Ливэрпүүлийн хамгийн муу 10 наймаа

Сэтгэл хөдөлгөм мартагдашгүй тоглолтууд, хөгжөөн дэмчигчид, тоглогчид, тэдний талбайн гаднах амьдрал, тоглогч дасгалжуулагчдын шилжилт гээд энэ бүхэн цогцолж, бидний дурладаг хөлбөмбөг гэх гайхамшигт спортыг улам амттай болгодог. Хөлбөмбөгийн тэмцээнүүд завсарлаж, амрах үеэрээ ч дэмжигчдийгээ завгүй байлгаж чаддаг нь энэ спортын онцлог биз.

Энэ үеэр дэлхий нийтийг шуугиулсан, олныг алмайруулж заримыг нь гомдоосон тоглогчдын шилжилт хөдөлгөөн өрнөх нь олонтаа. Мэдээж, энэ бүх наймаа солилцоонууд тэр бүр оновчтой, нүдээ олдоггүй гэдгийг хөлбөмбөгийн түүх өөрөө гэрчилдэг. Мэдээж хэрэг уг “бичигдээгүй хууль” –ийг Ливэрпүүл ч тойрч өнгөрөөгүй нь ойлгомжтой. Caughtoffside цахим хуудаснаас Улаануудын хийж байсан хамгийн бүтэлгүй 10 наймааг нэрлэсэн байна.

№10 Албэрто Аквилани /Рома, 17 сая паунд/

Alberto Aquilani Liverpool

2009 оны зун Рафа Бэнитэз хагас хамгаалагч Шаби Алонзог орлуулахаар Италийн Рома багаас Албэрто Аквиланиг 17 сая паундаар авчирч байлаа. Ливэрпүүлд ирэхдээ л бэртэлтэй байсан тэрээр 3 сарын дараа дэбют тоглолтоо хийж байсан юм. Түүнд Рафа Бэнитэз, Рой Хожсон, Кэнни Далглиш, Брэндан Рожэрс нарын дасгалжуулагчид ч төдийлөн боломж олгоогүй, өөр багууд руу зээлээр явж байгаад 2012 оны зун нутаг буцав. “Ромын хунтайж” Ливэрпүүлийн төлөө 28 тоглолтонд оролцож, 2 гоолыг оруулсан байна.

№9 Жо Коул /Чэлси, үнэгүй/


Ливэрпүүлийн уналтын үеийн гол төлөөлөл Рой Хожсон 2010 оны намар Чэлсигээс Жо Коулыг авчрав. Хэдийгээр Ливэрпүүлд үнэгүй ирсэн ч тэрээр эхний тоглолтондоо л бүтэлгүйтэж улаан хуудас аван талбайг чөлөөлж байв. Улмаар Кэнни Далглиш түүнийг Францын Лилль рүү зээлж, өнгөрсөн өвлийн солилцоогоор төрөлх баг Уэст хэм рүүгээ бүрмөсөн буцсан.

№8 Фэрнандо Мориэнтэс /Реал Мадрид, 9.3 сая евро/


Рафа 2005 оны өвлийн солилцоогоор Фернандо Мориэнтэсийг Анфилдад газардуулж байлаа. Ид үеэ Испанийн эзэн хааны багт өнгөрүүлсэн тэрээр Англид төдийлөн идээшиж чадаагүй бөгөөд Ливэрпүүлийн төлөө 2 жил тоглохдоо 12 гоолыг оруулжээ.

№7 Эл Хажи Диуф /Лэнс, 10 сая паунд/


2002 оны ДАШТ –ний нээлт болсон Сэнэгалийн шигшээ багаас Эл Хажи Диуф хэмээх тоглогчийг Жэрарь Улье 10 сая паунд төлж авчиржээ. Сенегал довтлогчийн Анфилд дэх замнал ч тун гайхалтай эхэлсэн бөгөөд тэрээр эхний тоглолтондоо л 2 гоолыг оруулж багаа ялалтанд хөтөлсөн байна. Гэсэн ч Диуфын Ливэрпүүл дэх амьдрал эхлэл шигээ дардан байсангүй, ирсэн жилдээ 46 тоглолтонд оролцож 6 гоол, дараа улиралд нь 33 тоглолтонд оролцсон боловч ганц ч гоол хийж чадалгүй улмаар Болтон руу явжээ.

№6 Салиф Диао /Седан, 5 сая паунд/


2002 оны ДАШТ –ний дараа Ж.Улье Сенегалын 2 тоглогч авчирны нэг нь Салиф Диао байсан юм. Африк хагас хамгаалагчийн төлөө 5 саяыг зарцуулсан ч тэрээр мөн л нутаг нэгт шигээ Анфилдад хөлөө олж чадсангүй. Ливэрпүүлд ирсэн эхний улиралдаа 26 тоглолтонд оролцсон бөгөөд дараа дараагийн жилүүдэд Бирмингэм, Портсмут, Стоук ситид зээлээр тоглож байгаад 2007 онд бүрмөсөн явжээ.

№5 Андрэй Воронин /Байер Ливэркузен, үнэгүй/


Рафа Бэнитэзийн хийсэн ээлжит үнэгүй наймаа нь Воронин болсон бөгөөд түүнтэй 2007 онд 4 жилийн гэрээг анх байгуулжээ. Анх ирсэн жилдээ муугүй тоглолт үзүүлж, ихэвчлэн сэлгээнээс тоглолтонд оролцож байлаа. Тэр жилээ лигт 19 тоглолт хийж 5 гоол оруулсан ч Рафа түүнийг дараа жил нь Бундеслигийн Херта руу зээлж орхисон юм. 2009/10 оны улиралд эргэж ирэн цөөхөн тоглолтонд оролцсон бөгөөд удалгүй Украйн довтлогчийн Анфилд дэх замнал өндөрлөсөн.

№4 Стюарт Даунинг /Астон Вилла, 20 сая паунд/


Кэнни Далглиш, Дамиэн Комолли нарын “Британижуулах” хөтөлбөрийн тэргүүн сонголтоор нэрлэгдэн Анфилдад газардсан Стюарт Даунинг Ливэрпүүлд ирсэн эхний жилдээ АПЛ –т 0 гоол, 0 ассист гэсэн амжилт үзүүлсэн юм. Шүүмжлэлийн бай болж байсан Даунинг дараа жил нь Брэндан Рожэрсийн удирдлага дор улирлын сүүлийн хагаст давгүй тоглолт үзүүлсэн. Гэсэн ч энэ нь Рожэрст хангалтгүй санагдсан бололтой, хэдхэн сарын өмнө түүнийг 5 сая паундаар Уэст хэм рүү арилжсан билээ.

№3 Пол Кончэски /Фулхэм, 4 сая паунд/


Ливэрпүүлийн “хар дарсан зүүд” шиг үеийн гол дүр нь Пол Кончэски байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Рой Хожсон Ливэрпүүлийн зүүн арыг хариуцуулахаар Пол Кончэски гэх /өмнө нь хамт ажиллаж байсан/ Англи тоглогчийг сонгосон. Удалгүй Хожсон ч халагдаж, Кэнни ирснээр түүнийг тэр даруй өвлийн цонхоор зээлж орхисон бөгөөд тэр цагаас хойш Анфилдад харагдаагүй.

№2 Робби Кин /Тоттэнхэм, 19 сая паунд/


2008/09 оны улирал эхлэхийн өмнө багийн гол довтлогч Фернандо Торрэстой хослуулахаар АПЛ –ийн нөр их туршлагатай Ирланд довтлогч Робби Кинийг 19 сая паундаар Анфилдад авчирсан юм. Тэр жилийнхээ улирлын хагаст Робби 28 тоглолтонд оролцож 7 гоолыг оруулаад байсан ч Рафа түүнийг улирлын төгсгөлд зарах болзолтойгоор эргүүлэн Тоттэнхэмд нь зээлсэн. Гэхдээ энэ наймааг Рафа хийгээгүй, тухайн үеийн эзэд болон клубын удирдлагуудын шийдвэр гэж ярьдаг. Ямартай ч Ливэрпүүл Робби Киний оруулсан 7 гоолын төлөө 7 сая паундыг зарлагадсан нь үнэн. /19 саяар ирээд 12 саяар буцсан/

№1 Энди Кэрролл /Нью Кастл, 35 сая паунд/


Хөлбөмбөгийн түүхэнд дуулиан тарьсан 2011 оны өвлийн наймааны гол дүр нь Ливэрпүүл байлаа. АПЛ –ийн рекорд үнэ болох 50 сая паундаар Фэрнандо Торрэсийг Чэлси рүү явуулж, оронд нь Ливэрпүүлийн рекорд болох 35 сая паундаар Энди Кэрроллийг газардуулсан.

Английн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин, “35 сая” хэмээх шошготой Англи довтлогч Ливэрпүүлд хэрхэн тоглох бол гэдэг нь олны анхааралд байлаа. Магадгүй түүнд энэ нь том дарамт болж байсныг үгүйсгэхгүй, харамсалтай нь Кэррол Ливэрпүүлд гойд амжилт үзүүлж чадаагүй. Багт шинээр ирсэн мэнэжэр Брэндан Рожэрс өөрийнх нь философит нийцэхгүй гэх шалтгаанаар түүнийг Уэст хэм рүү зээлсэн бөгөөд энэ зун тэрээр Алхнуудын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдсэн.

Ямартай ч Британийг төдийгүй дэлхий нийтийг цочроосон энэ наймаанд Чэлси, Ливэрпүүл нэлээд “шатаж”, харин Шаазгайнуудыг хожсон гэлцдэг. Гэсэн ч хэсэгхэн хугацаанд Ливэрпүүлийн №9 –ийг зүүж явсан Том залуугаа муугаар хэлэх Копууд ховорхон байдаг биз ээ. Ман ситигийн эсрэг оруулсан дубль, цаг дуусахын өмнө Блэкбурны эсрэг оруулсан хожлын гоол, Уэмбли дэх Мэрсисайдын дэрбигийн хожлын гоолоор нь Копууд түүнийг дурсах болно.

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Бадруулc


URL:

Сэтгэгдэл бичих