С.Жавхлан: “Мобиком” шиг компаниуд буурай оронд ашгаа олчихоод дампуурлаа зарладаг

zaa;;_500x500_500x500Мобиком” корпораци хэрэглэгчдээ шулж уран бүтээлчдийн оюуны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан тухай олон нийт ярих болсон. Тэдний нэг нь Гавьяат жүжигчин С.Жавхлан. “Мобиком” түүний дууг зөвшөөрөлгүй ашиглаж их хэмжээний ашиг олсон нь шүүхээр тогтоогдсон юм. Тэрээр ийнхүү ярилаа.

 -Уран бүтээлийг тань зөвшөөрөлгүй ашигласныг эсэргүүцэж анх дуугарсан хүн бол та. “Мобиком” корпораци танд 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн. Энэ тухай өөрөөс тань сонсмоор байна?

-Чингэлтэй дүүргийн шүүхэд “Мобиком”-д гаргасан миний нэхэмжлэлийн дагуу шүүхээс шинжээч томилогдож шалгасан юм. Шалгалтаар миний дуулсан дуунуудыг зарж 300 орчим сая төгрөг олсон нь тогтоогдсон. Хамгийн харамсалтай нь миний дууг зарж байх үедээ“Монголын бүх хөгжмийн зохиолч, яруу найрагчдын эрхийг хамгаалах холбоо”-нд жилд 10 сая төгрөг өгдөг байсан юм билээ. Зөвхөн миний дууг зарахад гаргаж өгсөн дүнгээс харахад хэдэн зуун сая байдаг. “Мобиком” зохиолчдыг хэдхэн төгрөгөөр одоо ч хуурч байгаа. Ингэж Монголын урлагийг дорд үзсэн учраас миний тэмцэл эхэлсэн. Би ямар нэгэн байгууллагад хамаардаггүй, бие даасан уран бүтээлч.

“Мобиком” корпораци энэ бүгдийг анхнаас нь нягталж бүтээлүүдийг маань зарсан бол ийм байдал үүсэхгүй байлаа. Дуу яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гэсэн тулгын гурван чулуунаас эхэлж бүтдэг. Гэтэл дуулсан би “Мобиком”-ийн хувьд хүн биш “Сүнс” л дуулаад байсан юм билээ. Хоолойгоороо дуулж амилуулсан хүнийг хүн биш гэж үзнэ гэдэг хүний эрхийг зөрчсөн үйлдэл. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл олон жил дамнан үргэлжилж, одоо л хүмүүс үнэнийг мэдэж байгааг харахад тэмцлийн ямар их урт замыг туулав. Яасан их хамгаалж хаацайлж, ямар их олон хүн хоолоо олж амьдрав аа.

-Зохиолчдыг бага мөнгөөр хуурчихаад дуучныг нь хаясан гэлээ. Танд хамтран ажиллах санал тавьж байгаагүй гэж үү?

-Хүлээж авах боломжгүй зальдсан гэрээний саналуудыг тавьж байсан. Шүдний завсар орсон мах аятай “юм”-ыг уран бүтээлчид рүү нулимчихаад цааш нь Монголын урлагийг олон жил залгиад, гадны хэдэн ноён хэхрээд хэвтээд байж болохгүй. Энэ маягаар буруугаа хүлээхгүй улаашруулж, цаг хожиж байсаар олон жил болох гэж байна.

-Энэ асуудал одоо шүүхийн шатанд гацчихаад байгааг хуулийн хүмүүс хэлж байсан. Дундаас нь “Монгол контент” гэх компани гарч ирсэн гэдэг байх аа?

-Тэд цаг үрж хаацайлсан тоглолт хийгээд байдаг юм. Оюуны өмчийн газраас мөн энэ асуудлаар “Мобиком”-ийн охин компани  болох “Монгол контент”-ийг хоёр сая орчим төгрөгөөр торгосон байдаг. Охин ч бай, хүү нь ч бай эцэг нь үр хүүхдээ мэддэг учиртай. Охин нь хулгай хийчихээд байхад эцэг нь охинтойгоо нийлээд тас гүрийгээд гөрдөөд байхаар тэдний өмнөөс ичих юм. Аав нь хүүхдийнхээ хулгайлж ирсэн зүйлийг чимээгүй зарж ашиг олдог. Түүнийг нь илчлэхээр хүүхэд рүүгээ зааж “Жинхэнэ гэмт хэрэгтэн энэ байна” гээд аав нь зугтааж байгаатай ялгаагүй зүйл болсон. Иймээс бүтээлүүдийг дур мэдэн зөвшөөрөлгүй нийлүүлсэн “Монгол контент” ч буруудаж байгаа юм. Зарж хурааж үрсэнээрээ “Мобиком” ч буруудна. Нэг байснаа хоёр хариуцагч байгууллага болж байгаа нь бүр сайн. “Мобиком”-ийг гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж сонссон. Гадаад хүн яаж монголчуудыг хайрлахав, ашиглаад хаяхаа л бодно. Ийм компаниуд ядуу буурай оронд шургалж орж ирчихээд бүх ард түмнийг шулж хөл дээр нь сөхрүүлдэг. Олон нийт мэдээд ирэхээр хуурамчаар дампуурлаа зарлаж хэдэн антеннуудаа хаяад гараад явчихдаг юм гэсэн. Тийм жишээнүүд гадаадад олон. Монголын уран бүтээлчид ард түмний дундаас талхных нь мөнгийг саасаар л байна. Бид хоорондоо эх нутагтаа монголоор ярихын тулд гадаадын хүнд, Япончуудад халаасаа суйлуулж олон жил амьдарлаа. Энэ байгууллага монгол хүний хэрэглээ, монгол хүний үнэ цэнээр л дээшилж дэвжиж байгаа. Тэгэхээр биднийг хүндлэхгүй юм бол Монгол ч гэсэн энэ байгууллагыг хүндлэхгүй.

-Тэгвэл манай уран бүтээлчид бүтээлээ шударгаар үнэлүүлэх арга замыг та юу гэж харж байна?

-Монголын уран бүтээлчид мөнгө бодож уран бүтээлээ хийдэггүй. Түмэн олондоо энэ сайхан бүтээлээ яаж хүргэх тухай боддог. Тийм  гэгээн бурхан сэтгэлтэй хүмүүс. Тэдний энэ сайхан сэтгэл дээр ашиг хонжоо хайгчид тоглоод байна. Нөгөө талдаа ийм гэгээн оюуныг түгээгч нараа өмгөөлж хамгаалдаг, урам зориг хайрлах хүнгүй, орхигдуулаад байгаатай холбоотой байх. Энэ алдаагаа хамгийн эхэнд манай урлагийн салбарынхан нэгдэж засах ёстой. Үүрэг хариуцлагаа даадаг, мэддэг байх ёстой. Бүх уран бүтээлчид бүтээл бүртээ гэрээ хийдэг байх хэрэгтэй. “Тулгын гурван чулуу” гэж миний бэлдсэн гэрээ байдаг. Энэ нь хойчийн уран бүтээлчдэд ч хэрэгтэй. Энэ асуудал хаашаа яаж шийдэгдэхээс маш их зүйл шалтгаалах гээд байна.

-Оюуны өмчийн талаар сүүлийн үед олон  удаа ярих болсон. Бид оюуны өмчөө хамгаалах орчин ямар байна вэ?

-Уран бүтээлчид оюунаараа шатаж, асч, бадарч бүтээлээ туурвидаг хүмүүс. Тэдний бүтээл олон жил үнэгүй ашиглагдлаа. Монгол суу билэг авьяастнууд яасан их чадвартай, яасан их даавартай, хүлцэнгүй юм бэ. Оюуны өмчийг хамгаалахгүй байгаа учраас ийм байна. Ер нь манайхан хэл ам хийсэн хүнд “галзуу” гэдэг нэр өгчихдөг. “Уурласан бүхэн нөхөр биш, инээсэн бүхэн дайсан биш” гэдэг шүү дээ. Хүний тууштай тэмцээд байгааг үнэлдэггүй юм гэхэд юу бодоод байгааг нь тунгааж харах ёстой.

-Төрийн байгуул­лагынхан уран бүтээлчдийг хамтын нийгэмлэгийн байгууллагад нэгдэх ёстой гэж тайлбарладаг. Үүнд нэгдээгүй болохоор бүтээлээ хамгаалж чадахгүй байна уу?

-Зохион байгуулалтад орооч гэсэн санаа нь зөв. Нөгөө талаасаа хүний уран бүтээлийг ямар ч зөвшөөрөлгүй аль хэдийнэ авч арилжчихаад байхад “Одоо та нар нэгдээгүйгээсээ болж ингэлээ” гэвэл буруу. Яагаад анх С.Жавхлангаас чиний дуунуудыг чинь заръя гэж асуугаагүй юм. Энэ бол доромжлол. Бид нэгэндээ итгэчихээр өөрөө доошоо орчих гээд байгаа юм шиг боддог. Дандаа нэгнээ үгүйсгэсэн, атаа жөтөөч нүдээр хардаг. Би үргэлж нэгдэх тухай хэлж, хийж яваа шүү дээ.

-Оюуны өмчийг хамгаалдаггүй гэлээ. Гэтэл уран бүтээлчид үүнийг хөндөх нь ховор юм?

-Энэ талаар залуучуудад хандмаар байна. Амьдарч байгаа нийгэмдээ гэмтэй буруу зүйлийг олж харсан ч засахгүй бол чамаас өөр хэн засч, эх оронд чинь хэн эзэн болох юм бэ. Хэрэлдэж, маргалдахдаа гол нь биш. Эх орондоо эзэн нь байя л даа. Хайнга байдлыг маань ашиглаж бусармаг хүмүүс тоглоод байна. Өтийг хүртэл хатгаад байвал атирдаг шиг, хүнийг чичээд байвал хариу үйлдэл хийдэг юм.

эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих