Ж.Нэргүй: Яамнаас санхүүжилт шилжүүлэхгүй байна гэдэг яриа үндэслэлгүй
Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа эмнэлгийн барилгуудын ажлын гүйцэтгэл хэрхэн явагдаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйгээс тодрууллаа.
-Сүүлийн үед эмнэлгийн барилгын асуудал нэлээдгүй хэл ам дагуулж байна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэчнээн барилга баригдаж байгаа вэ. Ихэнх нь он дамжсан барилгууд байгаа. Хэдэн барилга энэ онд ашиглалтад оров?
- Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн салбарын хэмжээнд он дамжин баригдаж байгаа 38 барилга байгаагаас энэ онд 6 барилга ашиглалтад орсон. Улаанбаатар хотын СЭМҮТ-ийн өргөтгөл, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Эрүүл мэндийг дэмжих төв, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрүүл мэндийг дэмжих төв, Сүхбаатар аймгийн Онгон сумын 20 ортой эмнэлэг,
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 15 ортой эмнэлэг, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 10 ортой эмнэлгийн барилгууд багтаж байна. 2013 онд шинээр 9 барилгын ажил эхэлснээс онцлон ярих нэг барилга байгаа нь Архангай аймгийн Тариат сумын 20 ортой эмнэлгийн барилга байна.
Гүйцэтгэгч “Хатиган болор” ХХК нь гэрээний дагуу наймдугаар сард ажлаа эхлэсэн бөгөөд ажлаа эрчимтэй, зөв зохион байгуулалттай явуулсны үр дүнд угсралтын ажил үндсэндээ дуусах шатандаа орсон, гэрээт хугацаандаа буюу энэ оны 12 дугаар сард багтаан ашиглалтад оруулах боломжтойгоор ажлаа гүйцэтгэж байна. Энэ бол барилгыг гэрээнд заасан хугацаандаа барьж болдог юм байна гэдгийг харуулж байгаа нэг жишээ л дээ.
-Бүр болон түр хугацаагаар ажлаа зогсоогоод байгаа хэдэн компани байгаа вэ?
- Таван компанийн ажил зогссон байгаа. Үүнд, Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд 2011 оноос баригдаж эхлэсэн 10 ортой эмнэлэг, 2012 онд эхэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 10 ортой эмнэлгийн барилга, УКТЭ-ийн өргөтгөлийн барилга, Геронтологийн 60 ортой төв эмнэлгийн барилга, Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил байна.
- Яамны зүгээс зураг төслийг нь батлахгүй, мөнгө төгрөг шилжүүлэхгүй байгаа гэсэн яриа бас байгаад байна. Харин яамнаас өөр тайлбар өгдөг. Танай зүгээс санхүүжилтийг нь шилжүүлсэн үү?
- Барилгын зураг төслийг Эрүүл мэндийн яам баталдаггүй гэдгийг юуны өмнө хэлмээр байгаа юм. Яам бол зураг төслийг захиалагч нь байдаг. Бүр нарийн хэлье л дээ. Тухайн жилд хаана, ямар хүчин чадалтай, эмнэлэг барих вэ гэдгийг аймаг, нийслэлээс өгсөн захиалгыг үндэслэн ЭМЯ-ны холбогдох газар хэлтсийнхэн судалгаа хийж, шийддэг.
Яамнаас зарласан тендэрт ялсан зургийн компани боловсруулсан зураг төслөө хянуулж баталгаажуулах ажлыг өөрөө хариуцаж байгаа. Ингээд баталгаажсан зураг төслөө яаманд хүлээлгэж өгснөөр барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажил хийгддэг.
Харин санхүүжилтийн тухайд манай Барилга захиалагчийн алба шинээр байгуулагдснаас хойш санхүүжилтийг шилжүүлэхгүй удаасан тохиолдол огт гараагүй. Гэхдээ барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компани гэрээний хугацаанаас хоцрох, буруу эсвэл дутуу гүйцэтгэл гаргах зэргээс болж эргэж буцах асуудал гарах тохиолдол бий.
Мэдээж санхүүжилтийн асуудал шийдэхэд тодорхой хугацаа шаарддаг. Өнөөдөр бичгээ өгөөд маргааш мөнгөө авна гэж байхгүй шүү дээ. Бид хийсэн гүйцэтгэлийг нь хянана, шалгана. Тэгээд гүйцэтгэл хангалттай байна гэж үзвэл санхүүжилтийг шилжүүлдэг учраас яам мөнгө гаргахгүй байгаа гэдэг үндэслэлгүй яриа.
-Танай алба хэзээ байгуулагдсан юм бэ?
– Өмнөх алба татан буугдаад 2013 оны хоёрдугаар сарын 25-наас одоогийн ажиллаж байгаа шинэ алба байгуулагдсан.
- Он дамжин баригдаж байгаа барилгуудаас энэ онд ашиглалтад орох барилгууд яагаад боломжгүй болоод хөхөө өвлийн хүйтэнтэй золгочихов?
-Барилгын ажил яагаад гэрээний хугацаандаа дуусахгүй байна вэ гэдэг нь хэд хэдэн үндсэн шалтгаантай байгаа юм. Нэгд, Бид гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулдаг. Гэтэл цаг уурын байдлаас шалтгаалан 11 дүгээр сараас хавар 4 дүгээр сарыг хүртэл барилгын ажил явуулах боломжгүй зогсдог.
Гэрээ байгуулахдаа өвлийн сарын зогсолтоо тооцож хийх хэрэгтэй. Хоёрт, Гүйцэтгэгч компанийн ажлын зохион байгуулалт, хариуцлагын асуудалтай салшгүй холбоотой. Хугацаандаа амжих боломж байсаар байхад түүнийгээ ашиглаж чаддаггүй.
Талбайд ажиллаж байгаа инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчид хүрэлцээгүй, тоног төхөөрөмжийн хүчин чадал муу байна. Гуравт, Газар олголтын шийдвэрээс шалтгаалан угсралтын ажил эхлэхэд асуудал үүсдэг.
Олгосон газрын хөрсний бүтэц нь тохирохгүйгээс болж барилгын байршил өөрчлөгдөх тохиолдол гарч байна. Яг ийм асуудал саяхан хоёр аймагт гарсан. Өмнөговь аймгийн Ханбогд сумын 50 ортой барилгын газар доор олон улсын шилэн кабель байрласнаас анх төлөвлөсөн газраасаа 100 гаруй метр зайд барилгыг зөөж байрлуулсан.
Дөрөвт, Техникийн нөхцлөөс болж ажил удаашрах хандлага гарч байгаа. Дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн анхан шатны зөвшөөрөл шийдэгдэхгүй удаж байна.
Жишээлбэл, Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөлийн барилгын гадна дулааны техникийн нөхцлийг авах гэж жил шахам болсон шүү дээ. Мөн Гуравдугаар шатлалын лабораторийн дулааны техникийн нөхцөл эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар одоо болтол шийдэгдээгүй учраас зураг төсөл, тендэр гээд бүх зүйл хойшлогдож байна.
Тавд, Хийгдсэн зураг төсөл шаардлага хангахгүй байна. Манайд эмнэлгийн барилгын зураг хийдэг мэргэжлийн байгуллага гэж алга. Ганц нэг зураг төсөл хийдэг мэргэжлийн хүн байгаа ч тэд нар бүх эмнэлгийн барилгын зургийг хийнэ гэдэг боломжгүй. Мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн зурагнаас болж асуудал багагүй үүсч байгаа.
- Гээнэдээ ч бий, гоонодоо ч бий байх л даа. Тэгэхээр эдгээр зогсонги байдалд орсон барилгын ажлыг хэвийн үргэлжүүлэх талаар яамны зүгээс ямар ажил хийж байна?
- Эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ажил гүйцэтгэгчидтэй хийсэн гэрээний үр дүнг тооцсон. Цаашид барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх үүднээс удаашралтай байгаа найман барилгын гүйцэтгэгчид хугацаатай үүрэг өгсөн.
Харин зогсонги байгаа Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Гуулин тал” ХХК, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 15 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Бэржин-Уньт” ХХК, Улаанбаатар хотын 60 ортой Геронтологийн үндэсний төвийн барилгын гүйцэтгэгч “Арвис интернешнл” ХХК,
Дорнод аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Эйч Жи Эй” ХХК, Архангай аймгийн Өгийнуур сумын 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэгч “Хасу мандал” ХХК , Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой Төрөх эмнэлгийн барилгын гүйцэтгэгч “Монинжбар” ХХК“ зэрэг зургаан компанийг хууль, хяналтын байгууллагад өгөх шийдвэр гарсан.
Мөн эдгээр компаниудыг хар жагсаалтад оруулах, ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээг авах хууль эрх зүйн үндэс байгаа. Эндээс харахад барилгын ажлын явцыг цаашид хэвийн үргэлжүүлэхэд тодорхой хугацаа шаардагдах нь ойлгомжтой болж байгаа юм л даа.
-Барилга угсралтын чанарын байдлаас болж барилгын ажлыг нь зогсоосон тохиолдол гарсан уу?
- Хоёр барилга байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын 50 ортой эмнэлгийн барилгыг зогсоогоод нэг давхрыг тэр чигт нь буулгах арга хэмжээ авсан. Гүйцэтгэгч компани барилга угсралтын технологи зөрчиж, өвлийн улиралд цутгалт хийснээс 1 давхрын бетон хөлдсөнийг буулгуулж дахин шинээр эхлүүлсэн.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгыг барихдаа зураг төслийг зөрчиж, 1-р давхрын хучилтын ажил хийгдсэн асуудал гарсан. Тиймээс зохиогчийн дүгнэлтийн дагуу хучилтыг буулгаад одоо дахин угсралтын ажил хийгдэж байгаа.
-Дахин нурааж байгаа барилгуудын төсвийг хэрхэн шийддэг вэ?
- Дээрх алдаанууд бүгд гүйцэтгэгч талын хариуцлагагүй байдлаас болсон учраас өөрсдөө эрсдэлээ үүрнэ.
-Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон барилга байгаа юу?
- Нийслэл хотод байхгүй. Харин Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 10 ортой эмнэлэг, Баян-Өлгийн аймгийн Эрүүл мэндийн төвийн барилга, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд баригдаж байгаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилга удахгүй ашиглалтад орно.
-Хэд хэдэн барилгыг онцолж асуумаар байна. Гуравдугаар төрөхийн барилга угсралтын ажил мөн л зогсонги байдалд орчихлоо. Яг юу нь болохгүй байгаа юм бэ?
- Тийм ээ. Маш удаан байгаа.Нийт 18,7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэх ёстойгоос одоогийн байдлаар 95 хувийн санхүүжилтаа авсан хэдий ч гүйцэтгэл нь 50 хувьтай, барилгын ажил зогссон байгаа. Одоо нэмэлт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө хэрэгтэй гэсэн тооцоог гүйцэтгэгч компаниас ирүүлсэн.
Уг төсвийг нь улсын эскспертизийн албаар хянуулах хүсэлт гаргасан. Хянаж үзээд батлах боломжгүй гэсэн хариулт өгсөн учраас нэмэлт мөнгөний асуудал шийдэгдэхгүй байдалд хүрээд байна.
-300 ортой төрөх эмнэлгийн дэд бүтцийн асуудал хүндхэн байгаа. Ус, бохир, дулааны асуудлыг нь яагаад анхнаасаа шийдэлгүйгээр барилга бариулсан юм бол. Үүн дээр эксперт ажиллуулсан уу?
- Дэд бүтэц анхандаа хүндхэн байсан. Одоо бол шийдэгдэх шатандаа орсон байгаа шүү дээ. Анхнаасаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгохдоо дэд бүтэцгүй газар өгөөд яваандаа хот өөрөө дэд бүтцээ шийдэхээр төлөвлөж байсан юм. Өнгөрсөн хавраас Яармаг, Буянт-Ухаагийн дэд бүтцийн шугам сүлжээ тавигдаад эхэлчихсэн.
Харин бид төрөх эмнэлгийн барилгаа энэ шугамтай холбох гадна шугам сүлжээний зураг төслөө шинээр хийх ёстой болж байгаа. Зураг төсөл бэлэн болсны дараа угсралтын ажлын төсөв гарна. Үүнээс шалтгаалан барилгын ашиглалтад орох хугацаа хойшлох бас нэг нөхцөл үүсч байна.
-Бас Түлэнхийн төвийн барилга байна? Энэ барилга баригдах болов уу гэж бодогдож эхэлж байна шүү?
- Техникийн нөхцөл нь шийдэгдэхгүй байсаар зураг төсөл хийх хугацаа хагас жилээр хойшилсон. Том обьект болохоор дулаанаас гадна агааржуулалт, салхивчийн асуудлыг давхар шийдэх шаардлагатай гэж үзээд үүнээс шалтгаалан техникийн нөхцөлд нэмэлт тодруулга хийх ёстой байсан юм. Барилгын зураг төсөл нь иж бүрнээр долдугаар сард баталгаажсан.
Тэгээд угсралтын ажлын тендэр зарлах гэтэл 2013 оны төсөвт суусан 8 тэрбум төгрөг 26 тэрбум болж өссөн төсөв гарсан. Иймээс Сангийн яаманд хүсэлт гаргаж, зөвлөмж авахад 8 тэрбумдаа багтаан тендэрээ зарлах нь зүйтэй гэсэн чиг өгсөн л дөө. Ийм ийм бодит шалтгаанаас болж тендэр хойшлогдсон.
-Орон нутагт баригдсан барилгын чанарын тухайд бас л шүүмжлэлтэй хандмаар зүйл байгаад байна? Аль аймагт шинээр ашиглалтад орсон мөртлөө чанарын шаардлага хангахгүй барилга хэд байна?
- Олон байна. Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга, 2012 оны 11 сард ашиглалтад орсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын Уламжлалт анагаах ухааны эмнэлэг, мөн сумын өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтад орсон Эрүүл мэндийн дэмжих төв, 2010 онд ашиглалтад орсон Архангай аймгийн Хашаат сумын 10 ортой төрөх эмнэлэг, 2011 онд ашиглалтад орсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 80 ортой хүүхдийн эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотын 30 ортой халдвартын эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 20 ортой эмнэлгийн барилгууд байна. Бүгд шаардлага хангахгүй барилгуудын тоонд багтаж байна.
- Ярилцсанд баярлалаа.
URL: