Зээлийн гэрээний төслийг зөвшилцөв
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”-д гарын үсэг зурах тухай асуудлыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулсан юм. ДЭМБ-ын санаачилгаар 1999 оноос эхлэн “Тамхины хяналтын суурь конвенц”-ийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар тус байгууллагын гишүүн 192 улс санал нэгтэй баталж, 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж иржээ. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 174 улс энэхүү конвенцид элсээд байгаа. Эл конвенцийг дэмжин Монгол Улсын Засгийн газар 2003 онд гарын үсэг зурж, мөн ондоо УИХ соёрхон баталсныг НҮБ 2004 онд албан ёсоор бүртгэж авчээ.
Ингэснээр манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцид оролцогч тал болж, 2005, 2012 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар конвенцийн хэрэгжилтийг хангаж иржээ. Улс үндэстнийг дамнан явагддаг, тамхины хэрэглээний тархалтыг нэмэгдүүлж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар бий болгодог гол асуудал нь тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдаа юм.
Иймд Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах Протоколыг боловсруулах Засгийн газар хоорондын зөвшилцөх нэгжийг 2007 онд Тайланд Улсын Бангкок хотноо болсон Олон улсын Тамхины хяналтын суурь конвенцийн Оролцогч талуудын 2 дугаар бага хурлаар байгуулсан агаад тус нэгж нь Поротоколын төслийг 2012 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Тамхины хяналтын суурь конвенцийн 5 дугаар бага хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Уг төслийг дэлхийн 140 гаруй орны төлөөлөгч санал нэгтэй баталсан байна. Тус протоколыг дэмжин гарын үзэг зурах ажиллагаа энэ оны 1 дүгээр сарын 10-наас ирэх оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл явагдах юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт асууж үг хэлэх гишүүн гараагүй тул Протколд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк /АХБ/ хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын тавьсан хүсэлтийн дагуу АХБ “Хүнс, тэжээл, нийгмийн халамж” төслийг буцалтгүй тусламжийн хүрээнд 2008 оноос хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд АХБ-аас хүнсний талоны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9 сая ам.доллар, ядуу иргэдийг тодорхойлох судалгаа хийхэд 3 сая ам.доллар зарцуулжээ.
Уг төсөл амжилттай хэрэгжиж нийгмийн хамгааллын бүтцийг сайжруулах хүрээнд ядуу иргэдийг тодорхойлох судалгаа явуулсны үр дүнд ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд зориулж хүнсний талоны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард дуусгавар болох юм. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу 20 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролцоод байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр интернэтэд суурилсан нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, иргэд өөрсдийн оршин сууж буй газраас нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болно гэж сайд хэллээ.
Зээлийн 20 сая ам.долларын хөрөнгийг жилийн 2 хувийн хүүтэйгээр нийт 25 жилийн хугацаанд буцаан төлөх бөгөөд эхний 5 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Харин манай Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд 3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж. Төслийг 2014 оны 6 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл нийт 3 жилийн хугацааанд хэрэгжүүлж дуусна. Энэ асуудлыг өнөөдөр хуралдсан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн тухай санал, дүгнэлтийг гишүүн Ц.Баярсайхан танилцуулж, зээлийн гэрээний төслийг зөвшилцөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Б.Туул
URL: http://www.fact.mn/129959.html