ОХУ Нидерландын харилцаа муудав
Орос, Нидерландын харилцаа хурцдаж байна. Хоёр орны дипломат төлөөлөгчдийг хууль хяналтын байгууллагынхан болон иргэд нь төдийлөн таатай хүлээж аваагүйгээс болж ийм үл ойлголцол бий болжээ.
Үүний нотолгоо болж Москвад байгаа Нидерландын дипломат төлөөлөгчийн биенд оросууд халдаж, гэмтээсэн байна. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн өмнө Оросын дипломат төлөөлөгчдийг Нидерландын хуулийн байгууллагынхан баривчилсан юм.
Нидерландын Гадаад хэргийн сайд Франс Тиммермэнсийн мэдээлж байгаагаар оросуудын халдлагад өртсөн дипломатч нь хөнгөн гэмтэл авчээ. Түүнийг Элчин сайдын яамныхаа ойролцоо явж байх үед нь хэдэн залуу бүчин авч зодохыг оролдсон байна. Тухай үед Москва дахь Нидерландын Элчин сайдын яамны гадаа оросууд жагсаал хийж байв. Тэдний шүүмжилж буй гол асуудал нь мөнөөх орос дипломатчийг гэмт хэрэгт сэжиглэн баривчилж хорьсон явдал байв. Ийнхүү хорих болсон шалтгаан нь Гаагад амьдарч байсан орос дипломатч Дмитрий Бородины хөрш гомдол гаргасантай холбоотой. Тэрбээр түүнийг хүүхэд хүчирхийлж байна гэж хардсан учраас цагдаад гомдол гаргажээ.
Харин энэ талаар Оросын Гадаад хэргийн сайд “Манай дипломат төлөөлөгчийг зэвсэглэсэн хүмүүс бүчин авч баривчилж авч явсан” хэмээн мэдээлсэн юм. Тэр ч байтугай хүүхдүүдийнх нь өмнө эцгийг нь зодож, авч явсныхаа дараа олон цаг хорьсон гэжээ.
Дипломат эрх ямбаны хүрээнд бол энэ нь байж боломгүй үйл явдал байлаа. Тийм ч учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Нидерландын эрх баригчдыг уучлал гуйхыг шаардаж, Венийн конвенцоор баталгаажсан дипломатчдын эрхийг хөндсөн хэмээн бухимджээ.
Мөн Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Владимир Жириновский Нидерландын Дотоод хэргийн болон Гадаад харилцааны сайд нарыг огцрохыг шаардаж, түүнийг дэмжигч Либераль демократ намынхан Москва дахь Нидерландын Элчин сайдын яамны гадаа өнгөрсөн бямба гарагт жагсаал зохион байгуулсан юм. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч бас энэ тухай дуулиан шуугиантай мэдээллүүд ээлж дараалан гарсаар байлаа.
Хэдий тийм боловч хэрэг явдал төдий л удаан үргэлжилсэнгүй. Нидерландын цагдаа нар Оросын дипломатчийг сулласны дараа Нидерландын Гадаад харилцааны сайд мэдэгдэл гаргаж, албан ёсоор уучлал гуйсан байна. Мөн “Цагдаагийнхан хүлээсэн үүргийнхээ дагуу л ажлаа хийсэн. Улс орны хууль сахиулагчид бүгд өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг. Нидерландчууд ч бас тэр ёсоор ажилласан” хэмээн мэдэгдсэн юм.
Харин нидерландуудын энэ үйлдлийнх нь хариуг оросууд барьж, дипломатчийнх нь биенд халджээ. Тэр ч байтугай үл таних этгээдүүд Нидерландын төлөөлөгч Онно Элдеренбошийн гэрт орж, толин дээр нь уруулын будгаар “ЛГБТ” буюу “лесби, гей, бисексуал, трансжендер” гэх үгний эхний үсэгнүүдийг бичсэн байна.
Гэхдээ энэ бол хоёр орны харилцаанд таагүй уур амьсгал бүрдүүлж буй цорын ганц тохиолдол биш. Үүнээс өмнө Оросын хууль сахиулагчид ногоон хөдөлгөөнийг дэмжигч 30 хүнийг баривчилсан. Тэдний дунд Нидерландын хоёр иргэн багтжээ. Мөн Их Британи, Франц, Германы иргэд ч байгаа юм.
Энэ хэргийн тухайд гэвэл Арктикийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Оросын төрийн мэдлийн “Газпром” компани нь байгаль экологид халтай арга замаар бүтээгдэхүүнээ боловсруулж байна гэж жагсагчид үзсэн байна. Хэдийгээр тэднийг энэ сарын эхээр сулласан боловч Нидерландын тал тэдэнтэй холбогдуулан хавтаст хэрэг нээж, шүүхэд зарга үүсгэхээр бэлтгэж байгаа аж. Тэгтэл ОХУ, Нидерландын харилцаан дахь төвөгтэй байдал улам даамжирч дипломатчдын хэрэг сөхөгдөв.
Уг нь энэ жил Орос, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтсоны 400 жилийн ой болж байгаа. Энэ хүрээнд хоёр орны соёлын хөтөлбөрүүд ээлж дараалан зохиогдож байгаа. Түүнчлэн ирэх сарын эхээр Нидерландын хаан Уиллем-Александр Москвад айлчилж, В.Путинтэй уулзахаар төлөвлөөд байсан юм. Гэвч дээрх хэрэг явдлуудаас үүдээд Нидерландын хааны айлчлал цуцлагдаж магадгүй болжээ.
ОХУ болон Нидерланд эдийн засгийн хувьд бие, биенээсээ хамааралтай орнуудын нэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард В.Путин Нидерландад ажлын айлчлал хийх үеэрээ хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар нэлээд олон яриа хэлэлцээрийг хийсэн юм.
Хожим нь тэрбээр “Бид маш олон томоохон төслүүд дээр хамтрах болно. Энэ бүхэн нь маш чухал алхам” хэмээн мэдэгдэж байв.
ОХУ-ын хувьд Нидерланд бол Европын орнууд дундаас худалдааны хамгийн том хамтрагч нь. Хоёр орны хувьд хөдөө аж ахуй, эрчим хүчний слабарт голчлон хамтардаг аж.
Энэ оны эхний улирлын байдлаар Нидерландаас Орост 63 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээ бий. Энэ нь ОХУ-ын гадаадын шууд хөрөнгө оруулалтын гуравны нэгтэй тэнцэх хэмжээ юм. Харин Оросын тал Нидерландад зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 2.9 тэрбум куб метр байгалийн хий нийлүүлсэн байна.
Оросын “Газпром” болон Нидерландын “Gasunie” компаниуд хамтарч ажиллаж байгаа олон төслийнх нь нэг нь “Nord Stream” юм. В.Путин далайн усан доогуур хоолой барьж, түүгээрээ дамжуулан байгалийн хий тээвэрлэхээр зэхэж, хоёр том төсөл хэрэгжүүлсний нэг нь “Nord Stream”. Түүний хувьд асар их ач холбогдолтойд тооцогдох энэхүү төсөл нь Нидерландын компанийн оролцоотойгоор явагдаж байгаа билээ.
Т.Элиса
URL: