Ш.Сайхансамбуу: Монголд “Гааль”-ийн Х.Баатараас өөр авлигын хэргээр баригдсан нэг ч хүн байхгүй. Хойшдоо ч бас хэн ч баригдахгүй

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Бизнес хийж байхад авлига өгөхөөс өөр аргагүй байдал байнга үүсдэг байсан. Авлига авч байсан нөхдүүд өнөөдөр надтай УИХ-д зэрэгцээд сууж л байна” хэмээн хэлснээсээ болж, эрүүгийн хэрэгт татагдаад буй билээ.
Түүний ярилцлага олон нийтэд хүрсний дараа Авлигатай Тэмцэх Газраас гишүүнийг ирж мэдүүлэг өг хэмээн удаа дараа мэдэгдсэн ч  энэ нь хуулийн дагуу албан шаардлага, бичгээр бус гар утсаар болсон яриа байж.

Ийм ч учир гайгүй биз хэмээн тоомжиргүй явсан түүнд өнгөрсөн долоо хоногт 3 жилийн хорих ял төлөвлөн, эрүү үүсгэсэн билээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:

“Яахав дээ. Тэгээд юм ярихаар шоронд хийдэг болсон юм бол явахаас биш дээ.
Дараа нь тэгээд улс эх орноо худалдсан гэж сайд нарыг шүүмжилдэг бүх УИХ-ын гишүүд миний араас явах юм байлгүй.
Ер  нь бол авлигачид байгаа нь үнэн шүү дээ. Шоронд яваагүй л болохоос. Монголд ер нь “Гааль”-ийн Х.Баатараас өөр авлигын хэргээр баригдсан хүн байхгүй. Хойшдоо ч бас  хэн ч баригдахгүй. Яагаад гэвэл тэр дарга нарын авлига гэдэг чинь маш нууц түвшинд явагддаг юм. Төрийн нууцаас нууц юм байгаа байх шүү. Тэрийг Монголын хууль, хүчнийхэн олж чадахгүй” хэмээн өгүүлжээ.

Тэрээр өмнө нь ЭБЭХЯ-ы сайд Д.Зоригтыг огцруулах эсэх санал асуулга дээр түүнийг шүүмжилж байсан ч Ерөнхий сайд  Сү.Батболд бүлгийнхээ гишүүдийг яаж санал өгснийг нь харна хэмээн шахалт үзүүлж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн барихад нь ХЗДХЯ- ы сайд Ц.Нямдорж : “Хаа хамаагүй нэг муу гишүүн хууль санаачилдаггүй юм” хэмээн зандарч, уг хуулийг хэлэлцэлгүй орхисон аж.

Харин түүнд эрүү үүсгэхийн өмнөх долоо хоногт тэрээр Ард Түмний их хуралдайг дэмжиж буйгаа илэрхийлж, захиа явуулсан юм байна.

М.Оюунчимэг


URL:

Сэтгэгдэл бичих