Хятадууд “Монгол хүн орохыг хориглоно” хэмээн үүдэндээ бичжээ
Хятадын Шинжянь хотын томоохон үйлчилгээний төвүүдийн үүдэнд “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичгийг байрлуулжээ. Энэхүү үйлдлийг манай Элчин сайдын яамны зүгээс буруушаан Монгол Улсын нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон үйлдэл байна гэдгийг тус хотын цагдаагийн газарт уламжилсан байна. Гэтэл тус хотын хууль сахиулах албаныхан ийм бичиг байршуулах болсон үндэслэлээ тайлбарлахдаа, энэ бол Монгол Улсын нэр хүндийг унаж байгаа асуудал биш. Монголчууд байнга хулгай хийж байгаагаас үүдэн бид олон сая юанийн хохирол амссан учраас аргагүйн эрхэнд үйлчилгээний төвүүдээ хамгаалахын тулд ийм арга хэрэглэхэд хүргэсэн хэмээжээ. Манай талаас Монгол Улсын нэр хүндэд харшилсан эл асуудлыг таслан зогсоохыг хүссэн учраас Шинжянь хотын үйлчилгээний төвүүд одооноос эхлэн “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичгээ авч эхэлсэн байна. Дашрамд дурьдахад, Хятадын Эрүүгийн хуульд өөрчлөлт орж 60-100 мянган юань хулгайлсан тохиолдолд 10-25 жилийн хорих ял оноож байхаар хуулийн заалтаа чангаруулжээ. Монголчууд Хятадад хулгайн гэмт хэрэгт холбогдох нь эрс нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн үед зохион байгуулалттай бүлэг хулгайчид олширч байгаа аж. Тухайлбал, Хятадын хууль хяналтын байгууллагынхан Шарийнхан гэх хочтой бүлэг Монгол иргэдийг илрүүлсэн байна. Ингээд хэргийг шалгах явцад тэд нууцлалын зэрэгтэй цүнх авчирч хулгай хийх, жирэмсэн эхчүүдээр хулгай хийлгэх зэргээр зохион байгуулалтад орж ажиллаж байсан нь тогтоогджээ. Тухайлбал, Монголоос хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг Шарийнхан бүлгийн толгойлогч нь Хятадад түрүүлж очин нарийн судалгаа хийгээд буцдаг байна. Ингээд үүний дараа Хятад улсын тусгай газрын зураг дээрээс хулгай хийх тохиромжтой мужуудыг тэмдэглэн яг тэр маршрутаараа хулгай хийдэг болохыг тус улсын цагдаа нар илрүүлжээ. Түүнчлэн дээрх бүлэг Монгол залуус Улаанбаатарт томоохон брэндийн дэлгүүр нээсэн бөгөөд хууль бусаар олж авсан бараа, бүтээгдэхүүнээ худалдаалдаг аж.
URL: