжүүлэхийн тулд “Хятадын гар хөл газар авах гэлээ, хамгаалалтын албаны хүмүүсээр биднийг зодууллаа” гэсэн цуурхал тараах нь энүүхэнд.
Харамсалтай нь тэд тэмцлийн үр дүнгээ харуулж, Зайсангийн газраа авч үлдсэн нэг ч баримт байдаггүй л байхгүй юу. Магадгүй маргааш таны эзэмшил газарт нөгөө рекетчин нөхөд халдаж, тэмцээд ирвэл битгий гайхаарай. Ээлжит шантааж таныг онилсон гэсэн үг шүү. “Монос”, “Номин”-гоос эхлээд Зайсанд үйл ажиллагаа эрхлэх гэсэн компани, аж ахуй нэгжээс мөнгө салгаж амташсан ийм луйварчдыг өөгшүүлж болохгүйг хуулийнхан анхаарах цаг болжээ. Байгаль дэлхий, газар нутаг ярих атлаа буруу аргаар мөнгө олоод сурчихсан тэмцэгч олширвол Монголын маань хөгжил буруу голдиролтой болно шүү дээ.
Б.Алтантуул http://www.niigmiintoli.mn/
URL: