Нигерчүүд Ареваг эсэргүүцэн жагсаж байна
2013-10-12. Agence France-Presse (AFP) Францын мэдээний агентлаг.
Бямба гаригт хэдэн мянган Нигер иргэд Францын цөмийн Арева компанийг эсэргүүцэн жагсчээ. Арева компани нь нэн ядуу Нигер улсад сүүлийн 50 жил уран олборлож ирсэн юм.
Жагсаалд оролцсон 5,000 орчим иргэд Нигерийн засгийн газраас Ареватай ураны асуудлаар тусгайлан ярилцах явдлыг дэмжин цугларчээ. Жагсаалд 5 мянган хүн оролцсон гэдгийг бусад эх сурвалжууд ч баталж байна.
Өнгөрсөн ням гаригт Нигерийн Ерөнхий сайд Бриги Рафини олон нийтэд хандаж Нигер улс Ареватай хийсэн гэрээ хэлэлцээрүүд нь хэт тэнцвэргүй болсон гээд гэрээг маш “нарийн шүүлтүүрээр” дахин шүүж, сайтар нягтлана хэмээн амлажээ.
Аревагийн охин компани болох Сомайр ба Коминак компаниудтай хийсэн гэрээний хугацаа 2013 онд дуусгавар болж байгаа бөгөөд тэдний гэрээг ч сайтар шалгана гэж Рафини хэлжээ.
Жагсаал цуглаанд орон нутгийн эрх баригчид болон энгийн ард иргэд оролцсон бөгөөд тэд Нигерийн хойт зүгт орших ураны уурхайн дэргэдэх Арлит тосгоны гудамжаар жагсахдаа Ареваг эсэргүүцсэн уриа лоозонг чанга дуугаар хашгирч байжээ.
Жагсаалд оролцогчид Арева корпораци байгаль орчныг бохирдуулж, цацрагт хордуулсан, орон нутгийн ард иргэдийн гомдол зовнилыг үл тоомсорлодог хэмээн шүүмжилсэн байна.
“Арлит тосгоны орчим хуримтлагдсан 50 сая тонн цацраг идэвхит хог хаягдлыг нутгийн иргэдэд өв болгон үлдээж байна. Ард иргэд уух усгүй хатаж үхэж байхад Арева жилд 20 сая шоо метр ус ашигладаг” гэж жагсагчид ярив.
Арева корпораци нь хэмжээгээрээ дэлхийд хоёрт жагсдаг ураны томоохон үйлдвэрлэгч бөгөөд нийт ураныхаа гуравны нэгээс илүү хувийг Нигерээс олборлодог. Уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг Нигер улс нь манай гаригийн хамгийн ядуу орнуудын нэг билээ.
Эх сурвалж:
Niger protest against French firm Areva. France 24 –олон улсын мэдээний TB суваг.
http://www.france24.com/en/20131012-niger-protest-against-french-firm-areva
Орчуулсан Э. Амарлин
http://golomt.org
URL: