Улс төрийг орхиж буйгаа албан ёсоор зарласан С.Баярын “хүн” МАН-ын дараагийн дарга болно
МАН-ын 27-р их хурал ирэх долоо хоногийн сүүлээр эхлэх гэж байна. Өнгөрсөн 8-р сард болсон бага хурлын үеэс МАН-ын шинэ даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд томилогдохоор болсон , фракциуд нэгдсэн зөвшилцөлд хүрсэн гэсэн дүгнэлт хэвлэлийн хуудаснаас салаагүй билээ.
Түүнтэй Ерөнхий сайд асан С.Баяр л өрсөлдөж магадгүй гэх болгоомжлол ч юм шиг, хатгаас ч юм шиг мэдээлэл мөн үүнтэй зэрэгцэн явж байв.
Тэр бүү С.Баяр ба “Жаст” групп, М.Энхболд тэргүүтэй хотын фракц нарыг тус тусад нь шалгах гэж буй тухай цуврал мэдээлэл гарах болсон нь ч санаандгүй хэрэг биш болох тухай эх сурвалжууд өгүүлж байсан юм.
Гэтэл яг МАН-ын их хурлын өмнөхөн С.Баяр улс төрөөс бүрмөсөн “зодог тайлж” буйгаа зарлан: ” Цагийн юм цагтаа гэдэг. Нэг урсгалд хоёр ордоггүй. “Энэ баагий одоо болиод өгөөсэй билээ” гэж ил далд чичлүүлж, нүдний булай болохгүй л юмсан гэж би боддог. Урд өмнө нэг амилуулсан дүрдээ хэт итгээд, түүнийгээ санагалзаад, тайз руу байн байн ухасхийгээд байх онцгүй. Дахин хэлъе. Би амбицаа татсан. Тэтгэвэртээ гараагүй тул чадсан ч, чадаагүй ч улс төр хавьханаар л эргэлдэх ёстой гэсэн явцуу бодол надад байхгүй. Тэгээд ч хий хоосон тэрсэлдсэн улс төрд оролцох орон зай, зав чөлөө, хүсэл бодол надад бүр байхгүй. Амьдрал баян. Хийх өөр ажил, тэмүүлэх өөр зорилго дэндүү олон байна цаана чинь.“ хэмээв.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар дээрх мэдэгдэл нь С.Баяр “тоглоом”-ноос гарч буйг биш харин өөрийн “хүн”-ыг МАН-ын дарга болгох гэж буйгаа илэрхийлсэн зүйл аж.
Тодруулбал С.Баяр, Сү.Батболд нарын лидерүүд “гэрэл цохиогүй хүн” буюу УИХ- дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдыг МАН-ын даргын төлөө М.Энхболдтой өрсөлдүүлэхээр шийдсэн юм байна.
МАН-ын их хурлын төлөөлөгчдийн бүтцээс харвал Н.Энхболд сонгогдох магадлал ч өндөр байгаа гэнэ.
Э.Явуу /sonin.mn/
URL: