Эмэгтэйчүүдийн эрчүүдээс илүү хийдэг 10 зүйл

new photo

Эрэгтэй эмэгтэй хүмүүс зөвхөн бие физиологийн төдийгүй сэтгэл санаа, амьдралын хэв маяг зэргээрээ маш их ялгаатай. Хэдийгээр яг таг ийм тийм гэсэн ялгааг хэлэх нь хэцүү ч ерөнхий нийтлэг ялгарах онцлогууд бий. Эдгээрээс зүгээр нэг цуу яриа биш, тодорхой судалгаа, баримтад тулгуурласан сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү машин барьдаг

Эмэгтэйчүүд ямагт муу жолооч байдаг гэсэн нийтлэг ойлголт үеэ өнгөрөөх нь бололтой. Carniege Mellon их сургуулийн судлаачид замын хөдөлгөөний асар их статистик, баримтуудыг судалсны үндсэн дээр машины ослоор нас барж байгаа эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 77 хувиар их байжээ. Мэдээж ур чадварын хувьд дутмаг гэгддэг ч бүсгүйчүүд маань эрчүүдийг бодвол арай илүү болгоомжтой, ном ёсоор нь барьдаг аж.

Царай тогтоохдоо эрчүүдээс илүү

Ohio State их сургуулийн судлаач, сэтгэл зүйч Terrence Horgan өөрийн туслахуудын хамт хийсэн судалгааны үр дүнд үүнийг олж нээжээ. Эмэгтэйчүүд болон эрчүүдэд хүмүүсийн царайг нэг л удаа харуулаад дараа нь тодорхойлуулахад эмэгтэйчүүд илүү нарийн, бодитой хэлж байсан гэнэ. Энэ судалгааны ажил Personality and Social Psychology Bulletin сэтгүүлд нийтлэгджээ.

Багаар ажиллахдаа эрчүүдээс илүү

Үүнийг мэдээж үгүйсгэх аргагүй ч иш баримттайгаар дурдах нь зүйтэй юм. Edinburgh болон Lausanne их сургуулийн Rolf Kuemmerli тэргүүтэй эрдэмтэд үүнийг тогтоожээ. Тэд 100 оюутнаар тусгай тоглоом тоглуулахад эмэгтэйчүүд эрчүүдээс 2 дахин илүүтэйгээр бусадтгайгаа хамтран ажиллаж чадаж байсан байна.

Эрчүүдээс их иддэг

Хэдийгээр хүн хүний хооллох зуршил ондоо боловч ерөнхий байдлаар хийсэн нэгэн судалгаанд сонирхолтой үр дүн гарчээ. Мэдээж эрчүүд их иддэг гэсэн ойлголт хаа сайгүй байдаг, харин Minnesota-ийн их сургуулиас явуулсан 14000 америкчуудыг хамруулсан энэхүү судалгаанд эмэгтэйчүүд эрчүүдээс их иддэг болж таарсан байна. Гэхдээ нэг дор их биш, тодорхой хугацаанд бага багаар олон удаа иддэг юм байна.

Хугацаатай даалгавар биелүүлэхэд эрчүүдээс илүү

2006 онд Vanderbilt их сургуулийн судлаачид хэсэг хүмүүсээс хугацаатай IQ тест авчээ. Дүн гаргахад эмэгтэйчүүдийн оноо эрчүүдээс илүү байв. Харин хугацаагүй IQ тест авахад нэг их онооны зөрүү гараагүй байна. Эндээс эмэгтэйчүүдийн тархи хурдан ажилладаг гэж дүгнэж болохоор ба энэ тухай Intelligence сэтгүүлийн тус оны 5 сарын дугаарт хэвлэгджээ.

Эмэгтэйчүүд хосын харилцаагаа илүү үнэ цэнэтэй авч үздэг

Hebrew их сургуулийн 97 хосыг оролцуулсан судалгааны үр дүнд өөрсдийн харьцаагаа тодорхойлохдоо эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухамсартай, мэдрэмжтэй ханджээ. Харин эрчүүдийн өөрсдийн харилцаандаа ач холбогдол бага өгч байгаа байдал ажиглагджээ.  Энэ судалгаа Sciencedaily сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү яридаг

Хэдийгээр энэ бараг тодорхой болсон ойлголт боловч бодитой судалгааны баримт дурдъя. Калифорнийн их сургуулийн судлаач Louann Brizendine-ийн олж тогтоосноор эмэгтэй хүн эрчүүдээс гурав дахин их буюу өдөрт ойролцоогоор 20000 үг ярьдаг юм байна. Харин эрэгтэй хүн 7000 орчим л үг ярьдаг гэнэ. Энэ ялгаа нь нийгмийн гэхээсээ илүү биологийн хүчин зүйл буюу анх үр хөврөл бүрэлдэж эхлэх үед л бий болдог ажээ.

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү суралцдаг

Сургуульд нийт сурагчдын сурлагын дундаж үзүүлэлтийг аваад үзэхэд охидууд илүү байдаг. Edge Hill их сургуулийн судлаач доктор Simone Kruger-ийн алсын зайн тусгай сургалтад суурилсан судалгаанд эмэгтэй сурагчид санаа бодол, туршлагаа бусадтайгаа хуваалцах тал дээр илүү байсан бөгөөд ингэснээрээ эрчүүдээс илүү үр дүнтэй суралцжээ. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн уйгагүй, тэвчээртэй занг дурдах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалтын салбарт эмэгтэйчүүд илүү

Мэдээж хөрөнгө оруулалтын салбарт эрчүүд олон. Харин энд тоо биш, чанар яригдана. Хөрөнгө Оруулагчдын Корпорацийн Үндэсний Холбооноос (NAIC) Калифорнийн их сургуульд өгсөн судалгаанаас үзвэл энэ салбарт эмэгтэйчүүд эрчүүдээс 1.4%-иар илүү олдог нь тогтоогджээ.

Эмэгтэйчүүд илүү стрессээ тайлж чаддаг

Psychological Review сэтгүүлийн 2000 оны дугаарт нийтлэгдсэн Калифорнийн их сургуулийн судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стресс тайлах байдалд биологийн болон хэв маягийн ялгаа байгааг цохон тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд стресст орсон үедээ бусадтай харилцах, ярилцах зэрэг нийгмийн харилцааны аргууд сонгодог нь ихээхэн үр дүнтэй байдаг юм байна. Харин эрчүүд ихэнхдээ стрессээ өөртөө “хадгалдаг” аж.


URL:

Сэтгэгдэл бичих