Эмээлтэд өдөрт 20-30 удаа газар хөдөлж байжээ

Эмээлтэд өдөрт 20-30 удаа газар хөдөлж байжээ

Нийслэлээс холгүйхэн байрлах Эмээлтээс баруун хойш 10 гаруй километрийн зайд уржигдар шөнө 3.5 магнитудын газар хөдөлжээ.

Энэ төрлийн газар хөдлөлт нь тодорхой хэмжээний доргилт мэдрэгддэг бөгөөд баллаар хэмжвэл тав орчим баллтай тэнцэх хэмжээний газар хөдөлжээ.

Уг газар хөдлөлтөөр хүний амь нас хохироогүй бөгөөд ганц, хоёр айлын тоосгон яндан нурсан гэх мэдээллийг эх сурвалж өгүүлж байгаа юм.

Нийслэлд газар хөдлөлтийн идэвхтэй хоёр бүс байдаг аж. Тодруулбал уржигдар газар хөдөлсөн Эмээлт орчим, мөн Гачууртын ойролцоох Гүнжийн хагарал хэмээх газар байдаг ч Эмээлт орчмын газар маш идэвхтэйд ордог байна.

Уг газарт газар хөдлөлтийн идэвхтэй байдал өнгөрсөн 2004 оноос ажиглагдсан бөгөөд жил бүр харилцан өөр байдаг байна. Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эмээлт орчимд өдөрт л гэхэд 20-30 удаа газар хөдөлж байжээ.

Тэгэхээр нийслэлээс холгүйхэн газар хөдлөлтийн хоёр ч идэвхтэй бүс байгаа ч Улаанбаатар хотын төв гэгдэх Чингисийн талбайгаас урагшаа туул хүртлэх зайд газар хөдөлсөн гэх бүртгэл өнөөдрийн байдлаар байхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл нийслэлийн төв маань газар хөдлөлтийн идэвхгүй бүсэд багтдаг байна.

Ж.Баттуул


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих