Ханиадаа хамгийн амархан эдгээх зөвлөмж
Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч хүмүүс ханиаданд нэрвэгдэх нь элбэг болдог. Дөнгөж ханиад хүрэх үед хамар хоолой сэрвэгнэх, битүүрэх, шархирах, нус гоожих шинж тэмдэг илэрнэ. Эм тариа, эмч гэлгүйгээр хамгийн энгийн аргаар гэрийн нөхцөлд ханиадаа эмчлэх 24 зөвлөгөөг хүргэж байна.
Ханиад хүрэхээсээ өмнө урьдчилан сэргийлэх
1. Урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сахих, нус цэрээ ил задгай хаяхгүй байх.
2. Халдвартай хүнээс зайтай байх. Бохир, хүйтэн агаар шууд амьсгалахгүйн тулд амаа зузаан ороолтоор ороох.
3. Даарч огт болохгүй. Дулаан хувцас, гэр байр, ажлын газрын дулааныг тохируулах хэрэгтэй.
4. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа байнга бүлээн усаар хэд дахин угааж, амны хөндий, хоолойгоо содтой усаар зайлж байвал танд хэрэгтэй.
5. Мөн 1 гр аскорбины хүчлийг өглөөний цайны дараа уугаарай. Мөн дараагийн өдөр дараалан уух хэрэгтэй. Цагаа олж уусан бол ханиаднаас өөрийгөө хамгаалж чадна.
Ханиад хүрсэн тохиолдолд
6. Аяга бүлээн усанд амны халбагаар сод хийгээд хамраа угаах. Угаахдаа хамраараа сорж массаж хийн угаах хэрэгтэй. Мөн зуун настын уусмалаас 3-5 дуслыг хамрын нүхэнд ээлжлэн дусааж, массаж хийсний дараагаар нусаа нийж, цэвэрлэх ба өдөрт 4-5 цагийн зайтай , 5-7 хоног дусаана. Хамрыг үргэлж чийгтэй, тослог, цэвэрхэн байлгах хэрэгтэй учраас угааж тос түрхэх хэрэгтэй юм.
7. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж нэг өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс болж өгвөл сайтар унтаж амрах хэрэгтэй.
8. Дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж дархлааныхаа системийг бэхжүүлэх хэрэгтэй. Тухайлбал “Вакус Д”, Витамин С, аарц, тараг цагаан идээ идэх нь таны биед ямар ч гэм хор үзүүлэхгүй.
9. Даарсан үедээ гаатай тосыг хөмсөгний дээд талд, чамархай болон хамартаа түрхэнэ. Гавар болон гаатай тосны алийг ч хэрэглэж болно. Энэ нь таныг нян бактераас хамгаалж байгаа юм.
10. Гавар байхгүй бол сармис хамгийн сайн эмчилгээ болно. Сармистай халуун шөл уувал хамрын ханиадыг түргэн эдгээхэд дөхөмтэй. Ханиад хүрсэн үедээ сармисыг ердийн өдрүүдийнхээс их хэрэглэх хэрэгтэй.
11. Улаан манжинг чанаж, шүүсийг нь халуунаар нь ууна.
12. Стакан халуун усанд 4 гр сод, 5 дусал иод хийж хутгаад ам, хамрыг зайлна. Архаг ханиадны үед шар будааг буцалган бүлээн шүүсээр нь хамрыг зайлж угаана.
13. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 хэмээс доош бүлээн усанд найруулна/. Буцлам халуун усанд найруулж уувал бүтээгдэхүүний амин дэм ууршиж алга болдог.
14. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март.
15. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.
16. Хөлөө аль болох дулаан байлга.
17. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай. Хуурай биш шөлтэй хоол идэх нь таны биед тустай.
18. Ханиадтай тэмцэх тэмцэлд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг тул түүгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Ханиадтай тэмцэх үед В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг.
19. Үгдэрсэн архаг ханиаданд цээжин биеийг нь ар өвөр талаас нь хуурай цэмбэн алчуураар улайтал нь үрж зvлгээд дараа нь шар тос түрхэж шингэтэл иллэг хийнэ. Шар тосны оронд гахайн дотор өөх хэрэглэж болно. Ингэж үрж тосолсноор цэр ховхор ч эдгэрэх явц тvргэснэ. Бас тарвага баавгайн өөхийг ч түрхдэг.
20. Сонгины толгой арван ширхэг, сармис нэг булцууг авч жижиглэн хэрчээд сүүнд хийж хөөсөртөл буцалгаад зөгийн балтай хольж уухад тустай. Өдөрт цайны халбагаар 1 цагийн зайтай ууна.
21. Хий ханиадыг эмчлэхийн тулд сонгиныг сармистай хольж жижиглэж хэрчээд, тvvхий сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Дараа нь бага зэрэг гаатай ургамал, зөгийн бал нэмж хийнэ. Бэлдмэлээсээ цаг тутам нэг халбага ууна.
22. 500 гр сүүг бага зэрэг халааж дотор нь шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь цайны халбага зөгийн бал, хоёр цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгаарай. Ингэж бэлтгэсэн сүүг орой унтахын өмнө ууна.
23. Чацаргана аарц сайн уух хэрэгтэй. Ер нь шингэн уух зүйл уух хэрэгтэй юм.
24. Хамрын ханиад болон томуу, томуу төст өвчнүүдийн эхэн үеийн шинж тэмдэг ойролцоо байдаг, тиймээс илүү тодорхой онош тогтоолгохын тулд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.
URL: