“УБЦТС” компанийнхан тансаглалдаа тэрбум төгрөг зарцуулжээ

10-18-2tБ.ЭНХЗАЯА

Эрчим хүчний салбарынхан хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хэрхэн зөрчиж, ард түмнийг шулж байсан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэд цахилгаан, эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй учраас алдагдалд ордог хэмээн гүрийсээр төсвөө нэмдэг байжээ. Гэтэл энэ салбарынхны гал тогоонд хачирхалтай явдал өрнөсөөр байна. Монгол Улсын иргэдийн тал хувь нь төвлөрсөн нийслэл, нийслэлийн ойролцоох аймгийн хэрэглэгчдэд үйлчилдэг “УБЦТС” төрийн өмчит компанид хаягласан санал, гомдол тасардаггүй. Хамгийн сүүлд тус компанийнхан тоолж баршгүй үйлчил­гээний нэр төрөл зохиож хэрэглэгчдийнхээ халаасыг “соёлтой” ухдаг аргатай болсон нь илрэв.

Тэд 386 төрлийн төлбөрт үйлчилгээнээс жилд 1.2 тэрбум төгрөг олдог. Гараа хөдөлгөх төдийд мөнгө нэхдэг болсон энэ зуршил нь хэрэглэгчдээ шулсан үйлдэл болохыг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тогтоогоод байгаа. Тэдний 400 орчим төлбөрт үйлчилгээний дөнгөж 52 нь л хууль ёсных байсан юм. Үлдсэн нь байгууллагынхаа төсвийг бүрдүүлэх гэсэн арга гэж экс захирал Ч.Саранжав тайлбарладаг байсан. Одоогийн удирдлага нь ч байгууллагынхаа төсөв бүрдүүлдэг аргыг зөвтгөн гүрийж суугаа гэнэ. Учир нь Эрчим хүчний зохицуулах хороо, тус компанийн хамтарсан ажлын хэсэг гарч уг үйлдлийг таслан зогсоохоор хэлэлцсэн байдаг. Компанийнхан ч шаардлагагүй төлбөрт үйлчилгээг цуцлах тухайгаа мэдэгдэж байсан ч сүүлийн үед эргэж буцсан тухай дуулдах болжээ.

 

ШӨХТГ-ААС 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛЖ БАЙВ

“УБЦТС” компанийн төсөв нь хүрэлцдэггүй гэдэг худал байж. Аялал зугаалга, баяр наадмаар өөрсдийгөө баярлуулахдаа гар таталгүй цацдаг гэж байгаа. Тодруулбал, өнгөрсөн жил компанийн удирдлагууд тэрбум орчим төгрөгөөр гадаадад аялж, зугаалжээ. Баяр ёслолыг ч нижгэр тэмдэглэдэг гэсэн. Энэ тухай Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоотой хамтарсан шалгалтын тайланд онцолжээ. Нийслэлчүүдэд эрчим хүч түгээгч монопол байгууллага болох “УБЦТС” компанийн хэрэглэгчээ шулах тогтоолыг зохиогч нь экс захирал Ч.Саранжав гэгч бий. Түүний тухай таагүй мэдээлэл олон бий. Тэрээр нийслэлийн Засаг даргад том толгой гаргасныхаа төлөө банга сонсч, ажлаа хүлээлгэж өгсөн. Хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол саналыг шийдвэрлэхийн тулд хотын дарга Э.Бат-Үүл Ч.Саранжавыг дуудах бүрт үл ойшоож байсанд “Ч.Саранжав гэдэг хүнтэй ажиллах бололцоогүй юм байна. Энэ хүнийг чөлөөлөх хүсэлтийг нэн даруй холбогдох байгууллагуудад нь тавь. Тэр хүн яагаад ийм их үнэ цэнэтэй байгааг ойлгохгүй байна” хэмээн уурссан удаатай. Мөн хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэлд ШӨХТГ-аас өнгөрсөн онд 10 сая төгрөгийн торгууль тавьж байжээ. Энэ байгууллагын зөрчил зөвхөн өнгөрсөн удирдлагуудынх нь үед байсангүй. Тус байгууллагын удирдах ажилтнууд болох н.Пунцагноров нарын зургаан хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж өнгөрсөн гуравдугаар сард сануулга авч байжээ.

 

Д.Цогтбаатар: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТАНСАГЛАСАН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Төрийн өмчийг зөв захиран зарцуулж буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй байгууллага нь Төрийн өмчийн хороо. Тус хорооноос компаниудын алдагдлыг бууруулах талаар өнгөрсөн саруудад хэдэнтээ ярьсан. Компаниудын тансаглалыг хязгаарлах тухай ч хорооны дарга Д.Цогтбаатар өгүүлдэг. Гэтэл төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа “УБЦТС” компанийн талаарх мэдээлэл энэхүү хяналтын байгууллагад хүрдэггүй болол­той. Тэрээр “УБЦТС” компанийн удирдлагуудын өнгөрсөн жилийн үйлдэлд “Компанийн захирал, удирдлагуудын тансаглалыг цэглэхээр ажиллаж байна. Одоогоор “УБЦТС” компанитай холбоотой асуудал дахин гарч ирээгүй байна. Бид иргэний нийгмийн байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамт­ран ажиллаж байгаа болохоор ийм асуудал хөндөгдвөл шалгаж тодруулж үнэнийг тогтооно. Хэрэв тухайн компанийн удирдлагууд  төсвийн хөрөнгийг үрж шамшигдуулж, тансагласан бол хуулийн дагуу хариуцлага тооцно” гэв. Харин  “УБЦТС” компанийнхан улсын төсвөө чамлаж үйлчилгээний нэмэлт өртөг авчихаад ийн цэнгэж, зугаалж явсан асуудлаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Төрийн өмчийн хороонд хандсан тухайгаа хэлж байна. Тэд “УБЦТС” компанийн экс удирдлагын үед төсвийн мөнгийг үрэлгэн байдлаар ашигласан үйлдлийг шалгаж, тансаглалд зарцуулсан нэг тэрбум орчим төгрөгийг буцаан төлүүлэхийг шаарджээ.Ард иргэдийн нуруунд дахин ачаа үүрүүлэн байж цахилгаан, дулааны үнийг нэмүүлж авсан салбар нэгжийн хувьд “УБЦТС” компанийнхан дахин алдагдал хүлээх ёсгүй. Түүнчлэн хэрэглэгчдээс зүй бусаар төлбөр хураамж авсан үйлдлээ хүлээж, зохиомол тогтоолуудаа цуцлахыг одоогийн удирдлагаас олон нийт шаардах цаг нь болжээ.

 

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих