Манайд олгодог олон улсын жолооны үнэмлэх хуурамч болохыг Германы шүүх нотоллоо

Гадаад дотоодод ажиллахаар явж байгаа залуус нэн түрүүнд мэргэжлийн үнэмлэх хэрэгтэй болдог. Үсчин, цахилгаанчин, мужаан, үйлчлэгч, өрлөгчин, жолооч гэх мэт. Энэ хэрэгцээг дагаад олон улсын цахилгаанчин, жолооч, үсчин гэдэг үнэмлэх гаргадаг хувь хүмүүс, компаниуд бий болсон. Мэдээж Англи, Францад хуульч, эдийн засагчаар ажиллахгүй нь ойлгомжтой.

Харамсалтай нь эдгээр үнэмлэх бичиг баримт гадаад улсад очоод ихэнх нь хүлээн зөвшөөрөгддөггүй. Тэр ч бүү хэл монголоор “Олон улсад хүчин төгөлдөр” гээд бичсэн мужааны үнэмлэхтэй залуус олон бий. Гадаадынхан олон улсад үйлчилдэг мужааны үнэмлэхийг битгий хэл Монгол Улсыг мэдэхгүй гайхашаа бардаг аж.

Ингээд нэгэн жишээ өгүүлье. Баянгол дүүргийн иргэн Батсайхан овогтой Цэдэн хэдэн жилийн өмнө Шенгений орнуудыг зорьсон байна. Мэдээж ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах зорилготой. Тийм учраас таксины жолоочоор ажиллахын тулд “Жонон травел” компаниас олон улсын жолооны үнэмлэх худалдан авчээ.

Тухайн үед уг компани нэг жолооны үнэмлэхийг 150 ам.доллараар гаргадаг байжээ. “Жонон травел” компани 2003 оноос хойш 20 мянган ширхэг жолооны үнэмлэх гаргасан туршлагатай байгууллага аж. Б.Цэдэн Герман улсад нэлээд хэдэн жил таксины жолооч хийсэн байна. Дүрэм зөрчихгүй бол манайх шиг шүгэл тасхийгээд байдаггүй бололтой.

Тэрээр 2010 оны арваннэгдүгээр сарын 15-нд ХБНГУ-д ВТТ-8390 бүхий дугаартай машин жолоодож яваад Бад Бентхайн хотын замын цагдаад бичиг баримтаа шалгуулжээ. Бад Бентхайн хотын замын цагдаа түүнийг “Тээврийн хэрэгслийг хүчин төгөлдөр бус жолооны үнэмлэхээр жолоодсон, хүчин төгөлдөр бус жолооны үнэмлэх нь хуурамч гэдэг нь баримтаар тогтоогдсон” гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Ингээд Б.Цэдэн ХБНГУ-ын Нордхорн хотын шүүхэд дуудагдан хэдэн сар байцаагдсан байна. Түүнийг олон улсын гэх жолооны үнэмлэх хуурамчаар үйлдсэн гэж буруутгажээ. Тэрээр бичиг баримт хуурамчаар үйлдээгүй гэдгээ нотлохын тулд Берлин хотын Эстел ба Фаизе өмгөөлөгчийн товчоонд ханджээ.

Өмгөөллийн товчоонд эхний ээлжинд 500 евро төлсөн хэдий ч Нордхорн хотын шүүхээс 1638,50 еврогийн торгуулийг төлөх чадваргүй бол уг торгуулийн хэмжээг дүйцүүлэн 50 хоногийн баривчлах шийтгэлийг оноосон аж. Мөн өмгөөллийн товчоонд нэмж 600 евро төлөх болжээ. Машин жолоодох эрх ч хасагдсан байна.

Түүнд Эрүүгийн хэрэг үүсгэгдсэн учир ажил олдохоо байсан гэнэ. Мөн Герман улсаас хаашаа ч явж болохгүй гэсэн тогтоол гарчээ. Ингээд нэг монгол залуу Герман улсад олон улсын жолооч бус олон улсын гэмт хэрэгтэн болчихоод аргаа барж явна. Эндээс манай улсад үйлдвэрлэгдсэн “Олон улсын” гэх тодотголтой бичиг баримтууд найдваргүй гэдэг нь харагдаж байна.

Монгол Улсад олон улсын жолооны үнэмлэх гаргадаг 4-5 компани байдаг байна. Тэдний нэг болох “Шинэ гүүр” компаниар орлоо. Эднийх Олон улсын жолооны үнэмлэхийг 120 ам.доллараар гаргаж байна. Нэг хувь зураг байхад болно. Ямар нэг шалгалт, лавлагаа хэрэггүй аж. Эдний гаргасан жолооны үнэмлэх 190 гаруй оронд хүчинтэй гэнэ.

Сүүлийн жилүүдэд ийм төрлийн бизнес эрхэлдэг компаниуд олширсон учир жолооны үнэмлэхний ханш 30-40 ам.доллараар буурчээ. Уг нь дэлхийн олон оронд үйлчилдэг жолооны үнэмлэх байдаг аж. Ориг нэг үнэмлэх зарахад дээрх компанид 70 ам.долларын цэвэр ашиг унадаг байжээ. Гэтэл зарим компаниуд үүндээ сэтгэл ханалгүй хуурамч үнэмлэх зарсныг Германы шүүх нотолчихоод байна.

Б.Цэдэнд тохиолдсон шиг явдал Англи, АНУ. Франц, Швейцарь улсад ажиллаж байгаа монголчуудад ч тохиолджээ. Монгол Улсад үйлдвэрлэсэн бичиг баримт хэрэгцээ хангадаггүй гэнэ. Үүнээс гадна даатгалын байгууллагуудын хуурамч даатгал иргэдийг амаар нь шороо үмхтэл хуурч байгаа юм.

Гадаад улсыг зорьж байгаа иргэдээс 30-50 ам.доллар салгахын тулд мөн ч их амлана. Тэр амлалтуудад амь нас, эрүүл мэнд, гэнэтийн аваар ослоос эхлээд хулгайд эд зүйлсээ алдах, онгоцноос хоцрох гээд бүхий л эрсдлүүд орно. Даатгалын байгууллагууд өөрийн салбар, банкуудыг Азиас эхлээд Африкийн ширэнгэн ойн улс оронд бий гэж зална. Энэ мэт байгууллагуудыг нэг мөр цэгцлэхгүй бол олон иргэд хүний нутагт хад мөргөж мэдэхээр байна шүү.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих