Италийн компаниуд ноос, ноолууран бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтээ илэрхийлэв

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Итали, Монголын бизнесийн холбооны тэргүүн Арманда Бранчиниг өнөөдөр /2013.10.16/ хүлээн авч уулзлаа. Итали Улсын томоохон компаниуд Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг ноён Арманда Бранчини илэрхийлэв.
Тэрээр “Бид дээд зэргийн чанарыг эрхэмлэдэг хүмүүс. Энэ чанар зөвхөн Монгол Улсад л байна. Монголын ноос, ноолуурын үйлдвэрийн чадамж одоо байгаагаасаа илүү байх ёстой. Гэвч үйлдвэрлэл, борлуулалтын маркетинг менежмент дутагдаж байна” гэдгийг хэлээд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэн өөрийн улсад хамтарсан үйлдвэр байгуулах хүсэлтэй байгааг дуулгасан юм.
   Мөн уулзалтад оролцсон “Буян” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан Монгол Улс түүхий эд болон гадаад худалдаанд хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Тиймээс  Италийн талтай хамтран үйлдвэр байгуулах ажлыг дэмжих хэрэгтэй байна гээд үүний тулд УИХ-аас энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан хууль эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч ажиллах хүсэлт тавилаа.
   УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж хуулинд зохих өөрчлөлтүүд оруулах боломжтой, харин дэд ажлын хэсгийг хоёр орны Засгийн газрын салбарын яамд, бизнесийн холбоодын төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах нь зүйтэй юм гэдгийг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

URL:

Сэтгэгдэл бичих