Г.Пүрэвдагва: Бид анхнаасаа ам барьж сураагүй, энэ удаад ч гэсэн ам барихгүй
“Увертюра” хамтлагийн “Төгсгөлгүй эхлэл” хэмээх поп опера тоглолт энэ сарын 23, 24 УДЭТ-т болох гэж байгаа.
Тоглолтын талаар “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.
-“Увертюра” хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш даруй дөрвөн жил уран бүтээлээ туурвисан байна. Тэгвэл дөрвөн жилийн турш хийсэн бүтээсний ард түмэндээ тайлагнахаар бэлтгэлээ базааж байна. Тоглолтынхоо талаар ярьвал?
-Манай хамтлагийнхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сэтгэл санаа болон уран бүтээлээ өөрсдийн хэмжээнд бэлтгэсэн. Тиймээс “Увертюра” хамтлаг гэж хэн бэ, энэ хамтлагийн ард ямар баг ажилладаг юм, уран бүтээл нь ямархуу байдаг, чухам юуг үзүүлэх гээд байна гэдгийг энэ удаагийн тоглолтоороо тайлагнаж, үзэгчдэд хүргэх гээд бэлтгэж байна.
-Тоглолтод маш олон хүн, баг оролцоно гэж байсан. Тэгвэл тоглолт зохион байгуулж байгаа багийнхаа талаар яриач?
-Тоглолтод маш олон уран бүтээлчид оролцоно. Мөн олон байгууллага хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, ерөнхий зохион байгуулагчаар “Анир” студи ажиллаж байгаа. Мөн хэвлэл мэдээллийн салбарын бүх сонин сэтгүүл, телевиз, сайтууд ажиллаж байна.
Ерөнхийдөө хэвлэл мэдээллийнхэн маань биднийг маш их дэмжиж байгаа. Урлагийнхны бидний хамгийн найдвартай, хамтарч ажилладаг түнш бол хэвлэлийнхэн, тиймээс баярлалаа гэж хэлмээр байна. Бид хэвлэлийнхэн болон үзэгчдийн нүүрийг улайлгахааргүй сайн тоглолт хийхээр бэлтгэж байгаа.
УДЭТ-ын тайзыг сонгосон учир нь эрдмийн театр гэдэг утгаа бодсон. Түүнээс гадна хөгжим, дуугаралтаа бодсон ч, тайзаа бодсон ч энэ тайз гайхалтай. Тоглолтод Бүх цэргийн дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ.
Хор дуучид нь бас оролцоно. Хөгжим бүжгийн коллежийн симфони оркестер цохивор хөгжимтэйгээ оролцох гэж байна. Мөн “Хөсөгтөн” хамтлаг, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Д.Эрдэнэбат, “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа зэрэг уран бүтээлчид орж байгаа учраас бидний тоглолт сайн болохоос өөр аргагүй юм.
-Танай хамтлаг Монголын том том хөгжмийн зохиолчдын бүтээлийг амилуулж байгаа. Гэхдээ зүгээр ч нэг дуулахгүй поп опера урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа болохоор хүндрэл гардаг байх?
-Их хүндрэлтэй байдаг. Бид хамтлаг болоод дөрвөн жил болоход дууг яаж дуулах вэ, яаж амилуулах вэ гэдэгт суралцаж байна. Дээрээс нь өмнө алдартай дуучид дуулаад сонсогчдод хүргэчихсэн дууг дуулж байгаа.
Тэр уран бүтээлүүдийг яаж сүлэлдүүлж, үзэгчдэд яаж хүргэх вэ, дууны утгыг хэрхэн яаж гаргах вэ гэдэгт ч суралцаж байгаа. Ер нь дуучин хүн гэдэг насаараа л суралцаж байдаг гэж би боддог.
-Тоглолтод 21 дуу дуулна гэж байсан. “Удиртгал” цомогт гэхэд 9, 10 дуу багтсан. Сүүлд шинэ дуунууд ч гарсан. Тэгэхээр цоо шинэ дуу эгшиглэх нь ээ?
-Шинэ дуу бий. Д.Сосорбарам гавьяаттай болон “Хөсөгтөн” хамтлагтай хамтарсан дуунууд байгаа. Хамгийн сүүлд бид “Амьддаа бие биенээ хайрла” дуугаа гаргалаа. Энэ шүлэг өөрөө агуу. Шүлэг нь нэгэнт ард түмэнд хүрчихсэн учраас ая хийж сонсогчдод хүргэнэ гэдэг маш хэцүү.
Гэхдээ манай “Анир” студийн найруулагч Б.Алтанхуяг ая хийж, өөрөө хөгжмийн найруулгаа хийсэн. Софт рок чиглэлийн анхны уран бүтээл төрж гарсан гэхэд болно. Маш сайн хийсэн гэж бодож байгаа. Тийм болохоор үзэгчдэд хүрэх байх аа.
-Бүх дуугаа амьдаар, оркестертой дуулна гэж байсан?
-Бүх дуугаа амьдаар дуулна. Ямар ч фонаграмм байхгүй. Ер нь тоглолтууд дээр мэргэжлийн хяналтынхан очдог болсон байна билээ. Манай тоглолт дээр хүрч ирээд хараг, бид бардам байна. Бүх дуугаа амьдаар дуулна, ямар ч ам барих асуудал гарахгүй. Ам барьж байгаа дуучид илт мэдрэгддэг шүү дээ.
Ерөнхийдөө үзэгчдийн боловсрол, мэдлэг өндөр болсон. Хэн нь ам барьж байна, аль нь амьд дуугарч байна вэ гэдгийг ялгадаг үзэгчидтэй болчихсон шүү дээ. Тиймээс дуучид, хамтлагууд ам барих нь багасч байгаа.
Ер нь ам барина гэдэг чинь маш хэцүү шүү дээ. Элдэв юмнаасаа зөрчих вий гэж айна. Тэгээд ч тайзан дээр худлаа харагдаад байдаг юм. Бид анхнаасаа ам барьж сураагүй. Тийм учраас энэ тоглолт дээр ч гэсэн ам барихгүй. Бидэнд айгаад байх юм байхгүй. Орскестертой дуулж чадна.
-Ерөнхийдөө гаргаж байгаа уран бүтээлүүд чинь их сайн байдаг. Хит болдог. Олон сонгодог аяыг дуу болгож дууллаа. Шүлгээ яаж сонгож авч байна. Хэнээр голдуу бичүүлдэг вэ?
-Манай хамтлагийн багш, найруулагч, продюссорын үүрэг гүйцэтгэдэг Д.Сосорбарам ах уран бүтээлийн тал дээр маш сайн тусалдаг. Маш олон хүн байгаа. Тэр хүмүүс маань уран бүтээлээ сонгоно, хоорондоо ярилцаж шийдвэрээ гаргана. Та нар ажигласан бол дөрвөн жилийн хугацаанд бид 40 орчим дуу гаргасан.
Тооны төлөө биш чанарын төлөө уран бүтээл гаргадаг. Жилд 3-4 дуу хийдэг ч үе байдаг. Тиймээс чанартай уран бүтээлүүд гардаг гэж боддог юм.
-Д.Сосорбарам гавьяатыг найруулагчаар ажиллаач гэж та нар урьсан юм уу?
-Анхнаасаа л бид энэ хүнтэй хамтарч ажилласан, бидэнтэй салшгүй холбоотой. Тийм болохоор бид албан ёсны санал тавих нь зүйн хэрэг. Гэхдээ бид санал тавьсан тавиагүй Со ах бидэнд туслаж, тоглолтыг маань найруулж өгөхөөр ажиллаж байгаад бид маш их баярлаж байгаа.
Заавал тэгэх нь алба биш шүү дээ. Гаргаж ирсэн үү гэвэл үнэн. Түүн дээрээ давхар тоглолтыг маань найруулж өгч байна. Энэ бол үнэхээр сэтгэл зүрхээрээ хандаж байгаа хэрэг. Тиймээс бид баярласнаа илэрхийлэх нь зөв. Нөгөө талаар жүжиглэлт талаасаа маш их анхаарч байна.
Дуучин хүн өөрөө жүжигчийн чадвартай байх хэрэгтэй. Тайзан дээр яаж хувирах, үнэн байх вэ гэдэг нь Д.Сосорбарам ахтай салшгүй холбоотой. Хөгжмийн тал дээр Б.Алтанхуяг ах маань ажиллаж байна. Өөрөө оркесторыг удирдана. Учир нь бүх дууны хөгжмийн найруулгыг өөрөө хийсэн, мэддэг учраас тэрг шүү дээ.
-Тоглолтын нэр их сонирхол татаад байна. Ямар учиртай вэ?
-”Төгсгөлгүй эхлэл” гэдгийг найруулагч маань өгсөн. Хэзээч дуусашгүй, төгсөшгүй эхлэл байгаасай гэсэн бэлгэдлийг бодож өгсөн юм. Манай хамтлагийн нэр ч гэсэн энэ нэрэнд багтсан. “Увертюра” гэдэг нь удиртгал гэсэн үг. Тэгэхээр эхлэл гэдэгтэй агаар нэг.
-Хоёр дахь цомгоо хэзээ гаргах гэж байна. Эхний цомог гараад бас гэж багагүй хугацаа өнгөрлөө шүү дээ?
-Бид энэ удаагийн тоглолтоор бүх зүйлээ дэлгэхийг бодсонгүй. Ерөнхийдөө хоёр дахь цомгийн ажил маань бэлэн болчихсон байгаа. Тоглолтын дараа бид тоглолтоо DVD болгож гаргана. Энэ DVD-тэйгээ нийлүүлээд хоёр дахь цомгоо гаргах төлөвлөгөөтэй байна. Амжвал оны өмнө гарчих байх.
Н.Пунцагболд
URL: