“Жанжин” клубт 800 хүүхдийн цэцэрлэг, 2800 автомашины газар доорхи зогсоол сүндэрлэнэ
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөх ажлын энэ жилийн сүүлчийн төслийн нээлт өнөөдөр боллоо.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн урд хэсэгт байрлах 13 га газар, 160 гаруй нэгж талбар хашааг хамарсан их бүтээн байгуулалтын төсөл юм.
“Түмэн амгалан ” цогцолборын дахин төлөвлөлтөд нийт 250 гаруй өрх, 1200 орчим хүн амыг хамарсан байна.
Цогцолбор хотхонд орон сууцны 35 блок барилга, олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний цогцолбор тус бүр нь 940 хүүхэд хүлээн авах дунд болон ахлах сургууль, тус бүр нь 140-250 хүүхдийн хүчин чадалтай нийт 800 хүүхдийн цэцэрлэг, 2800 автомашины газар доорхи авто зогсоол, олон нийт төрийн үйлчилгээний байгууллага болох хороо, цагдаагийн тасаг, өрхийн эмнэлэг, бүхий цогцолбор хотхон сүндэрлэх ажээ.
“Гранд лайн” компанийн захирал Б.Чулуудай хэлэхдээ “Газрын шинжилгээ, гүний шинжилгээ, айлуудтайгаа 100 орчим хувиар тохирсон байгаа. Энэ намраас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ерөнхий бүтээн байгуулалт нь ирэх хавраас эхэлнэ. Эхний ээлжийн барилга 2014 оны эхний улиралд ашиглалтад орно. 2015, 2016 онд багтаан бүхий л бүтээн байгуулалтаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Барилгаа төмөр бетон шийдлээр барилгаа барина” гэв.
Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг “Иргэд, хувийн хэвшил, төр хамтран хэрэгжүүлж байгаа тул хүндрэл гайгүй болсон. Барилгын компаниуд ямар нэгэн албан байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан бол одоо иргэдээсээ зөвшөөрөл авна. Гурван талт гэрээ байгуулагдахаар иргэд ч төсөл хэрэгжиж байгаа байгууллагад ч эрх, үүрэг үүснэ” хэмээн ярилаа.
Иргэн З.Цэцэнхүү “Гэр хороолололд амьдраад олон жил болсон. Хүүхдүүдийн арьсан дээр жижиг тууралт их гардаг байсан шалтгаан нь хөрс, усны бохирдол гэж мэдсэн. Миний хувьд 0.7 га газартай, хашаандаа ногооны газартай, зоорьтой. Гэхдээ алийн болгон гэр хороололдоо агаар, хөрсний бохирлдолтой нүүрс үнстэйгээ зууралдаж байхав дээ. Бид хашааныхаа газрыг солиод 3-4 өрөө байраар солихоор эхний хоёр талт гэрээгээ хийсэн байгаа” гэлээ.
URL: