Мобикомын мэргэжилтэн Д.Лхагвадорж: Аль нь буруутайг шүүх тогтооно
Монголын анхны үүрэн телефон “Мобиком” корпорацитай шүүхдэлцэх иргэд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүчтэй шуугих боллоо. Өөрөөр хэлбэл тус корпораци өнөөг хүртэл хэрэглэгчдээ хууран мэхэлсээр байна.
Учир нь тус компанийн 13,4 мянган like-тай пэйж хуудсан дээр “Та намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас минь халлаа, одоо хоёр сарын цалинг минь өгөхгүй гэлээ. Би тэгвэл бас адилхан харьцаж чадна шүү. Моби лотто бол цэвэр хуурамч явуулга, Ланд Круйзер 200 бол бас нэг луйвар” гэсэн постыг үлдээсэн нь үнэндээ олон хүнийг гайхшруулсан.
Үүнээс гадна Мобиком корпораци оюуны өмчийн эрхэнд халдаж дуучдын уран бүтээлийг хөгжимт дуудлаганд ашиглан мөнгө олсны тэмцлийг МУГЖ С.Жавхлан хэдэн жилийн туршид өрнүүлж байсан билээ.
С.Жавхлангийн дуунуудыг ашиглан “Мобиком” корпораци дэргэдэх “Монгол контент” компанийн Нi-Тоnе үйлчилгээгээр дамжуулан борлуулж 300 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн гэж мэдэгдэж байсан юм. Мөн ноён Бондгор буюу Ц.Амарбаярын уран бүтээлийг мөн л ийм замаар ашиглаж 20 сая төгрөг луйвардсан гэж дуучин залуу мэдэгдээд байгаа.
Харин ноён Бондгорт нэхэмжлээд байгаа хохирол болох 20 сая төгрөг өгсөн эсэх, эсвэл түүнийх нь тодорхой хувийг буцааж олгосон талаар тодруулахад албаны эх сурвалж шүүхийн шатандаа явж байгаа гэсэн юм. Мөн Мобитой холбоотой бас нэг зүйл гэвэл тухайн хэрэглэгчийг яриагүй байхад төлбөр их хэмжээгээр гардаг гэсэн гомдол байнга гардаг.
Энэ талаар Мобикомын мэргэжилтэн Д.Лхагвадоржоос тодрууллаа.
-Мобиком корпораци дуучдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй авч ашигласан гэж гомдол гараад байгаа. Энэ асуудал дээр тодорхой хариу өгөхгүй юу?
-Ноён Бондгорын асуудал шүүхийн шатандаа явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Аль нь буруутайг шүүх тогтооно. Мобиком корпораци “Ая зохиогчдын холбоо”-той гэрээтэй хамтарч ажилладаг. Зарим дуучид “Ая зохиогчдын холбоо”-нд элсээгүй бол өөрөө ирж гэрээ хийж хамтарч ажилладаг.
-Мобикомтой холбоотой хэрэглэгчдийн санал гомдол байнга гардаг. Жишээ нь дугаараа хаагаад гадаад яваад ирэхэд их хэмжээний төлбөр гарсан байдаг гэсэн гомдол тасардаггүй?
-Дараа төлбөрт үйлчилгээ гэдэг бол суурь хураамжтай. Та гэртээ интернэт тавиулсан бол тэрнийхээ төлбөрийг төлдөг. Түүнтэй адилхан. 9000 төгрөгийн 2160 багцыг аваад 160 минут ярих эрхтэй. Та яриагүй байсан ч ашиглана гээд авсан учраас суурь хураамжаа төлөх л ёстой.
-Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцаа төлбврийг хаана байршуулдаг вэ. Хэрэглэгчийн дансанд байршуулах боломжтой юу?
-Барьцаа төлбөрийг Мобиком корпорацид байршуулж байгаа. Манай корпорци 17 жилийн турш уйл ажиллагаа явуулж байна. Энэ тал дээр хэрэглэгчдээс санал гомдол гардаггүй. Бид бүхэн өнгөрсөн 2012 оноос эхэлж барьцаа төлбөрийг нь хэрэглэгчдэд буцаан олгож байгаа.
Ингэхдээ арав болон түүнээс дээш жил ашигласан дараа төлбөрт хэрэглэгчдэдээ буцааж олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар сараас эхлээд зургаан жил болон түүнээс дээш жил хэрэглэсэн хэрэглэгчиддээ барьцаа төлбөрийг буцааж өгсөн. Энэ тал дээр шат дараатай арга хэмжээ авч ажиллана. Ингэсний ур дүнд бүх дараа төлбөрт хэрэглэгчид барьцааны мөнгөө буцаан авах болно.
Мобиком баян хүмүүсийн хэрэглээ гэв
Дараа төлбөртийн хэрэглэгч Оюунаагаас энэ үйлчилгээний талаар тодруулахад Мобикомын дараа төлбөрт бол үнэндээ баян хүмүүсийн хэрэглээ юм билээ. Миний төлбөр ярьснаас илүү гардаг юм. Тэгэхгүй бол төлбөр худлаа гардаг гэв Би энэ сард яриагүй ч гэсэн багцын 9000 төгрөгөө төлсөн” гэсэн юм.
Дараа төлбөрт хэрэглэгчдийн ярьж байгаагаар төлбөрийн биллээ байнга шалгаж авах хэрэгтэй. Шалгахгүй бол худлаа гарах магадлал өндөр байдаг гэнэ. Мобиком 1,3 сая хэрэглэгчтэй, 17 жилийн дотор ийм тооны сим карт зарагдсан гэсэн үг. Үүнээс нийт хэрэглэгчдийн арван хувь нь дараа төлбөрт хэрэглэгч байдаг аж. Тэд бол Мобикомын том мөнгөний урсгал юм.
Б.Анхтуяа
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: