“Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын өөрчлөлтийг эргүүлэн татахыг шаардав

8aa2ce9ed46f6195f1c1f86b8d39e697_LУИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлуудын дараалалд орсон “Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүн эргүүлэн татахыг шаардлаа.

Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу иргэдийн нэрлэж заншсанаар “Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. Гэвч энэ төслийг батлахыг зарим гишүүд, төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнийхөн эрс эсэргүүцэж байгаа юм.
Анх Засгийн газраас алтны худалдааг нэмэгдүүлэх зорилгоор уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, ээлжит бус чуулганы үеэр хэлэлцүүлэхээр болсон юм. Гэсэн ч УИХ дахь зарим намын бүлэг энэ хуульд өөрчлөлт оруулах нь зөв эсэхэд байр сууриа нэгтгэж чадаагүй бөгөөд эргэж нягтлах зүйл байна гэсэн санал оруулснаар хэлэлцэх хугацааг түр хойшлуулж, Ажлын хэсэг байгуулсан. “Урт нэрт” хуулийн хэрэгжилттэй танилцах, санал дүгнэлт гаргах, мөн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий уг Ажлын хэсгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолоор байгуулж, УИХ-ын гишүүн Д.Арвин ахалж байгаа юм.
Тус Ажлын хэсэгт О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нарын гишүүд орсон бөгөөд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим сумын алтны компаниудын үйл ажиллагаатай танилцаад ирсэн талаараа өнөөдөр мэдээллээ. Харин энэ үеэр өмнөх Ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар алтны компаниудад ямар ч ажил хийгээгүй байсан гэж дээрх гишүүд шүүмжилж байв. Түүнчлэн ““Урт нэрт” хууль хоёр их хурлын бүрэн эрхийн хугацаанд яригдаж байж батлагдсан.

Энэ хууль бол  эх орны язгуур эрх ашиг, амьдрах газар нутгийн маань ус, хөрс, агаар нь цэвэр байх, хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэгдсэн хууль. Сонгууль болохоор бүх нам, улстөрчид байгалиа хамгаална, байгальд ээлтэй орчин бүрдүүлнэ гэж ярьж байгаад гарч ирдэг ч өнөөдөр энэ тал дээр хийж хэрэгжүүлсэн зүйлгүй, алтны компаниудын лоббинд автаад хуулийнхаа эсрэг зүйл хийж байна. Хуулийг дагаж гарах журмын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулна, харин урт нэртэй хуулийн үг, өгүүлбэрт ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж байгаа ч цаагуураа энэ нь бодит байдалтай нийцэхгүй байгаа” гэлээ. Тиймээс дээрх нэр бүхий гишүүд хууль санаачлагчдыг хуулиа эргүүлэн татаж авахыг уриалж байгаагаа мэдэгдэв.

Н.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих