”Нарантуул” захын галын дүгнэлт

26aaas“Нарантуул” олон улсын худалдааны төвд гарсан галын дүгнэлт гарчээ. Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд уг захын хүнсний павилоньд гал гарч, нэг хүн амиа алдан, 411 түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирсон.

Энэхүү галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоохоор УМБГ болон ЭЦГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын хугацаа дуусч, хохирлын хэмжээ болон галын шалтгааныг тогтоосон байна.

Нийтдээ 12 тэрбум 300 гаруй сая төгрөгийн хохирол учирч, таван тэрбум 430 гаруй сая төгрөгийн барааг галын аюулаас аварчээ. Харин галын шалтгаан нь цахилгааны богино холбоо үүссэнээс үүдэлтэй гэж дүгнэсэн байна. Уг хэрэг одоогоор прокурорын хяналтад шилжээд байгаа юм. Өөрөр хэлбэл, хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа хохирол барагдуулах үйл явц өрнөх нөхцөл бүрдэнэ. Түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох явцад багагүй хүндрэл гарч байсан бөгөөд зарим түрээслэгч бараанынхаа үнийг хэтэрхий өндөр буюу зах зээлийн ханшаас дээгүүр хэлж байсан нь бодит хохирлыг тогтооход нэлээд саад учруулж байсан аж.

Тухайлбал, нэг уруулын будгийг 80 мянган төгрөгөөр үнэлсэн байна. “Нарантуул” худалдааны төв бол бусад худалдааны төв, дэлгүүрүүдтэй харьцуулахад хамгийн хямд байдаг.

Гэтэл нэг уруулын будгийг 80 мянган төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалтай уялдахгүй байгаа юм. Түүнчлэн тухайн үедээ 13 мянган төгрөгөөр зарагдаж байсан үхрийн нойтон мах гэнэт өсч 18 мянгад хүрсэн тохиолдол ч гарсан байна. Энэ мэт хүндрэлүүд гарч байсан ч ажлын хэсгийнхэн зах зээлийн ханшаар үнэлгээ хийж, нийт хохирлын хэмжээг тогтоосон байна. Гал гарсны дараа ажлын хэсгийнхэн 14 хоногт галын дүгнэлтийг тогтоох боломжтой гэж байсан ч ийнхүү сар гаруйн хугацаа өнгөрсөн нь дээрх хүндрэлтэй холбоотой аж.


URL:

Сэтгэгдэл бичих