Шинэ улирал, шинэ дүрэм, шинэ “од”

7340d3131559557fbigҮндэсний хоккейн лигийн 2013-2014 оны улирлын тоглолт эхлээд удаагүй байна. Улирлын тоглолт эхлээд багууд 5-8 тоглолт хийгээд байгаа ч одоогийн (2013.10.16) байдлаар лигийн 30 багаас “Сан Хосе Шаркс”, “ Колорадо Эвеланш” багууд л нэг ч хожигдолгүй явна. Энэ улирал олон шинэчлэлээр дүүрэн байгаа. Юуны өмнө багуудын бүс, хэсэгт өөрчлөлт орсон. Өмнө нь зургаан хэсэгтэй байсан бол энэ жил ердөө дөрвөн хэсэгт багууд хуваагдсан бөгөөд плей-оффт хэсэг бүрээс гурав гурван баг, үүн дээр оноо өндөр хоёр хоёр баг бүс бүрээс шалгарах журамтай болсон.

Үүнээс гадна тоглолтын дүрэм, журамд ч өөрчлөлт орлоо.  Тухайлбал хаалганы арын торны хэсгийн гүний хэмжээ тал талаасаа 12 см –ээр багассан. Ингэснээр хаалганы араас тойрч ирээд гоол оруулах, дамжуулалт өгөх боломж ихээхэн нэмэгдэж байгаа. Наяад оны хоккей сонирхогчдын сайн мэдэх, ЗХУ-ын шилдэг хоккейчдын нэг Сергей Макаров нэг их хаалганы араар тойрч ирээд л довтолдог байсан даа, тиймэрхүү арга барилтай хоккейчдод бол бүр ашигтай. Гэхдээ хаалганы ар тал, хашлага хоёрын хоорондох зайг нэмсэн нь давчуу   тэр зайнд тоглогчид хоорондоо мөргөлдөх их байдгаас гэмтэл бэртэл их авдгийг багасгах гол зорилготой.

Ер нь тоглогчдын аюулгүй байдалд ихэд анхаарсан өөрчлөлт түлхүү орлоо, энэ жил. Тухайлбал мэргэжлийн хоккейн салшгүй нэг хэсэг болох зодоон. Нэгэнт  фэнүүд балиашигуудын цөсийг хөөргөдөг энэ “үзвэр”-ийг шууд хориглож болохгүй учир ядаж зодолдохоосоо өмнө дуулгаа тайлахыг хориглов.  Тоглолтын үед “дургүй хүргэсэн” эсрэг багийн тоглогчтой “эр хүн шиг” үзэхээр бээлий, дуулгаа тайлаад хаяж байдаг даа. Хамгаалалтын дуулгагүй тоглогч мөсөн дээр толгой, дагзаараа унаж хүнд бэртэл авах тохиолдол цөөнгүй гардгаас ийн журамд орууллаа. Бас ҮХЛ-д 25 тоглолт хийгээгүй бүх тоглогчид заавал нүд, хамар хамгаалдаг “visor” буюу тунгалаг хуванцар хамгаалалттай байхыг “хуульчлан” өглөө.

Мөн проброс буюу “айсинг” –ийг хажуугийн шүүгч хамгаалагч шайбанд хүрээгүй байсан ч зогсоож болох болсон нь бас л тоглогчийн аюулгүй байдалтай холбоотой . Хамгаалж буй баг эсрэг багийн зоон руу хоёр шугам давуулан цөлдөг дөө. Энэ шайбанд довтолж буй багийн хамгаалагч, хамгаалж буй багийн довтлогч нар хэн нь түрүүлж хүрэх вэ гээд хурдаа үздэг. Хэрэв хамгаалагч шайбанд түрүүлж хүрвэл тоглолтыг зогсоож эсрэг багийн бүсэд эхлүүлдэг, довтлогч түрүүлж шайбанд хүрвэл тоглолтыг үргэлжлүүлдэг байсан билээ өмнө нь. Шайбны төлөө асар их хурдтай уралдсанаас бас л хүнд гэмтэл бэртэл ихээхэн авдаг. Шинэ дүрмээр бол хаалганы шугамд шайб хүрсэн л бол хамгаалагч хүрсэн хүрээгүй зогсоодог боллоо. Ер нь ҮХЛ-ийн тоглогчдийн аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч, цагтаа шилдгүүдийн нэг байсан Брэндан Шэнахэн “ажлаа” сайн хийсэн гэхэд болноо.

Тоглолтын дүрмээс гадна тоглогчдын хувцас хэрэглэлээ зөв зохистой, дурмийн дагуу өмсөх заалтууд бас орсон бөгөөд хаалгачны хөлний хамгаалалт буюу “шитокны” хэмжээг багасгасан. Энэ мэтчилэн олон арван “өөрчлөлт, шинэчлэлийг” өөрөөсөө эхэллээ, НХЛ.

За энэ дүрэм , журам өөрчлөгдөж , шинэчлэгдэж л байдаг зүйлс.  Харин шинэ улиралд ямар баг тэргүүлэх, цаашлаад Стэнлийн цомыг хэн хүртэх нь мэдээж хамгийн гол сэдэв билээ, хоккей сонирхогчдод.

Стэнлийн цомын  2013 оны аварга “Чикаго Блэк Хоукс”, “Лос Анжелес Кингз”, “Питтсбург Пингвинз”, “Бостон Брюинз”, “Нью Йорк Рейнжерс” , “Сент Луис Блюз” багуудын хооронд энэ улирлын гол өрсөлдөөн өрнөж, тэднээс аль нэг нь аваргын цомыг хүртэнэ гэж олон мэргэжилтнүүд, тоймчид үзэж байгаа. Багийн бүрэлдэхүүн, тоглолтын туршлага , тактикт тулгуурласан судалгаа тул нэг их хол зөрөхгүй байх.  “Оттава”, “”Колорадо” багуудыг ч бас дурьдахгүй өнгөрч боломгүй.

Энэ улирлын бас нэг онцлрг бол ҮХЛ-ийн багтай хот болгонд бусад багууд нь бүгд доор хаяж нэг ирэх болохоор балиашигууд ямар ч багийг “амьдаар” нь харах боломжтой. Улирал эхлэх дөхөнгүүт хоккейн фэнүүд л энэ улиралд “нутагтаа” болох 41 тоглолтоос алийг нь ордонд үзэх вэ гэж  “Барбарос төлөвлөгөө” боловсруулж  эхэлдэг байх. Миний хувьд лав тийм зуршилтай. Мэдээж улирлын тасалбар аваад 41 тоглолтыг үзэх цаг зав, боломж  тэр болгон гарахгүй. Баг болгоны тасалбар өөр өөр үнэтэй бөгөөд миний суугуул Бэй Аэриа орчмыг төлөөлдөг “Сан Хосе Шаркс”-ын улирлын тасалбар суудлаасаа хамааран 1144-9064 ам. долларын үнэтэй байна. Нэг тоглолтын дундаж үнэ 60 орчим ам.доллар.  Үүнээс гадна 10 тоглолтын багц тасалбар 300-900 доллар болно. Гэхдээ энэ багцад сайн багуудын дунд сулхан багуудыг хавчуулсан байдаг тул бас л тохиромжтой биш миний хувьд. Ингээд “өдөр судрыг” нь хараад, ажил төрлөө бодолцоод 10 орчим тоглолт “шилж” үзэх төлөвлөгөө гаргав, энэ улиралд.

Юуны өмнө “Origin six “ буюу ҮХЛ-ийн үндсэн зургаан баг болох “ Монреаль Канадиенс”, “Бостон Брюинз”, “Детройт Ред Уингз”, “Нью Йорк Рейнжерс” , “Чикаго Блэк Хоукс”, “Торонто Мэйпл лифз”-ийн манайд зочлох буюу “Сан Хосе Шаркс”-тай тоглох тоглолтыг үзэх сонголт хийлээ. Эдгээр багуудыг яагаад “Origin six” гэх болсныг сүүлд дэлгэрэнгүй тайлбарлая. За тэгээд өөрийн шүтээн “Аугаа Нэг” Уэйн Гретцкийн тоглож байсан багуудыг,тэгээд өнөө цагийн # 1  хайртай тоглогч Сидни Кросбигийн “Питтсбург пингвинз” –ийг гарцаагүй үзэх ,  NHL Stadium Series  буюу гадаа талбайд болох цувралын “Лос Анжелес Кингз”-“Анахайм дакс”-ын тоглолтыг харчих зорилт тавилаа.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн үдэш “төлөвлөгөө” ёсоор “Шаркс” –“Рейнжерс”-ийн тоглолтыг үзэхээр Сан Хосе хотын SAP Center  руу гараад давхичихлаа. Манай “Акулууд” хоёр дараалан хожиж, гараагаа сайхан эхэлсэн болохоор урамтай ч гэж жигтэйхэн.  “Нью Йорк Рейнжерс” энэ жил “дарангуйлагч” дасгалжуулагч Жон Тортореллиг “демократ” Ален Виньогоор сольсноор багийн уур амьсгал ихээхэн “дулаарч” , дээгүүр тоглох  багийн нэгд тооцогдож буй. Лигийн төдийгүй дэлхийн шилдэг хаалгачийн нэг Хенрик Лундквист гээд элит хаалгачтай , Рик Нэш, Брэд Ричардс нарын шилдэг довтлогчтой энэ баг хэзээд лигийн хүчтэй, бэлтэй багуудын нэгд тооцогдсоор ирсэн. Тиймээс ч халуухан “тулаан” болох байх гэсэн бодол төрж байлаа.

Үнэхээр ч тоглолт эхлээд удаагүй байтал “Рейнжерс”-ийн Ричардс эхний шайбыг оруулснаар энэ бодлыг маань улам лавшруулж орхисон юм. Тэгтэл “ёстой юу болоод өнгөрөв өө” гэдэг болж “Шаркс” тэр дор нь тоог тэнцүүлсэн. Улмаар тоогоо  ахиулан ахиулсаар 9:2 -оор бут ниргэсэн билээ. Цусны үнэр авсан “махчин загас” яах аргагүй мөн дөө.  Энэ өдөр “Шаркс”-ын  фэнүүд магнай хагартлаа баярласнаас гадна, нэгэн шинэ “од”-ыг  “мэндлэхийг” харж,  шинэ рекордын гэрч болов. Томаш Хертл хэмээх 19 настай чех залуу энэ орой хоккейн ертөнцөд нэр алдраа чанга зарлан орж ирлээ. Жилийн өмнө буюу 2012 онд  ҮХЛ-ийн драфтаар нэгдүгээр шатны 17-д бичигдэн “Шаркс”-т данстай болсон ч түүнийг “акул”-ын удирдлагууд Чехэд дахин нэг жил тоглуулсан нь оновчтой шийдвэр байж. Харин өнгөрсөн зун түүнийг албан ёсоор дуудан гэрээ байгуулснаар “Шаркс” –д нэгэн шинэ тоглогч нэмэгдсэн билээ. ҮХЛ-д хашир туршлагатай тоглогчид ч дасан зохицох гэж нилээд хугацааг туулдаг бол Томаш ёстой л “гэрлийн хурдаар”  лигид нэрээ цуурайтуулж эхэллээ. NHL-д хийсэн анхны тоглолтдоо л гоолын дамжуулалт өгч, хоёр дахь тоглолтод хоёр шайб оруулан тоглолтын гол баатраар шалгараад амжсан тэрбээр дөрөв дэх тоглолт буюу ”Рейнжерс”-ийн хаалганд бүүр дөрвийн дөрвөн шайб хийж, өвөрмөц амжилтын эзэн болов. Ялангуяа түүний дөрөв дэх гоол хоккейн ертөнцийн гол сэдэв болоод байна. Хоёр хөлнийхөө дундуур шайбаа болон цохиур модоо  оруулан хаалга руу шидэн оруулсан гайхамшигт энэ гоолын бичлэгийг хэдийнээ 4,5 сая  хүн ҮХЛ-ийн сайтаас, Youtube-ээс 950 мянган хүн үзээд амжсан байна. Тэгвэл энэ “супер гоолыг” нүдээрээ дэргэдээс нь харсан нь үнэхээр ховор аз байлаа.

Хертл тав дахь тоглолтод дахин нэг шайб,(“Оттава”-тай хийсэн энэ 5  дахь тоглолтод Томаш хөнгөн бэртэл аваад бүтэн тоглож чадаагүй билээ ) өнөөдөр болсон 6 дахь тоглолтод оновчтой дамжуулалт өгсөн. ҮХЛ-ийн “мэргэн буучдын” жагсаалтыг 19 настай чех залуу Хертл 7 шайбтай тэргүүлж, Овечкин, Кросби нар түүний ард бичигдэж байна, ямар ч байсан одоогоор.

 

 

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин. Сан Хосе, SAP Center


URL:

Сэтгэгдэл бичих