Ил задгай наймаа эрхлэгчдэд 400 мянган төгрөгний цалин санал болгов
Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй “ТҮЦ”-үүдийг нүүлгэхийг нь нүүлгэн, нураахыг нь нурааж буй. Өнгө үзэмж талаасаа тэдгээр “ТҮЦ”-үүд ил задгай худалдаа эрхлэгчдээс арай л “цэмцгэр” харагддаг.
Гар дээрээс наймаа эрхлэгчид хотын төвийн өнцөг булан бүрт өнгө алаглуулан, цаасан хайрцаг дээр бараагаа өрж, зарим нь машин дотроос бизнесээ эрхэлнэ. Албан байгууллагууд, автобусны буудал бараадан байрладаг эдгээр наймаачдийг тоо нэмэгдэхийн хэрээр асуудал үүссээр байна.
Хотын өнгө үзэмжийг шинэчлэхийн тулд олон байгууллага ажилладаг. Хотод барилга, хөшөө, усан оргилуур сүндэрлэж, наймаачид лангуугаа урдуур нь муруй хазгай засна. 2011 оноос МХЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагууд бага тойруу, Анкарагийн гудамж, төв музейн хэсгээр байрлах “ТҮЦ” болон ил наймаа эрхлэгчдэд сануулга өгч эхэлсэн байна.
Тухайн үед тэд “Амьдралаа залгуулж байна” гэдэг тайлбарыг хийж, гуйсан болохоор ил зарахыг хориглож далд газар байрлах санал тавьжээ. Гэтэл орон сууцны голд байрласан наймаачдыг хог тарьдаг хэмээн иргэд гомдол гаргадаг болсон байна.
Хаана ч байсан гомдол дагуулж, асуудал үүсгэдэг талаар Чингэлтэй дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Булган хэллээ. Энэ асуудал олон жил дамнасаар өдгөө хүрэв. Нэг асуудлийг олон ярихаар улиг болдог тул хүмүүс ч үүнийг асуудал гэж үзэхээ больжээ.
Мэдээж худалдан авагчид байгаа болохоор худалдаачид ихэснэ. Бохь, чихэрнээс эхлээд сальфетик, савангийн хэрэглээг нь хямд, байгууллагатай нь ойр зардаг болохоор худалдан авагчдад амар байдаг биз. Түүнчлэн тамхины хуулийг зөрчиж, зөрчүүлж буй хамгийн том “байгууллага” бол тэд.
Ил задгай худалдаа эрхлэгчид нууцаар хууль зөрчдөг гэсэн үг. Үүнийг нь худалдан авагчид андахаа больсон. Болохгүй гэдгийг сануулсан зарим хүнд хатуухан үг хэлчихээд, тоохгүй зарна. Хуульд тамхи зарж болохгүй гэж заасан болохоос нууцаар зарж болохгүй гэж заагаагүйг тэд харуулж байна.
Ийнхүү зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гээд ил задгай наймаа эрхлэгчдийн асуудлыг тоочоод барамгүй. Наймаагаа эхэлсэн үеэс “амьжиргаагаа залгуулдаг” гэх тайлбарыг хийсэн тэд одоо ч энэ хэвээрээ. Алхам бүрт таарах өнгө өнгийн барааны наймаа улам бүр өргөжиж байна.
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг худалдагч, худалдан авагчид ч тоохоо больсон. Нураана, нүүлгэнэ гэж ярьж л байдаг, тэд байж л байдаг. Энэ талаар хотын захирагчийн ажлын албанаас асуухад “ТҮЦ, ил задгай наймаа эрхлэгчдэд хэн ч зөвшөөрөл өгдөггүй. Бид удаа дараалан нүүлгэх, буулгах ажил хийсэн.
Дүүргүүдийн холбогдох хүнээс асуу” гэв. “Нийслэлийн захираг- чийн албанаас төв зам дагуу байгаа зөвшөөрөлгүй павильон, контейнер ТҮЦ-үүдийг буулгах “Хашаа” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоох, “Тэнгис” кино театрын өмнөх автобусны буудлын ойролцоох ТҮЦ-үүдийг буулгаж, ил задгай наймаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл тоглож байгаа юм шиг тэд ахиад л гараад ирдэг.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Булган “Ирэх сарын 1-нээс бид ЦЕГ-тай нийлж бүх ТҮЦ, ил задгай наймаа эрхлэгчдийн үйл ажиллагааг албадан зогсоохоор болсон. Олон удаа сануулга өгсөн. Одоо энэ асуудлыг нэг мөр шийднэ” хэмээлээ.
Энэ удаад албаныхан “амжиргаа залгуулдаг” гэх тайлбарыг ойшоолгүй бүгдийнх нь ажлыг зогсоох аж. Учир нь наймаачдад сарын 400 мянган төгрөгийн цалинтай ажил санал болгоход татгалзсан хариу өгсөн байна. Наймаачид энэ мөнгийг хэдхэн хоногт олдог учир татгалзах нь аргагүй биз.
Уг нь түрээс төлөөд, зөвшөөрөлтэй газар наймаа хийх арга тэдэнд бий. Гар дээрээс наймаа эрхлэгчид түрээс төлдөг, дэлгүүрийн наймаачдад ч төвөг уддаг. III,IV хороолол “том” дэлгүүр, машины тээшээр дүүрэн хувцас зардаг худалдагчаар дүүрэн.
Гудамжаас нь авсан хувцас “Москва”, “Ачлал”, “Апекс” дэлгүүрүүдийн хувцастай яг ижил. Энэ талаар дэлгүүрийн худалдагч Б.Чуулуунчимэг “Манай лангуу маш өндөр түрээстэй. Бараагаа ч өндөр үнээр худалдаж авдаг. Гэтэл авчирсан барааны хулхи хувилбарыг гудамжинд зараад эхлэх юм.
Ингэхээр худалдан авагчид эрс буурдаг. Бид цагдаагийн газрынхтай нийлээд өчнөөн арга хэмжээ авсан боловч дийлээгүй” гэв. Түрээс төлдөг наймаачид ч амьжиргаагаа залгуулах гэж ажил хийж байгаа.
Зөвөөр амьдарч байгаа хүмүүс нь хохирч, зөвшөөрөлгүй наймаачид 400 мянган төгрөгийн цалин голж амьдарч байна. Энэ талаар ил задгай наймаа эрхлэгчид “Бараг өдөр бүр цагдаа нар ирээд биднийг сүрдүүлдэг. Монголд зөвшөөрөлтэй газар хаана байна. Засгаас биднийг өөрсдийгөө тэжээ, ухамсартай амьдар гэж уриалдаг.
Үүнийх нь дагуу амьдрахаар буруу гэнэ. Бид гэр бүлээ тэжээх гэж ядарч явна. Өндөр түрээс төлөөд лангуу худалдаж авах мөнгө байхгүй” хэмээн хэллээ. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй, бусад наймаачиддаа төвөг удахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан худалдаачид бий болгохоор жилээс жилд “ажлын хэсэг” байгуулж ажиллаж байна.
URL: