“НУУЦ” ШИНЭЧЛЭЛ
МАН-ын шинэчлэл гэж “нэг их нууц” юм байна. Хөтөлбөр боловсруулж байгаа, өргөн барьж байгаа гэж ярина. Тэрийг нь мэддэг хүн байдаггүй ээ. Дүрэм боловсруулж байгаа, өргөн барьж байгаа гэж ярина. Тэрийг нь мэддэг, ямар чиглэлээр өөрчилж байгааг тайлбарлах хүн байдаггүй ээ. 7 ажлын хэсэг өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэж ярина. Ажлынхаа зах зухаас ярих таниулах ганц ч хүн байдаггүй ээ. Би “танилцах” гээд байгаа юм биш л дээ. Учир нь надад хангалттай мэдээлэл байдаг. Харин наад гишүүд, дэмжигчид чинь мэдэж байх ёстой биз дээ. Тас харанхуй, ямар ч бэлтгэлгүй Их Хуралдаа орохоор төлөөлөгч нар чинь мал болоод Намын Шинэчлэл чинь лөөлөө л болдог байхгүй юу…
Хөтөлбөр
Хөтөлбөр гэж зорьсон юмыг хэлдэг юм. Тэрнээс биш математик загварыг хэлдэг юм биш. Сүүлийн хэдэн жил эдийн засгийн ном уншсан хэдэн мангуунууд загвар гэдэг солио өвчин тусав. Хэрэв загвар хэрэглэх дуртай юм бол монголын нийгмийг бүхэлд нь системийн хувьд шинжилсэн байх ёстой. Та нар эдийн засгийн шинжилгээ ч бүтэн хийчихэж чадахгүй хэвтэж нийгмийн системийн шинжилгээ хийсэн гэвэл ёстой гонжгор нь.
Анализ хийгээгүй байж прогноз хийдэг хаанахын ёс юм. Гадаад загвар авах дон туссан Сангийн яамны хэдэн дураакуудын аль олон жилийн өмнө авсан зүйлийг зүтгүүлэхийн хэрэг юу байгаа юм. Эдийн засгийн загварыг нийгэм-улс төрийн хөтөлбөр гэж зүтгэдэг, чингэхдээ олон жил дараалан зүтгэдэг бол үхэр зан мөнөөс мөн.
Намаа шинэчилж байна гээд 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргаад тавьчихдаг Та нар шиг усан тэнэг энэ ертөнцөд байхгүй. АН хуулчихвал Та нар уйлана, харин би бол шоолж инээнэ. Мэдээж ш дээ.
Намын мөрийн хөтөлбөр гэдэг бол эдийн засгийн программ гэхээсээ илүү үзэл суртлын (үзэл санааны) цогц систем байдаг юм. Тэгээд ч намын хөтөлбөр, төрийн хөтөлбөр хоёр шал өөр байдаг юм, малууд аа.
Ийм л байна. Шууд хэлэхэд Та нарын ухаанд үнэхээр ухна ишиг үхжээ.
Дүрэм
МАН-ын Удирдах Зөвлөл одоо 30 гаруй гишүүнтэй. С.Баярын “шинэчлэлийн” үед “мал малын захаас” оруулаад ийм болгосон юм. Ийм “өргөн дэлгэр” бүрэлдэхүүнтэй байгууллага ямар ч шийдвэр гаргах боломжгүй. Нэг хурлаар нэг хүн 5 минут үг хэллээ гэж бодоход 150 минут хуралдана. Ийм мангар байгууллага энэ дэлхийд байхгүй. Үнэн хэрэг дээрээ шийдвэрийг хэн хэн гаргадгийг нэг бодоод үз л дээ. 3-4 хүн л гаргадаг байхгүй юу.
Үүнийгээ дагаад Намын Бага Хурал нь бас л мал малын зах болж, “хонины найр” хийдэг.
Ийм юмыг чинь ямар юмных нь нам мам гэдэг юм.
Дүрэм бол эрх мэдлийн тодорхойлолтууд биш, харин үйл ажиллагааны механизм байдаг юм…
Шинэчлэлийн тухай
Ер нь бол юу ч хийхгүй зүв зүгээр суугаад байсан ч шинэчлэл болдог юм. Яагаад гэвэл эргэн тойрон бүх юм урсан өөрчлөгдөж байгаа. Цаг хугацааны хэрчимд болох энгийн өөрчлөлт бол шинэчлэл биш юм.
Харин байнга өөрчлөгдөн буй орчин нөхцөлд дасан зохицох, эсвэл орчин нөхцлийг өөрчлөхийн тулд өөрийгөө бүхэлд нь өөрчлөхийн хамт орчноо өөрчлөх эрс үйлдэл хийж байгааг шинэчлэл гэнэ.
Энэ бол системийн онолын ойлголт гэдгийг онцлон дурдаж байна.
Үүнийг МАН огт мэдэхгүй байна. Юу ч уншихгүй, мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй мангуу болохоор ингэх нь аргагүй. Мэдэхгүй болохоороо өдөр болгон хольж байна. Хөзөр холиогүй хувь заяагаа хольж байгаа болохоор өрөвдөлтэй байна. Мөн өөрийнхөө биш, бидний хувь заяагаар тоглож байгаа болохоор дэндүү аюултай байна.
Шинэчлэлээ ойлгохгүй байж шинэчлэнэ гэдэгт итгэхийн аргагүй…
Үүнийг яахав, дүүрч гэж бодъё. Тэгвэл яахаараа ил тод гэж өдөр болгон бахирчихаад шинэчлэлээ “нууцаар” хийдэг юм ?! Одоо болтол МАН шинэчлэлийн нэг ч баримт бичгээ олон нийтэд танилцуулсангүй. Ингэсээр байтал Их Хурал нь боллоо ш дээ. Энэ чинь төрийн, цэргийн нууц биш биз дээ.
Эндээс дараах дүгнэлтүүд гарна:
1. МАН шинэчлэлийн баримт бичгүүдээ боловсруулж чадаагүй, амжаагүй, хийгээгүй, ач холбогдол өгөхгүй байна.
2. МАН дотор ердөө л даргын төлөө өрсөлдөөн болж байна.
3. МАН-ын шинэчлэлд итгэх үндэслэл тун бага байна.
4. МАН-ын шинэчлэл нурахад АН дагаад нурна.
5. МАН, АН хоёр сиамын ихэр учраас салгах боломжгүй.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 10 дугаар сарын 15.
URL: