“УБЦТС” компанийнхан хэрэглэгчдээ шулж байжээ
-Төлбөрт үйлчилгээнээс жилд 1.2 тэрбум төгрөг олдог аж-
Б.ЭНХЗАЯА
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани 386 төрлийн үйлчилгээг хэрэглэгчдэд төлбөртэйгээр хүргэдэг. Гэтэл энэ нь хууль бус болохыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас судалгаагаар тогтоосон байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос өнгөрсөн жилээс хэрэглэгчийн гомдлын дагуу гурван салбарт судалгаа явуулжээ. Гэтэл эрчим хүчний салбарынхан тэр дундаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани хэрэглэгчдэд төлбөрт үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө татдагаар бусдаасаа “хол тасарчээ”.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСӨӨ 3-4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖ ТООЦДОГ
Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн оноос цахилгаанаар хангагч байгууллагаас хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний нэр төрлийг тогтоох, мөрдөж буй үнэ тарифын зохицуулалтыг боловсронгуй болгохоор нэгдсэн шалгалт хийсэн байдаг. Энэ үеэр ч “УБЦТС” компанийнхан хэрэглэгчдээ мөнгөөр “дарамталж” байгаа үйлдэл илэрчээ. Компанийн удирдлагууд тушаал гаргаж төлбөрт үйлчилгээний тарифыг зохиох болсон байна. Уг байдал нь жилээс жилд нэмэгдэх болсныг албаныхан дуулгалаа. Тухайлбал, “УБЦТС” компанийн экс захирал Ч.Саранжавын 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн тушаалаар “…Компанийн хангах үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг нэгдүгээр хавсралтаар, түгээх үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний үнэ тарифыг хоёрдугаар хавсралтаар, өндөр хүчдэл түгээх үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнэ тарифыг гуравдугаар хавсралтаар, хэрэглэгчдээс цахилгаан сүлжээнд шинээр ба шинэчлэгдсэн холболтоор техникийн нөхцөл авахад төлөх үйлчилгээний тарифыг баталсугай…” гэх тогтоол байна. Ийнхүү шинэ үйлчилгээ нэмж, тогтоол гаргаснаар бусад компаниудаас хэд дахин олон төлбөрт үйлчилгээний тариф мөрдүүлдэг аж. Түүнчлэн төлбөрт үйлчилгээний тариф нь тухайн ажил үйлчилгээг хийхэд шаардагдах хөдөлмөр зохицуулалтын бодит үнэлгээг 3-4 дахин нэмэгдүүлдэг зөрчил илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, бодит бус үнэлгээг иргэдэд тулгадаг гэсэн үг. Шалгалтын багт орсон компанийн төлөөлөл ч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэд 386 төрлийн үйлчилгээг төлбөртэйгөөр үзүүлж байснаас дөнгөж 52 нь л үндэслэлтэй болох нь тогтоогджээ. Үлдсэн 334 үйлчилгээг бид үнэ төлбөргүй авах байж. Компанийн үйлчилгээний төлбөр 200 төгрөгөөс 280 мянган төгрөг хүртэлх үнэлгээтэй. Үндэслэлгүй гэдэгт дамжуулагч утас татах, кабелийн трасс тодорхойлох, кабелийн трассыг эргүүлэн булах, бүх төрлийн ажил гүйцэтгэх үед хянагчаар ажиллах зэрэг 334 төрлийн төлбөртэй үйлчилгээ байна. Ийм байдлаар жилд 1.2 тэрбум төгрөгийн ашиг олсон байх юм. Тиймээс хэрэглэгчид үндэслэлгүйгээр өгсөн мөнгөө эргэн нэхэж болох юм. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хороо болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос лавлахад илүүдэхгүй.
ҮНДЭСЛЭЛГҮЙ ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ СЭРГЭЭХЭЭР ХАНДАЖ ЭХЭЛЖЭЭ
“УБЦТС”-ийнхан үйлчилгээ бүрээсээ хураамж авдаг явдлаа төсөвтэйгөө холбон тайлбарладаг юм байна. Алдагдалтай ажиллаж байгаа учир төсвөө нөхөх арга зам гэдэг аж. Гэвч зөрчил илрүүлсэн шалгалтын багийнхан 10 гаруй удаа уулзаж хэлэлцсэний дүнд үндэслэлгүй төлбөрүүдээ хасахаар тохиролцож, иргэдийг хохироож байснаа хүлээн зөвшөөрчээ. Гэтэл сүүлийн үед амнаасаа буцаж, дахин төсөв хүрэлцэхгүй байна гэж учирлах болсон байна. Эл байдлыг таслан зогсоох үүрэгтэй Эрчим хүчний хорооныхон ч хүч өгөхгүй байгаа сурагтай. Эрчим хүчний салбар өнгөрсөн жил 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Гол салбарын алдагдлыг бууруулахын тулд өнгөрсөн наймдугаар сараас цахилгаан, дулааны үнийг нэмсэн юм. Зайлшгүй хэрэглээгээ бодож иргэд ч хэл ам татлаагүй өнгөрсөн. Ард иргэдээ мөхөсдүүлэн байж төсвөө нэмэгдүүлсэн салбарын гол компаниудын нэг “УБЦТС”-ийнхан дахин юунд шунав.
Төрийн өмчит компаниудын тансаг хэрэглээ гэх нэр томъёо хүртэл бий болсныг санахад илүүдэхгүй. Энэ нэр томъёо ч тус компанийг тойроогүй юм билээ. Учир нь өнгөрсөн жил компанийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр гадаадад аялсан гэх мэдээлэл байна. Магадгүй хэрэглэгчдээсээ завшсан илүү мөнгөөрөө ийнхүү тансагладаг юм болов уу.
Эх сурвалж Зууны мэдээ
URL: