Дизель түлшинд монополь компаниуд эзэн суужээ

Дизель түлш хаданд гарч эхлэв.

Учир нь нефть импортлогч жижиг компаниуд дизель түлшийг огт олгохгүй байгаа бол томоохон аж ахуй нэгжүүд карттай хүнд л үйлчилнэ хэмээн гэдийж байна. Ингэхдээ нэг хүнд 20 литрээс илүү түлш борлуулахгүй аж. Иймээс жолооч нар карт худалдан авахаар “Магнай трейд”, “Петровис” зэрэг компанийн үүдэнд урт дараалал үүсгэх болжээ.

Манай улс ОХУ-ын “Роснефть” компаниас 84 мянган тонн дизель түлш авах хүсэлт тавьсан ч тус компани 34 мянган тонн дизель нийлүүлсэн байна. Үүн дээр ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмж 10 мянган тонн дизель түлш нийлүүлэхээр болжээ. Энэхүү байдлаас үүдэн дизель түлшний эрэлт өссөн хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байна. Гэвч үүний цаана монополь байдал давамгайлсан хэмээн нефть импортлогч жижиг аж ахуй нэгжүүд үзэж буйгаа хэлэв.

Учир нь “Тэс петролеум”, “М-Ойл”, “Синчи-Ойл” гэх мэт шатахууны жижиг компаниуд 21 хоногийн нөөц бүү хэл тав, арван литрээр өгөх ч дизельгүй байгаа аж. Тэд “Манайд нөөц байхгүй. Импортоор оруулж ирж байгаа дизелийг том компаниуд авсан. Бидэнд юу ч хүртээгүй. Өнөөдрийн байдлаар нэг ч литр дизельгүй л байна” хэмээн ярьж байна. Харин энэ тухай “Магнай трейд” компанийн удирдлагаас тодруулах гэсэн боловч “Шатахуун, дизелийн нөөцийн талаар болон бусад үйлчилгээний тухай мэдээлэл өгөхгүй” гэсэн хариулт өглөө.

Энэ үеэр тус компанийн үүдэнд карт авахаар зогсож байсан зарим иргэнтэй ярилцсан юм.

Өөрийгөө Б.Мийлаа гэж танилцуулсан жолооч “Би өчигдрөөс хойш дизель авч чадсангүй. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд л шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байсан. Өнөөдөр хотын захын шатахуун түгээх станцууд дизель байхгүй гэсэн хариу өгч байна. “Магнай трейд” компанийн хажуугаар өнгөрч яваад асууя гэж бодоод орж ирлээ. Гэтэл мэргэжилтнийх нь ярьж байгаагаар карттай бол хотын төвийн ганц, нэг шатахуун түгээх станцаас 20 литрээс илүүгүй дизель авч болох л юм шиг байна. Гэхдээ үүнийг жирийн иргэдэд үү, эсвэл харилцдаг байгууллагууддаа өгөх үү гэдгээ тодорхой хэлэхгүй юм. Юутай ч карттай болъё гээд л зогсож байна” гэв.

Энэ мэт зорилготой нэлээд жолооч тус компанийн үүдийг сахиж буйгаа хэллээ. Үүнийг зарим хүн томоохон нефть импортлогч компаниуд дизелийн хомсдолоор далимдуулан картаа шахаж, байнгын хэрэглэгчтэй болох гэсэн зорилго агуулж байна хэмээн хардаж буйгаа ч нуугаагүй юм. Ингээд тус компанийн карт хариуцсан менежер н.Уянгаас иргэд хэрхэн хөнгөлөлтийн карт авч болох, ямар давуу тал эдлэх тухай сонирхов.

Тэрбээр “Магнай трейд” компанийн хөнгөлөлтийн карт авахын тулд “Худалдаа хөгжлийн банк”-нд хандахад болно. Энэхүү карт нь таны авсан шатахууны үнийн дүнгээс хамаарч гурван хувийн хөнгөлөлт үзүүлнэ” гэв. Тухайлбал 20 мянган төгрөгийн шатахуун авсан бол 600 төгрөг хэмнэх боломжтой аж.

Ийнхүү дизель хаданд гарсан нь жолооч нар төдийгүй газар тариалан эрхлэгчдэд дарамт учируулах вий гэсэн болгоомжлолыг тээж байна. Энэ тухай ХХААХҮЯ-ны техник технологийн хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Бид хангалттай хэмжээний шатахуун болоод дизелийн нөөцтэй. Тиймээс дизелийн хомсдолоос санаа зовохгүй байна. Бид тариалан эрхлэгчиддээ 30 хувийн хөнгөлөлтэй зээлээр шатахуун дизелиэ олгоно. Намар ургац хураалтаас зардлаа нөхнө” гэв.

М.Мөнхтунгалаг http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих