Яагаад цахим хуудас хийлгэдэг вэ?

Яагаад цахим хуудас хийлгэдэг вэ?

Уг асуултанд хүн бүр өөрийн байр сууринаас өөр өөр хариултуудыг хэлэх байх. Мэдээж албан байгууллагын хувьд өөрийн үйл ажиллагаагаа бусдад таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, хэрэглэгчтэйгээ эргэх холбоо тогтоох зэргээр цахим хуудас хийлгэдэг. Наад зах нь гэхэд л төрөл бүрийн зах зээлийн судалгаа боловсруулах, салбарын байгууллагуудаа мэдэхийн тулд хамгийн эхэнд цахим хуудаснаас нь анхан шатны мэдээллийг олж авдаг билээ. Уг нийтлэлээрээ төрийн байгууллага, пүүс, компанийн цахим хуудас албан ёсоор ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн олон төрлийн шаардлага, жишиг ярилгүйгээр ер нь цахим хуудас хийлгэх хамгийн гол шалтгаан, түүний ач холбогдол юу вэ гэсэн асуултыг энгийнээр тодорхойлох гэж оролдлоо.

Өөдлөх айлын хаалга үүд хаалганаасаа гэдэг бол өнөө цагт өөдлөх байгууллагын өнгө төрх, өнгөт цахим хуудаснаасаа эхэлнэ гэвэл илүү оновчтой ч юм шиг. Дэлхий ертөнц даяарчлагдаж, мэдээ мэдээллийг эрх тэгшээр орон зай, цаг хугацааг үл хамааран хурдан шуурхай хугацаанд олж авах боломж хэн бүхэнд нээгдсэн нь интернэт гэх сүлжээ дэлхийг хамарсантай шууд холбоотой. Уг сүлжээ бий болсоноор л ар араасаа бүхий л салбаруудад өөрчлөлт, шинэчлэлт үүссэн билээ. Цахим хуудасны талаархи ойлголт ч гэсэн үүнтэй холбоотой юм. Тиймээс би цахим хуудас бий болох эх үүсвэр болох интернэт хэрэглээний хөгжлийн чиг хандлага Монголд хэрхэн нутагшиж байгааг өөрийн мэдлэг, эргэцүүллийн хүрээнд тодорхойлох гэж оролдъё.

•Цахим шуудан хэрэглэгчийн үе:
Бүх хүмүүс “YAHOO” цахим шууданг нээж, ашиглаж байсан үе. Тухайн үед олны дунд өөрийн нэрийн ард, төрсөн он сар өдөр, мөн заавал доогуур зураас байх ёстой гэсэн жишиг хандлагатайгаар нээж байсан билээ.

•Байгууллагын танилцуулга буюу цахим хуудсын үе: Албан байгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа тухайн зах зээлд эрхлэн явуулахын тулд нэн тэргүүнд цахим хуудастай болж эхэлсэн.

•Мессенжерийн үе: Үүний гол төлөөлөгч нь мэдээж Yahoo messenger. Бараг л ажилтнуудынхаа цаг бүртгэлийг “Yahoo messenger”- ээр бүртгэдэг байсан гэж хэлж болно.

•Варез сайтын үе:
Вэбсайт хийлгээд л сонин содон мэдээлэл, файл үнэгүй татах зэргээр төрөл бүрийн мэдээлэл оруулж эхэлсэн. Уг ангилалд www.xorom.com, www.amjilt.com, www.ehlel.com гэх зэрэг цахим хуудсууд хүчтэй гарч ирж, зарим нь одоо ч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

•Төрөл бүрийн мэдээ мэдээллийн цахим хуудсын үе:
Өдөр тутмын хэвлэл, шар мэдээний сонингоор л мэдээ мэдээллийнхээ цангааг тайлдаг байсан олон нийт, цахим хуудсууд бий болсоноор мэдээллийг олж авах хэлбэр нь ч гэсэн цахимжиж, мэдээний сайтууд бий болсон билээ. Өнөө цагт энэ чиглэлээр www.gogo.mn, www.news.mn, www.zaluu.com, www.caak.mn, www.olloo.mn зэрэг сайтууд тэргүүлэгчид хэмээн тооцогддог.

•Сэтгэгдэлийн /comment/ үе:
Мэдээ гэхээс илүү сэтгэгдэл уншдаг байсан үе. Одоо ч гэсэн ч олон нийт анхаарал татсан гарчигтай мэдээ мэдээллийг сорчилж уншсаныхаа дараагаар уншсан хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлийг ихэвчлэн сонирхон, зарим нь заавал ч үгүй сэтгэгдэлээ бичдэг ч тохиолдол бий. Сэтгэгдэл бичдэг хөлсний хүмүүс ч байдаг сурагтай.

•Сошиал медиагийн үе: Эхэндээ хувь хүн л Фейсбүүк хуудастай байдаг байсан бол цаашдаа хамрах хүрээлэл нь улам тэлж, мэдээ мэдээллийн сайтууд, бүхий л албан байгууллага Фейсбүүкийн албан ёсны хуудастай болж хэрэглэгчтэй харилцах эргэх холбоогоо сайжруулсаар байна. Яг одоогийн байдлаар Монголчууд Фейсбүүк, Твиттер хоёроор амьсгалж байгаа гэхэд хилсдэхгүй бөгөөд энэ байдлыг ч зах зээлд тэргүүлэгч компаниуд маш сайн ашиглаж байгаагийн нэг илрэл нь Миний Фейсбүүк гэх хөгжилтэй рекламыг ТВ-үүдээр цацаж, үнэгүй дата багц олгоно гэх уриатайгаар хэрэглэгчдээ татсаар л байна. Харин Твиттерийн идэвхитэй жиргээчид нь ихэвчлэн өөрийн байр сууриа нийгэмд бататгасан, бие хүмүүс байдаг. Ганц, хоёрхон өгүүлбэрээр юу хийж байгаа, цаашлаад юу хийх төлөвлөгөөтэй байгаа гэх зэргээ үгээр илэрхийлэн жиргэцгээж, Монголчууд бүгдээрээ бэлэн цэцэн үгтэй болчихоо юу гэмээр санагддаг нь нуух юун. Энэ бүхэн бол яах аргагүй сошиал медианы нөлөө юм.

Ийнхүү дээрхи хандлагуудыг үечлэн ангилсан нь технологийн үе шат гэхээс илүү хэрэглээний онцлог дээр нь тулгуурлан гаргахыг оролдлоо.

Харин цаашдын чиг хандлага нь үүлэн технологи дээр суурилсан цахим үйлчилгээ рүү чиглэн хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч зүгээр нэг мэдээлэл авахаас илүүтэй үйлчилгээ, харилцааг эрхэмлэдэг болж байна. Энэ нь хөдөлгөөнт интернэт буюу 3G, WiFi технологийн хөгжил, ухаалаг утасны хэрэглээ огцом нэмэгдэж байгаатай ч холбоотой юм. Нэг жишээ хэлэхэд, Голомт банк ухаалаг утсанд зориулсан апликейшн гаргасан нь хаанаас ч ашиглаж болох, хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэсэн маш зүйтэй алхам болсон. Үүнтэй адил бусад банкнууд ч мөн адил ухаалаг банк гээд ар араасаа гаргасаар байна. Энэ өрсөлдөөн дунд хэрэглэгч бид л хожно.

Цахим хуудас албан байгууллага, компаниудад хэрэгтэй ч түүнийг зүгээр л нэг хэдэн үйлчилгээнүүдээ танилцуулах, байгууллагын түүх, захирлын мэндчилгээ, хийж буй ажил гэх зэргээр хязгаарлалгүйгээр харилцааны нэг хэрэглүүр байдлаар ашиглавал илүү тохиромжтой юм. Өөрөөр хэлбэл цахим хуудас бол харилцааны нэг талбар бөгөөд машинтай л адил байнгын арчилгаа, тордолгоо хэрэгтэй. Хөрөнгө, хүч хаясан сайн цахим хуудас хийлгэчээд тухайн сайт руу нь сардаа 10 хүн ордогоос 5 нь уг байгууллагын ажилтнууд байсан мэдээлэл ч байдаг. Мөн түүнчлэн тухайн цахим хуудасны холбоо барих хэсэгт утасны дугаараас гадна цахим шуудангийн хаягаа тавьсан байдаг. Харин тэр цахим шуудан руу и-мэйл илгээхэд хариу явуулдаг байгууллагууд маш цөөн гэж хэлж болно.

Яг энэ асуудалтай холбоотойгоор нийтлэгч миний бие 7 хоногийн хугацаанд 100 орчим байгууллагын цахим хуудас дээрээ тавьсан и-мэйл хаяг руу захидал илгээсэн боловч түүнээс 1 нь л эргэж ярьсан юм. Харин тэр компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. Үүгээрээ гадны хөрөнгө оруулалттай компани сайн гэж магтахыг хүссэнгүй. Магадгүй тэдний ажлын арга барил, байгууллагын соёл, хариуцлагын тогтолцоо нь и-мэйлээ шалгаж байхыг шаарддаг байх. Гэхдээ уулын мод урттай богинотой гэгчээр энэ тал дээрээ сайн компаниуд Монголд бий. Жишээ нь, үүрэн холбооны оператор компаниуд. Тэд том компани учраас энэ тал дээрээ сайн байгаа юм биш, харин тэднээс ийм байхыг шаарддаг зах зээлийн өрсөлдөөн, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын үр дүн юм.

Эцэст нь хэлэхэд, хамгийн гол нь цахим хуудсыг байгууллагынхаа танилцуулга гэж ойлгохоос илүүтэйгээр хэрэглэгчтэй харилцах нэгэн хэрэглүүр хэмээн хандвал илүү үр дүнтэй болов уу. Хамгийн наад зах нь цахим хуудасныхаа холбоо барих хэсэгт тавьсан и-мэйлээ шалгаж хааяа ч болсон байгаарай. Техник технологи хөгжих тусам бид түүнийг ашиглах арга маань зэрэгцэн хөгжих ёстой. Гэвч бодит байдал дээр хэрэглээ маань хоцрогдсоор байгаа бөгөөд үүнд анхаарах цаг аль хэдийн хаяанд иржээ. Хөгжил гэдгийг бүтээгчдээс гадна хэрэглэгчид бий болгодгийг битгий мартаарай.

Вэбстор компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер С.Баярсайхан

Нийтлэлийг хамтран бэлтгэсэн “ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ


URL:

Сэтгэгдэл бичих